Дараагийн Их хурлын даргыг МАНАН дэглэмээс томилуулахаар шантаажилж байна
УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар нар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
ШУУД ҮЗЭХ:
УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:
Нэгдүгээр сарын 10-ны өдөр МАНАН дэглэмийг нураах зорилготой жагсаал цуглаан зохион байгуулсан. Энэ жагсаал үр дүнд хүрч байгаа. Үүний дүнд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдсан. ҮАБЗ-өөс нөхцөл байдлыг үнэлж үзээд шийдвэр гаргасан. Ингээд жагсаал тарсан. ҮАБЗ-өөс гарсан шийдвэр, УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг дэмжиж байгаа гэсэн М.Энхболдын байр суурь, өнгөрсөн долоо хоногт байнгын хороо, чуулганаас гарсан шийдвэрүүд дээр ахиц дэвшилтэй байгаа.
ҮАБЗ-ийн зөвлөмжид нэгдүгээр сарын 10-нд багтаан УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг батлахыг даалгасан. Гэтэл УИХ-ын дарга М.Энхболд, АН-ын дарга С.Эрдэнэ хоёр энэхүү зөвлөмжийг өөрөөр тайлбарлаад байгаа. ҮАБЗ-өөс УИХ-д чиглэл өгөх ёсгүй гэж С.Эрдэнэ ярьсан.
УИХ-ын дарга өнгөрөгч Баасан гарагийн чуулганы хуралдаанд зөвхөн дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг оруулсан. Бид горимын санал гаргаж байж УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг оруулсан. Энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар нэг дэх хэлэлцүүлгийг хийнэ. Ингээд энэ долоо хоногт дээрх хуулийг батална. Хуулийг баталмагц нэр бүхий 40 гишүүн УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг бэлдсэн байгаа өргөн барина.
Энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ тогтоосон. Гэтэл Пүрэв гарагийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлын долоодугаарт УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн төслийг оруулсан байна. ҮАБЗ-ийн зөвлөмжийн дагуу энэ асуудлыг ээлжит бус чуулган зарлан хуралдуулж, хэлэлцүүлэх боломжтой.
Өнгөрсөн долоо хоногт нууц санал хураалт болсон. Эсэргүүцэж байна гэсэн гишүүд өөрсдөө ЖДҮ-чидээ хамгаалж кноп дарсан байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын даргыг огцруулахгүй бол бусад асуудал шийдэгдэхгүй байна.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
Бид ордон дотор шаардлагатай бүх тэмцлийг хийж байна. Хоёр дахь жагсаалыг хийгээгүй бол өнөөдрийн түвшинд хүрэхгүй байсан. Улс төрийн шинэ соёл тогтсон. Одоо бол ордон доторх жагсаал үргэлжилнэ. Олон хүмүүс гурав дахь жагсаалаас айсан.
Одоо бол М.Энхболд дарга огцорно. Тийм ч учраас М.Энхболд дарга орж ирж, ирц хүрч, Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдсан. Тиймээс би М.Энхболд даргаас уучлал гуйсан. Түүнээс биш МАНАН дэглэмээс уучлал гуйгаагүй. Ямар ч тохиролцоо хийгдээгүй.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|