Сонгогчдын саналыг худалдаж авсан тохиолдолд 2-8 жил хорих ялаар шийтгэнэ
Олон нийт Зөрчлийн хууль өөрөө амьдралтай зөрчилтэй байгаа тухай, мэргэжлийн хүмүүс Эрүүгийн хуульд алдаа дутагдал их байгаа тухай шүүмжлэл өрнүүлээд удаж байна. Үүний дагуу эрх баригчид Эрүү, Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах талаар ярьж байгаа ч ямар өөрчлөлт оруулах нь одоогоор тодорхойгүй байна. Зөрчлийн хуульд өөрчлөлт оруулах завгүй өөрсдөө хоорондоо зөрчилдөж яваа эрх баригчид хэзээ энэ хуульд өөрчлөлт оруулах вэ. Ямартай ч хууль хэрэгжүүлж буй мэргэжлийн байгууллагууд нь саналаа аль хэдийнэ гаргажээ. Тухайлбал, Улсын ерөнхий прокурорын газар Эрүү, Зөрчлийн хуульд ямар өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тухай саналаа албан ёсоор илэрхийлжээ. Ингэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээг ашиглан бусдын нэр хүнд, бизнест сөргөөр нөлөөлсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болох, сонгогчдын саналыг худалдаж авах, улс төрийн нам санхүүжилтээ хууль бусаар бүрдүүлсэн тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгох зэрэг саналтайгаа байгаагаа онцолжээ.
Мөн сүүлийн үед ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийн талбайгаасаа хэтрүүлэн үйл ажиллагаа явуулах тохиолдол их гарах болсонтой холбогдуулан энэ төрлийн зөрчлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцдог болох санал гаргасан байна. Энэ мэтээр Улсын ерөнхий прокурорын газраас гаргасан саналын заримыг нь танилцуулъя.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛУУД:
Эрүүгийн хуулийн 13 дугаар бүлэгт дараах зүйлийг шинээр нэмэх.
13.14 дүгээр зүйл. Гүтгэх.
Хүний нэр төр, алдар хүнд, хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндэд халдаж гутаан доромжилсон худал мэдээллийг нийтэд дэлгэсэн, эсвэл мэдээллийн хэрэгсэл, нийтийн сүлжээгээр тараасан бол 2700-5400 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 14 дүгээр бүлэгт дараах зүйлийг нэмэх
14.10 аравдугаар зүйл. Улс төрийн намын санхүүжилтийг хууль бусаар бүрдүүлэх, сонгох, сонгогдох эрхэнд саад учруулах.
1. Улс төрийн намын сонгуульт ажил, Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших, сонгогдохдоо бусдыг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авсан, хууль бус тодорхой амлалт өгсөн, эсвэл албан тушаалд томилогдох зорилгоор улс төрийн намд хандив, дэмжлэг өгсөн, санхүүжүүлсэн, хувийн эрх ашиг хөөцөлдөж шахалт үзүүлсэн, өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор хуульд заасанг хэмжээнээс хэтрүүлж хандив, дэмжлэг үзүүлсэн бол сонгуулийн үр дүнг хүчингүй болгох, сонгогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Улс төрийн нам, албан тушаалтан нь гишүүн, дэмжигчийг сонгууль болон тодорхой албан тушаалд нэр дэвшүүлэхдээ хандив, дэмжлэг, санхүүжилт өгөхийг шаардсан, авсан, хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулж санхүүжилт бүрдүүлсэн бол намын сонгуульд оролцох, үйл ажиллагаа явуулах эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасах, эсвэл намыг татан буулгах, сонгуулийн үр дүнг хүчингүй болгох, намын албан тушаалтныг улс төрийн болон нийтийн албанд томилогдох эрхийг 5-8 жил хүртэл хугацаагаар хасаж 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 5-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 18 дугаар бүлэгт дараах зүйлийг нэмэх
18.19 дүгээр зүйл. Банкны хууль тогтоомж зөрчих
1. Банкны байгууллагын ажилтан шунахайн буюу хувийн ашиг сонирхлын үүднээс банкны болон мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банкны зээлийн үйл ажиллагааны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан бол 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2. Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан бол 40000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, банкны байгууллагад ажиллах эрхийг 2-8 жил хүртэл хугацаагаар хасах, эсвэл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 21.13 дугаар зүйлд дараах хэсгийг нэмэх
Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй хүн, хуулийн этгээд гүйцэтгэх ажил явуулсан, гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан бол 2700-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Эрүүгийн хуулийн 21.11 дүгээр зүйлийг дараах байдлаар өөрчлөх
21.11 дүгээр зүйл. Оргон зайлах.
Таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан яллагдагч, шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргосон, зориуд зайлсхийсэн бол зургаан сараас хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ САНАЛУУД:
Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар бүлэгт дараах зөрчлийг нэмэх.
6.23 дугаар зүйл. Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах
Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол хохирол нөхөн төлбөрийг гаргуулж, хүнийг 100, хуулийн этгээдийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
Дараах зөрчлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцох:
Зөрчлийн тухай хуулийн 7.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дэхь заалтад “Тусгай зөвшөөрлийн талбайгаас хэтрүүлэн үйл ажиллагаа явуулсан бол хүнийг 1000, хуулийн этгээдийг 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан байна. Энэхүү заалтыг өөрчилж, Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлд заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэж байхаар зохицуулах шаардлагатай байна.
Эх сурвалж: EAGLE.MN
|