Шүүгчтэй холбоотой “урт нэртэй“ хуульд Цэц цэг тавих уу?
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сонгогдсон цагаасаа хойш АТГ-ын даргыг чөлөөлөх асуудлыг УИХ-д хоёр удаа оруулж ирж, өөрийн хүмүүсээ томилох саналыг УИХ-д хүргүүлж байв. Монгол улсын ерөнхийлөгчөөс Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, прокурорын болон авлигын эсрэг хуульд тус тус өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ ын даргад өргөн барьсан. Хуулийн төслийн гол агуулга нь Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргасан тохиолдолд АТГ ын дарга, улсын ерөнхий прокурор түүний орлогчийг чөлөөлөх асуудлыг УИХ аар хэлэлцэхээр тусгасан. Харин түүний гурав дахь удаагийн оролдлого УИХ-ын гишүүдийн дэмжлэгтэйгээр биеллээ оллоо.
Өөрөөр хэлбэл, хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын хуульч гишүүд сууж, Үндсэн хуульд харшлах заалтыг нь засварлах, зөөлрүүлэх “дүр” эсгэсэн заалтуудыг оруулж ирсэн. Гэвч чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүдийн саналыг унагасан учраас Ерөнхийлөгчийн өргөн барьсан анхны төслөөрөө эцэслэгдэн батлав.
Харин олон нийт, зарим хуульчдын зүгээс хуулийн төслийг баталж болохгүй, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно гэдгийг удаа дараа хэлж байсан билээ. Хууль шүүхийн байгууллагын шударга бус, захиалгатай шийдвэртэй тэмцэх цаг нь болсонтой хэн бүхэн санал нийлж буй. Гагцхүү үүнийг өөрчлөхийн тулд хэдэн дарга солиод өргөс авсантай адил болно гэдэг юу л бол. Энэ хууль Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал Цэц дээр маргаан үүсгэгдэнэ. Харин Үндсэн хуулийн Цэц ямар шийдвэр гаргах вэ гэдэг нь хамгийн их хүлээлт үүсгэх нь. Хэрэв УИХ-ын энэ шийдвэр Үндсэн хууль зөрчсөн гэж Цэц үзвэл УИХ энэ хуулиа эргэн харах шаардлагатай болох юм.