УИХ-ын дарга Г.Занданшатар БЗС-аар сурсан 6000 ам.долларын зээлээ 16 жил өнгөрөхөд ТӨЛӨӨГҮЙ БАЙНА
Сангийн Яамнаас төрийн сангуудад хийсэн шалгалтын дүнгүүдийг олон нийтэд нээлттэй болгоод байна. Үүнд Боловсролын Зээлийн Сангаас зээл авч гадаадад сураад сураггүй болсон болон өнөөдрийг хүртэл авсан зээлээ төлөөгүй хүмүүсийн нэрсийг зарласан. Энэ дунд одоогийн УИХ-ын дарга Г.Занданшатар 2003 онд Нидерланд улсын Маастрихтын Удирдлагын сургуульд сурахаар 6000 ам.долларын зээл авсан байна. Гэвч 16 жил өнгөрөхөд нэг ч төгрөгийн төлөлт хийгдээгүй байна. Сангийн яамны мэдээлэлд дурдсанаар эргэн төлөгдөх хугацааг гэрээ болон журамд тусгаагүй байна. Хэдий тусгаагүй боловч бүхэл бүтэн 16 жил өнгөрөхөд нэг ч төгрөгийн төлөлт хийгээгүй байна гэдэг бол татвар төлөгчдийн хөлсөө дуслуулж олсон мөнгө салхинд хийсгэсэнтэй адил болох биз ээ.
Бид энэ сэдвийг хөнддөг гол учир нь жирийн иргэний сурлагатай хүүхдүүдийн өмнүүр нөлөө бүхий хүмүүсийн ар гэр, үр хүүхэд, хамаатан садан нь урдуур нь орж татвар төлөгчдийн мөнгөөр гадаадын их, дээд сургуульд сураад зогсохгүй, зээлээ эргэн төлөхгүй өчнөөн олон жил болсон байх юм. Энэ мэтчилэн жирийн иргэдийн татвар төлсөн мөнгөөр улс төрч, олны танил эрхмүүдийн ар гэр, хамаатан садан өндөр хөгжилтэй оронд суралцаж, тэндээ суурьшиж байгаа нь шудрага бус үйлдэл юм.
Хэрэв Сангийн Яамны мэдээлэл дээр тулгуурлан буруу ташаа мэдээлэл түгээсэн гэж үзвэл УИХ-ын дарга Г.Занданшатарыг албан ёсны баримттайгаа тайлбар хийхийг хүсч байна.
Дашрамд сонирхуулахад БСШУСЯ-ны “Боловсролын зээлийн сан” (БЗС) нь 1993 онд “Сургалтын төрийн сан” нэртэйгээр байгуулагдсан. Дотоодын болон гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад олгосон зээлээс 2017 оны жилийн эцсийн байдлаар нийтдээ 150.2 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй болжээ.