Ц.Элбэгдорж яагаад АН-ын гишүүнчлэлээ сэргээхгүй удна вэ?
МАХН (МАН)-ын гишүүн Пунсалмаагийн Очирбат 1990 онд БНМАУ-ын анхны Ерөнхийлөгчөөр сонгогдож, 1992 онд АИХ шинэ Үндсэн хуулийг баталснаар Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээн албан ёсоор нэрийдэх болсон юм.
1993 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН Лодонгийн Түдэвийг дэвшүүлснийг ардчилсан хүчин овжноор ашиглаж П.Очирбатыг ятгаж дөнгөв. Ялалт нь ч ирэв. Тэрбээр 1993 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа Тамгын газрын даргаараа М.Энхсайханыг сонгон томилж байлаа. Нэг ёсондоо АН руу сэтгэл санаа нь эргэлт буцалтгүй ингэж эргэлээ. 1997 онд МАН-аас нэр дэвшигч Нацагийн Баганбандид ялагдсаныхаа дараа ч АН-ын гишүүн хэвээрээ үлдэж, үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцох болсон юм. Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр сонгогдож нэлээдгүй хугацаанд ажилласан нь ч намынх нь хайр хишгийн нэгэн илэрхийлэл биз ээ.
Монгол Улсын хоёрдахь Ерөнхийлөгч Н.Багабандийн хувьд бүрэн эрхээ хэрэгжүүлж байх хугацаандаа МАН-ын дарга Н.Энхбаяртай харилцааны хувьд төдийлөн тааламжтай байгаагүй талаар улстөрийн хүрээнд яригддаг байлаа.
1997 онд МАН-ын дарга Н.Багабандийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших үед намын генсек Н.Энхбаяр Монголын үйлдвэрчний эвлэлийн Соёлын төв ордонд болсон иргэдийн уулзалт дээр хэлсэн үгэндээ “Бидэнд хээгүй биш хийгүй Ерөнхийлөгч хэрэгтэй” гэсэн нь Н.Багабандийн имижийг тодорхойлоод зогсохгүй сонгуулийн ялалтад хүргэх хамгийн чухал пиар болсон гэдэг. Үнэндээ Ерөнхийлөгч Н.Багабандиас ямар нэгэн хий олж харахад хэцүү байлаа. Гэхдээ Н.Энхбаярын нэр нөлөө нам дотроо хэтэрхий хүчээ авч, энэ хэрээр эр бяраараа ааглах маягтай болж эхэлсэн нь Н.Баганбандид таатай санагдахаар байгаагүй биз. “Урт шар дээлтэй хүнээс болгоомжил” гэж битүүлэг хэрнээ адармаатай үгийг нь Н.Энхбаярт зориулагдсан гэж харддаг, угаасаа ч тэгж харагддаг, ойлгогддог байв.
МАН 2000 оны сонгуулиар 72 суудал авсан хэрнээ 2004 онд ердөө 35-хан суудалтай үлдсэнийх нь дараа Ерөнхийлөгч Н.Баганбанди “Монголчууд шинэ сонголт хийлээ. Ард түмний сонголт эцсийнх байдаг. Түүнд ямар нэгэн засвар хийх яриа тухай яриа байхгүй” гэсэн утга бүхий үг хэлсэн нь МАН-ын удирдлагуудад таалагдаагүй юм. Юутай ч 2005 онд бүрэн эрхийн хугацаагаа дууссаны дараахан МАН-даа эргэн ирж байгаагаа намын төв байранд болсон хурал дээр сүр дуулиантайхан зарлаж билээ. “Зритель” нь ч халуун алга ташилтаар хүлээж авсан. Тухайн үед улстөрчийн хувьд тэр харьцангуй залуу байлаа. Дахиад улстөртэй зууралдах боломж эрч хүч, нас сүүдэр, хүрээлэл гээд бүхий л талаасаа боломжтой байв. Завханд нэр дэвшээч гэдэг санал хүсэлт нутгийн зарим иргэдээс ирсэн ч “Миний оронд өөр аавын хүү нэр дэвшиг” гээд хүлээж аваагүй юм гэнэ лээ гэх яриа ч сонсогдож байсан. Монголын хамгийн том албан тушаалд хоёр удаа сонгогдсон гэдэг утгаараа магадгүй улстөрд эргэн орохыг хүсээгүй болов уу. Түүний улстөрийн карьер намынхаа байраар эргэлдэхээс хэтрээгүй ч “Оюу толгойн” Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний томоохон суудалд тухалсан юм. Үүнд мэдээж МАН-ын дэмжлэг нөлөөлсөн буй заа.
Намбарын Энхбаяр 2005 онд МАН-ын даргынхаа хувьд Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшиж, улмаар ялалт байгуулсан. Тухайн үед нэр хүнд ч өндөр байлаа. Харин АН-аас нэр дэвшсэн М.Энхсайханыг нам нь бүхэлдээ дэмжиж, түүний төлөө нэгдсэн хүч, сэтгэлээр ажиллаагүй.
Нэг жишээ татахад л Р.Гончигдорж тэргүүтэй “Алтан гадас” фракц нэр дэвшигчээсээ илэрхий зайгаа барьсан гэдэг.“Ерөнхийлөгчийн сонгуулийн суралчилгаанд нэг их оролцохгүй. Удахгүй гадагшаа явна. Тэгээд ч сонгуулийн өнгө харагдчихлаа” гэж ярьж явсан АН-ын албан тушаалтан ч байсан юм. Нөгөө хоёр өрсөлдөгч буюу Б.Жаргалсайхан, Б.Эрдэнэбат нарын хувьд ч массын сэтгэлзүйг байлдан дагуулах хэмжээний зангарагтай улстөрчид биш байлаа. Энэ гурвын хэн нь ч Н.Энхбаярын саналыг бус өөрсдийнхөө саналыг хуваасан юм. Н.Энхбаяр намын дарга, Ерөнхий сайд байхдаа ч, Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа ч үнэхээр “Хаан” байв. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ч намаасаа 100 хувийн саналаар дахин нэр дэвшсэн хэдий ч Ц.Элбэгдоржийг бараагүй. Н.Энхбаяр үүнийг өөрийн намын зарим удирдлагууд, тухайлбал, МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баяртай холбоод эхэлсэн. “С.Баяр сөрөг хүчний нэр дэвшигчтэй нийлж намайг унагасан” гэдэг гомдлоо шуудхан илэрхийлж эхэлсэн. Ийм эмзэг сэтгэлтэй явах үед нь 2010 оны 11 дүгээр сард МАХН нэрээ МАН болгон өөрчлөхөд эрс дургүйцэж, тэр эмоциороо МАХН гэдэг нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлж дөнгөсөн юм даг. Яг түүх, хууль зүй талаас нь харвал мань хүн нэгэн цагт зүтгэж, тэргүүлж явсан намаасаа нүүр бууруулж, хуучин нэрээр нь өөр улстөрийн хүчин байгуулсан хэрэг. Тэр цагаас хойш Н.Энхбаяр, МАН хоёрын зам салсан даа. 2012 оны 4 дүгээр сарын 13-нд АТГ-аас түүнийг сүр дуулиантайхан баривчлахад удирдаж явсан намынх нь удирдлагууд, найз нөхдөөс нь өмгөөлж хамгаалсан нь ховор. Бараг байхгүй дээ. Энэ мэт нь МАН-ыг гэх сэтгэлийг нь улам унтраахад нөлөөлсөн нь дамжиггүй. Харин 2016 оны сонгуулийн өмнө МАН, МАХН хоёрын “хүйтэн дайн” харьцангуй зөөлөрч 3 дугаар сарын 1 буюу Эх орончдын баярыг хамтран тэмдэглэх хүртлээ дотносоод авсан. Энэ бол үнэхээр ирэх сонгуульд нэгдэж, эсвэл хамтарч орохын сайн чимээ байлаа. Асуудал ч бодитой яригдаж, хоёр намаас сонгуульд хамтарч оролцох ажлын хэсэг ч байгуулагдаад амжсан. Тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболд тэргүүтэй тус намын нөлөө бүхий улстөрчдөөс хамтрахыг дэмжих хүн олон байсан. Гэвч яг нэр дэвшүүлэх квот дээрээ тохирч чадаагүйгээс дээрх санаачилга хормын дотор салхинд замхарсан юм. МАХН нь МАН руугаа, МАН нь МАХН руугаа бурууг чихсээр асуудал эцэслэсэн. Дараахан нь М.Энхболд Төв аймгийн иргэд сонгогчидтой хийх уулзалтынхаа үеэр гол учрыг тайлбарлахдаа “Бүх асуудал МАХН, тэр тусмаа Н.Энхбаяр даргаас болсон. Ялсан нөхцөлд түүнд Ерөнхий сайд, эсвэл УИХ-ын даргын албыг санал болгосон. Гэвч бидний тавьсан саналыг үл огоорч, өөрийнхөөрөө зүтгэснээр бүх зүйл мухарласан” хэмээж билээ.
Цахиагийн Элбэгдорж ардчилсан хүчний анхны зүтгэлтний нэг. 1995 онд МҮАН-ын анхны даргаар сонгогдож, 1998, 2004 онуудад Ерөнхий сайдаар томилогдож байлаа. Энэ хүн намаасаа хэзээ ч нүүр бууруулж байгаагүй. Харин Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа АН-ын Засгийн газар, албан тушаалтнуудтай хөндий хүйтэн харилцаж, тэр нөлөөгөөр нь Н.Алтанхуягийн засаг огцорч, зарим эрх мэдэлтнүүд шоронгийн хаалга татах болсон гэгддэг. 2006 онд Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайдаас нь огцруулсны дараа, АН-ын онц их хурал хуралдаж намын даргаараа сонгосон. Харин Ерөнхий нарийн бичгийн даргаар нь Н.Алтанхуяг томилогдож билээ. 2008 оны сонгуулийн дараа Н.Алтанхуяг нь АН-ын дарга болсон. Гэхдээ энэ хоёр хүний хагарал Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч, Н.Алтанхуягийг Ерөнхий сайд байхаас эхэлсэн юм. “Цаана нь эдийн засгийн ашиг сонирхолоос үүдэлтэй улстөрийн том шалтгаан байсан” гэж 2016 оны сонгуулийн өмнө Н.Алтанхуяг шударга бусын хонгилын тухай анх мэдэгдэл хийх үеэрээ палхийтэл “илчилж” билээ. Ер нь Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх хугацаанд Л.Гансүх, Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар гэгчлэн АН-ын нэр нөлөө бүхий цөөнгүй эрхэм шүүх цагдаа, орон шорондоо тулсан. Улаан нүүрээ улалзуулсан.
Ерөнхийлөгчийн эрх мэдлээ шилжүүлснээс хойш 2 жилийн хугацаа өнгөрөөд байгаа хэдий ч Ц.Элбэгдорж улстөрийн ямар нэгэн нүүдэл хийхгүй байна. Энэ нь АН-ын гишүүнчлэлээ сэргээхгүй байгаатай нь холбоотой гэж харвал бас л яагаад гэдэг асуулт гарч ирээд байгаа юм. Н.Алтанхуягийг АН-д хэвээр байсан цагт Ц.Элбэгдорж хуучин эгнээндээ орох талаар бодох нь юу л бол. Гэхдээ АН-ын “цэвэрлэгээ”-ний утга учир хэнд яаж тусч, нийгэмд хэрхэн харагдахаас түүний улстөрийн нүүдэл хамаарах болов уу. “Зүгээр байхад оролдоод байвал би улстөрд эргэж орно шүү” гэж тэр “заналхийлсэн” санагдана. Гэхдээ улстөрд огт өөр салхи сэвэлзэж, шинэ орон зай бүрэлдэж эхэлсэн цагт түүний арга барил, технологи урагшаа явах уу?
Дажсүрэнгийн Лхагвадорж
Эх сурвалж: SONIN.MN
|