Ц.Элбэгдорж АТГ-т мэдүүлэг өгөхөөр зангиагаа засаад очлоо
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Авлигатай тэмцэх газар/АТГ/-т мэдүүлэг өгөхөөр очсон байна. Өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн хүнийхээ хувьд өмнөх Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг шалгуулахаар Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгаланд өөрийн биеэр аваачиж өгсөн Тавантолгойн гэх 178 хуудас материалын мөрөөр тус газраас мэдүүлэг авахаар дуудсан байна. Харин Ц.Элбэгдоржийн зүгээс "Х.Баттулга 178 хуудас гэх материалаа ил болгох ёстой" гэж байр сууриа илэрхийлсэн билээ.
Тэрбээр ШХАБ-д Монгол Улсыг элсүүлэхийн эсрэг мөн цаазын ялыг сэргээхийг эсэргүүцэж байгаа хүмүүсийн нэг. Энэ талаарх байр сууриа ч хэвлэлээр болон олон нийтийн сүлжээнд сүүлийн үед идэвхтэй илэрхийлэх болсон.
Тодруулбал, тэрбээр Шанхайн ломбардад Монголыг тавьж болохгүй гэдгийг Ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж анхааруулсан. Ямартаа ч өмнө нь хэлж байсан шигээ "Хууль дуудсан цагт гутлаа өмсөөд, зангиагаа засаад очих ёстой" гэснийхээ дагуу АТГ-т мэдүүлэг өгөхөөр очжээ.
Энэ талаар твиттертээ "Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын хөөцөлдөн бүрдүүлж, гараараа прокурорт биечлөн өгсөн Тавантолгойн асуудлаар АТГ-аас намайг дуудлаа. Зангиагаа зүүгээд гутлаа тослоод гаръя даа. Монголчууд бид бол ардчилал, хүний эрх эрх чөлөөт байдлыг хуулийн засаглал гэж үздэг хүмүүс" гэж жиргэжээ.
Тавантолгойн гэрээг хариуцаж байсан Монгол Улсын сайд асан М.Энхсайханы хувьд Тавантолгойн гэрээ Ц.Элбэгдоржтой ямар ч хамааралгүй гэдгийг онцолсон байдаг. Тавантолгойн гэрээ бол үзэглээгүй гэрээ юм. Үзэглээгүй гэрээний дагуу ийнхүү АТГ-аас экс Ерөнхийлөгчийг дуудсан бололтой.
Эх сурвалж: News.mn
|