ТББХ:Төрийн албаны орон тооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ
Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Төрийн албаны орон тооны гишүүнийг томилох асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүнээр Д.Зүмбэрэллхам, н.Баатарсайхан, н.Идэрчулуун нэр дэвшиж байгаа юм.
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:
-Төрийн албыг төрлийн алба болгож байна гэдэг. Сонгууль болгоноор л бужигнадаг. Үүнийг зогсоож чадах уу?
Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам:
-Төрийн албаны одоогийн нөхцөл байдал хүнд байгааг ойлгож байгаа. Энэ асуудлыг шинэ хуулийн үзэл санаанд нийцүүлээд цэгцэлж чадна гэсэн итгэлтэй байгаа. Шинэ хуулийн үзэл санаа цогц байдалтай. Төрийн албаны зөвлөл хамтын удирдлагын байгууллага.
Нэр дэвшигч н.Баатарсайхан:
-Бүтцийн өөрчлөлт хийж байна, баг бүрдүүлж байна гээд төрийн албыг бужигнуулдаг байсан. Тиймээс багаараа сэтгэл нэгтэй ажиллаж чадна гэж бодож байна.
Нэр дэвшигч н.Идэрчулуун:
-Хуульч хүний хувьд хууль хэрэгжүүлж ажиллах нь хэцүү зүйл биш. Өөрөө л хуулиа зөрчихгүй ажиллаж чадвал шинэ гарсан хуулиар төрийн албыг цэгцэлж болно.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:
-ТАЗ улс төрийн захиалгат дарамтан дор ажиллаж ирээд байдлыг хүндрүүлсэн. Төрийн албан хаагч нарыг улс төрд дахин орж болохгүй асуудлыг хааж чадаагүй. Тиймээс үүнийг зохицуулах хэрэгтэй. Та бүхний сонгон шалгаруулалт ч худлаа. Эмэгтэйчүүд харин төрийн албанд шударга ажиллаж, эрэгтэйчүүд хорчингууд төрийн албыг замхруулж байгаа. Ажлаас халагдсан хүмүүс шүүхийн шийдвэр биелүүлэхгүй байгааг зогсоож чадах уу?
Нэр дэвшигч Д.Зүмбэрэллхам:
-Одоогийн байдлаар 147 хүн шүүхийн шийдвэр биелүүлээгүй байна. Энэ тоо өмнөх жилүүдээс нэмэгджээ. Шалтгааныг сайн мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа шалтгааныг тодруулна.
Нэр дэвшигч н.Баатарсайхан:
-Хуулиараа эрх зүй хяналтын зохицуулалттай. Тиймээс шинэ хуулийг бусад хууль тогтоомжтой уялдуулж ажиллана.
Нэр дэвшигч н.Идэрчулуун:
-Монгол Улсад төрийг төлөөлж прокурор гаргадаг байсан. Одоо ТАЗ нэмж төлөөлж, нэхэмжлэл гарах эрх хуулиар нээгдсэн. Бид асуудлаа цэгцлээд авбал цаашид төрийн албан хаагчийг чөлөөлөх, халах, хууль бус тушаалыг халах зохицуулалтаар цааш явах байх.