Шинэ хуультай, хуучин гишүүдтэй ТАЗ

2019 оны 2 сарын 12

Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга өнгөрсөн сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд Төрийн албаны зөвлөл таван гишүүний бүрэлдэхүүнтэй байна гэжээ. Өмнө нь долоон гишүүнтэй байсныг ийнхүү шинэ хуулиар тав болгож өөрчилсөн юм. Мөн ТАЗ-ийн даргыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас санал болгож томилдог байсныг болиулж, зөвлөлийн гишүүд дотроо хуралдан, нууц санал  хураалтаар томилдог болж байгаа юм.  Ийнхүү хуулийн өөрчлөлтийн дагуу томилгоо явагдаж, ТАЗ шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажилдаа ороод байна. ТАЗ-ийн даргаар Б.Баатарзоригийг сонгож, орон тооны гишүүнээр Б.Идэрчулуун, Д.Зүмбэрэллхам, Д.Баатарсайхан нарыг томилоод байна.

ТАЗ-ийн даргаар сонгогдсон Б.Баатарзориг нь төрийн албанд 30 дахь жилдээ ажиллаж байна.   Төрийн захиргааны тэргүүн түшмэл зэрэгтэй. Түүний танилцуулгаас харахад ихэвчлэн улс төрийн албан тушаал хашиж байжээ. Аймгийн боловсролын газрын дарга, Шинжлэх ухаан, боловсролын яам, Гэгээрлийн яаманд газрын дарга, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж байсан төдийгүй 2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон ажилласан билээ. Харин гурван жилийн өмнөөс Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллаж, энэ жилээс тус зөвлөлийн даргын үүрэгт ажилд сонгогдоод байна.

Ерөнхийлөгчийн Тамгын газраас Б.Идэрчулууныг ТАЗ-ийн гишүүнд санал болгож, томиллоо. Тэрээр  эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажиллаж байгаа юм. Цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байжээ. Түүний хувьд ТАЗ-д анх удаа сонгогдон ажиллахаар болж байна.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Зүмбэрэллхам нь эрх зүйч мэргэжилтэй, хуульзүйн шинжлэх ухааны доктор, Төрийн захиргааны албаны тэргүүн зэргийн тэргүүн түшмэл.  Өмнөговь аймгийн цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, тасгийн даргаар ажиллаж байв. Мөн цагдаагийн академид багш, арга зүйч, сургалтын албаны дарга, дэд захирал, тэргүүн дэд захирал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хуулийн бодлогын зөвлөх, Төрийн албаны зөвлөлийн дарга, Монгол  Улсаас БНЧУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хуульзүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, УИХ-ын Тамгын газрын зөвлөх, ахлах зөвлөхөөр ажиллаж байсан билээ.

Харин Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан нь соёл судлаач, төрийн удирдлагын менежер, арга зүйч мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй. Соёлын яамны Киноны хэлтэст Техник технологийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтэн, Улсын төв номын сангийн Захиргаа, аж ахуйн хэлтсийн дарга, ЗГХЭГ-ын Боловсон хүчний хэлтэст шинжээчийн алба хашиж байсан. 2002 оноос Төрийн албаны зөвлөлд референт, ахлах референт, Ажлын албаны даргаар ажиллаж байгаад тус зөвлөлийн гишүүнээр сонгогдож байгаа юм.

Ийнхүү ТАЗ Б.Баатарзориг, Д.Баатарсайхан, С.Цэдэндамба, Д.Зүмбэрэллхам, Б.Идэрчулуун гэсэн таван гишүүний бүрэлдэхүүнтэй ажиллана. С.Цэдэндамбын хувьд бүрэн эрхийнх нь хугацаа дуусаагүй байгаа юм. Сүүлийн үед төрийн албатай холбоотой асуудал олноор гарч, хариуцлага, сахилга батыг чангатган ажиллана гэдгээ Засгийн газраас мэдэгдсэн. Түүнчлэн Төрийн албаны тухай хууль шинээр мөрдөгдөж эхэллээ.  Тэгэхээр хуулийн хэрэгжилт, төрийн албатай холбоотой элдэв асуудал бүгд ТАЗ-ийн шинэ бүрэлдэхүүнээс шалтгаалах юм.

 

Т.Батсайхан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
600112
0 эможи

keyboard_arrow_up