Дээд шүүхийн ерөнхий шүүгчид Д.Ганзоригийн нэрийг ДЭВШҮҮЛЖЭЭ
Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаан болж, Д.Ганзориг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид олонхийн санал авчээ. Улмаар Д.Ганзоригийг Дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ. Түүнийг Ерөнхийлөгч зарлиг гаргаж батламжилдаг хуультай.
Сануулахад Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр ажиллаж байсан Ц.Зоригтыг өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхийлөгчид хүргүүлсэн байдаг. Энэ дагуу Ерөнхийлөгч Х.Баттулга хүсэлтийг нь хүлээн авч, чөлөөлсөн юм.
Д.Ганзориг нь Монголын шүүх байгууллагад олон жил ажилласан туршлагатай бөгөөд Шүүгчдийн холбооны Улсын Дээд шүүхийн салбарын Удирдах зөвлөлийн гишүүнээр сонгондон ажиллаж байсан нэгэн. Сүүлд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар шүүгчдийн хөрөнгөтэй холбоотой асуудлыг дэлгэхэд Д.Ганзориг хамгийн их бууны цуглуулгатай шүүгчээр тодорсон тухай хэвлэлд гарч байсан билээ.