АТГ-ын даргыг чөлөөлөх, УЕП-ын орлогчийг томилох асуудлыг хойшлуулахаар шийдвэрлэлээ

2019 оны 3 сарын 25

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

УИХ дахь МАН-ын бүлэг хаалттай хуралдаж дуусч, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийлээ. 

Тэрбээр "Бүлэг гурван асуудлыг хэлэлцлээ. Нэгдүгээрт, С.Зоригийн хэрэгтэй холбоотой эрүүдэн шүүлт явагдсан гэдэг асуудлыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцууллаа. Хоёрдугаарт, УЕП-ын орлогчийн зөвшилцөх тухай Ерөнхийлөгчөөс ирүүлсэн санал, гуравдугаарт, АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ. 

С.Зоригийн хэргийг шийдвэрлэх явцдаа иргэдийг эрүүдэн шүүснийг бүлгийн зүгээс буруушааж байгаа. Энэ бол ардчилсан Монгол Улсад байж болшгүй асуудал юм. Эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох нь зүйтэй гэж бүлгийн зүгээс үзэж байгаа. Энэ асуудаар УИХ шийдвэр гаргаж, Засгийн газарт чиглэл өгөх нь зүйтэй гэж үзсэн.

Мөн энэ асуудлаар ажлын хэсэг гаргаж, эрүүдэн шүүсэн асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлэх ёстой гэдэг шийдвэр гаргасан. 

Хоёрдугаар асуудал нь УЕП-ын орлогчийн томилох асуудлыг зөвшилцөх байгаа. Хуулиараа ЕП-ын орлогчийн бүрэн эрхийг хугацаа дууссан. Хэдий зөвшилцөх асуудал ч гэлээ УИХ-ын гишүүдийн олонхын саналыг авах ёстой. Бүлгээс энэ асуудлыг хойшлуулах нь зүйтэй гэж үзсэн. 

Шалтгаан нь С.Зоригийн амь насаа алдсан хэрэг, эрүүдэн шүүсэн хэргийг эцэслэн шийдэгдтэл УЕП-ын орлогчийн асуудлыг хойшлуулж байна. 

АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх талаар Ерөнхийлөгчөөс өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-д албан бичиг ирсэн. Одоогийн дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дууссан учир дараагийн хүмүүсийг томилж өгөөч гэж хоёр хүний нэр ирсэн. Энэ асуудлаар өмнө нь Хууль зүйн байнгын хороо шийдвэр гаргасан. Байнгын хорооноос бүрэн эрхийн хугацаа нь дуусаагүй учир өргөн барьсан хоёр хүний асуудлыг шийдвэрлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. 

Мөн өнөөдрийн байдлаар Үндсэн Хуулийн Цэц дээр АТГ-ын дарга, дэд даргын хугацаатай холбоотой маргаан үүсгэсэн байгаа. Эрхзүйн хувьд маргаантай байгаа асуудлыг УИХ шийдэх боломжгүй учир АТГ-ын дарга, дэд даргыг чөлөөлөх асуудлыг хойшлуулсан. 

Мөн ингэж хойшлуулж байгаа нь С.Зоригийн амь насаа алдсан хэрэгтэй ч холбоотой" гэлээ.  

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
601449
2 эможи

keyboard_arrow_up