АТГ: Монгол банкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалыг Австри улс руу мөнгө шилжүүлсэн хэргээр шалгаж байна
Авлигатай тэмцэх газар /АТГ/-аас өнөөдөр гуравдугаар сард хийж гүйцэтгэсэн ажлынхаа тайланг танилцууллаа.
АТГ нь төлөвлөгөөг хяналт шалгалтын хүрээнд 67 албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлгийг нарийвчлан шалгаж байна. Үүнээс зөрчил гаргасан хоёр албан тушаалтны цалинг бууруулах шийтгэл ногдуулжээ. Тухайлбал, Зээлийн батлан даалтын сангийн захирлын цалинг хоёр сарын хугацаатай, нийслэлийн 32 дугаар сургуулийн захирлын цалинг нэг сарын хугацаатай бууруулах арга хэмжээ авсан тухай мэдээлэв.
Хэвлэлийн бага хуралд АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч, ахлах комиссар Ч.Жаргалбаатар нарын холбогдох албан тушаалтнууд оролцсон бөгөөд сэтгүүлчдийн асуултад дараах хариулт өглөө.
-ЖДҮХС-гийн зээлтэй холбоотой таван гишүүнийг яллагдагчаар татсан. Энэ хэргийн талаар мэдээлэл өгнө үү?
-Нийт таван гишүүнийг шалгаж байгаа. Удахгүй мөрдөн байцаалт дуусна. Зээл авсан хүн бүрийг буруутай гэж үзэх боломжгүй. Зориулалтын дагуу зээлээ зарцуулж байгаа хэргүүдийг хааж байгаа
-Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотой хэрэг юу болсон бэ. Улаанбаатар банкнаас их хэмжээний мөнгө гарсан гэдэг зүйл дуулдаад байгаа. Энэ хэр үндэслэлтэй вэ?
-Монголбанкны захирал асан Н.Золжаргалтай холбоотойгоор гурван багц асуудлыг шалгаж байна. Нэгдүгээрх нь, хүү багатай зээл олгосон, Австри улс руу их хэмжээний мөнгө шилжүүлж, орон сууц худалдан авсан зэрэг асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Арилжааны банкинд зээл олгохдоо тогтоосон хэмжээнээс бага хүүтэй зээл олгосон байгаа учраас эргэж хянаж үзээч ээ гэдэг мөрдөгчийн мэдүүлэг Монголбанкинд хүргэсэн.
Австри улс руу санхүүгийн хамтарсан мөрдөн шалгах ажиллагаа явуулах даалгавар хүсэлтээ өгөөд, тодорхой нотлох баримтууд ирсэн. Хоёрдугаар улиралд багтаагаад хэргийн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
-Хууль зүйн сайд асан Д.Дорлигжавтай холбоотой хэрэг юу болж байна вэ?
-Д.Дорлигжавтай холбоотой мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Хэргийн мөрдөн шалгалтын үр дүнгээсээ хамаараад хэргийн явц байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
-“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудлаар зарим нэг шүүгчийг шалгаж эхэлсэн гэсэн мэдээлэл байгаа. Мөн АТГ-ын даргыг ажлаа өгөхийг шаардаж шахсан гэх мэдээлэл хэвлэлээр гарах боллоо. Та бүхэнд энэ асуудалтай холбоотой мэдээлэл байгаа юу?
-Газрын удирдлагыг ажлаа өгөхийг шахсан талаарх мэдэгдсэн зүйл алга. Жилийн өмнөөс удирдлагыг ажлаа өгөх ёстой гэх зүйл яригдаж эхэлсэн. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад удирдлагыг өөрчлөх тухай асуудал орсон байна лээ. Хуульд тодорхой заалт байгаа. Тийм байтал нөгөө өнцгөөс асуудлыг тайлбарлаж байгаа.
“Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудал дээр мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Зарим нэр бүхий шүүгчийг шалгуулах талаар хэвлэлээр мэдэгдсэн. Манайд бол шалгуулахаар баримт ирээгүй. Харин зарим шүүгч өөрийгөө шалгуулахаар хандсан байгаа.
-С.Зориг агсны амиа алдсан хэрэгтэй холбоотой асуудал танай дээр шалгагдах болсон мэдээлэл бий. Ямар асуудлыг нь шалгаж байна вэ?
-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт зарим нэг хүмүүсийг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн гэсэн мэдээлэл ирсэн. Нотлох баримтууд олдсон, үнэлэх, бэхжүүлэх ажил хийгдэж байна. Нууцад хамаарах асуудал учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Дөрвөн хүн цагдан хорьсон асуудал яригдаж байгаа. Ажлын хэсэгт орсон хүмүүсийг 15 хоногийн хугацаатай саатуулсан, мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна.
-Талийгаач шүүгч асан Л.Бямбаагийн амь насаа алдсан шалтгаан эцэслэн тогтоогдсон уу?
-Талийгаач Л.Бямбааг нэг биш өөр олон хэрэгт холбогдуулан шалгаж байсан. Энэ хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй байна.
-С.Баярцогт дансны хуулгаа өмнө нь өөрөө танайд гаргаж өгч байсан гэсэн. Швейцараас ирсэн баримт өөрийнх нь гаргаж өгснөөс өөр гэсэн үг үү?
-Швейцараас ирсэн материал бол дан ганц дансны хуулга биш. Өнгөрсөн Баасан гарагт манай байгууллагад албан ёсоор ирсэн. Мөрдөн байцаалтын явцад тухайн шалгагдаж байгаа хүн өөрөө шаардлагатай гэсэн нотлох баримтуудаа гаргаж өгч болдог. Гэхдээ бид үнэн зөв гэдгийг тогтоохоор цаад байгууллагаас албан ёсоор нотлох баримт хүсдэг.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|