Монгол Улс Барбадос улстай дипломат харилцаа тогтоож, хамтран ажиллах илүү боломж нээгдлээ
НҮБ-ын гишүүн бүх улстай Монгол Улс дипломат харилцаа тогтоох зорилтын хүрээнд Монгол Улс Барбадос Улстай 2019 оны нэгдүгээр сарын 17-нд Нью-Йорк хотноо дипломат харилцаа тогтоожээ.
Хоёр улс найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх хоёр талын эрмэлзлийг удирдлага болгож, Дипломат харилцааны тухай Венийн конвенц, НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээг баримтлахаа тохиролцсон байна. Дипломат харилцаа тогтоох тухай Хамтарсан албан мэдээнд Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд, Барбадос улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Х.Елизабет Томпсон нар гарын үсэг зуржээ.
Дипломат харилцаа тогтоосноор хоёр талын болон олон улсын байгууллагуудын хүрээнд харилцан дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах илүү боломж нээгдэж байгааг талууд тэмдэглэв.
Барбадос улс нь: Бага Антилын арал дээр оршдог арлын улс бөгөөд нийт 431 километр квадрат газар нутагтай, Парламентын хаант засаглалтай/Төрийн тэргүүн нь Нэгдсэн Хаант улсын Хатан хаан II Элизабет/ юм.
Тус улс 278,000 хүн амтай ба тэдгээрийн 80,000 орчим нь нийслэл Брижтаун хотод амьдардаг байна.
Португаличуудын эзэмшилд "Os Barbados" гэсэн нэрээр байсан тус арал 1625 онд Английн мэдэлд орж, улмаар Британийн колони болсон бөгөөд 1966 онд тусгаар тогтнолоо олжээ. Барбадос улс Британийн Хамтын Нөхөрлөлийн бүрэлдэхүүнд багтдаг.
Түүнчлэн тус улс нь Карибын бус нутагт аялал жуулчлалаараа алдартай бөгөөд хамгийн өндөр хөгжсөн улсуудын нэгт тооцогддог байна.
Эх сурвалж: ГХЯ
|