Гал гарсан барилгын дээврийг засах хөрөнгийг Нийслэлийн засаг даргын нөөцөөс гаргана

2014 оны 7 сарын 18

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 7 дугаар сарын 17-нд  болж хуралдаанаар Сүхбаатар дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Нэгдүгээр 40 мянгатын 40, 42, 44 дүгээр байрны дээврийн  хөндийд гарсан гал түймрийн талаар нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, Н.Уламбаяр мэдээлэл өглөө.

 

 Гал гарсан тухай анхны дуудлага  Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 101 дугаарын утсанд 2014 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 15 цаг 08 минутанд ирсэн байна. Дуудлагын дагуу  Аврах, гал унтраах 63 дугаар ангийн  бие бүрэлдэхүүн 15:09 цагт гарчээ. Тус ангиас гал гарсан барилга хүртэл 6,5 км зайтай  юм байна. Тухайн барилгад гарсан галын шаталтын хурд, салхины чиг, гал түймрийн тархалтын байдал зэргээс шалтгаалан авралтын ажиллагааг нэн даруй явуулах үүднээс нэмэлт хүч дуудан ажиллаж, нэмэгдэл хүч хэрэгслийг Баянгол дүүргийн 17 дугаар хороо, МК интернешнл ХХК-ийн барилгын дээвэрт гарсан галыг унтрааж, задаргааны үйл ажиллагаа явуулж байсан Аврах гал унтраах 14, 26, 34 дугаар ангиуд,  Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн 11, 29, 30, 65 дугаар Аврах гал унтраах ангиудын хүч хэрэгслийг гарган төвлөрүүлжээ.

Барилгын зүүн, баруун талд гал унтраах 3 хэсэг байгуулан гал унтраах шийдвэрлэх чиглэлийг барилгын зүүнээс баруун тийш чиглэлд тогтоож, талбайн эргэн тойрны хэмжээгээр унтраах арга хэмжээг авч ажилласны үр дүнд 1 цаг 36 минутын дараа буюу 16 цаг 44 минутанд гал түймрийн тархалтыг зогсоож, 19 цаг 40 минутанд  галыг бүрэн  унтраажээ. Гал байрны дээврийн хөндийн төв хэсгээс салхины чиглэлийн дагуу гал барилгын зүүн тийшээ дээврийн хөндийгээр нэлэнхүйдээ тархсан, дээврийн хөндий битүү хорт хий утаагаар дүүрсэн, дээвэрт байрлах агааржуулалтын цонхнуудаар утаа их хэмжээгээр гарсан байдалтай байсан байна. Гал барилгын дээврийн хөндийд гарсан тул оршин суугч айлууд руу ус орохоос сэргийлж аль болох усны зарцуулалт бага цацруулагч хушуугаар ус өгч унтраах тактикийг сонгосон ажиллажээ. Тухайн орон сууцны гадна талд шуурхай албаны автомашин орох гарах гарцуудыг хаасан,  тээврийн хэрэгсэл зорчих зам нарийн, гал унтраах том оврын автомашин орох  эргэх зэрэг  боломж хязгаарлагдмал байсан нь галыг унтраахад ихээхэн хүндрэл учирсан гэж хэллээ. Гал түймрийн улмаас тус байрнуудын дээврийн гол хэсгийн шувуу нурууны төмөр, модон хийц бүтээц цөмөрч унасан, гал унтраха үед аюулгүй ажилалгааг хангахын тулд цахилгааныг тасалсан байна. 7 сарын 15-нд  зүүн бүсийн цахилгаан түгээх төвөөс бригад гарч 44 дүгээр байрны цахилгааныг хэвийн ажиллагаатай болгосон бол барилгын дээврийн сэргээн босголтын ажлыг зохион байгуулах, барилгын дээврийг борооноос түр хамгаалах арга хэмжээг дүүргийн Онцгой байдлын хэлтсээс зохион байгуулж ажиллажээ.  
Гал гарсан үед 40, 42, 44 дүгээр байруудын гадна зогсоолд болон зам дээх байрласан 21 автомашиныг холдуулж гал унтраах автомашин зорчих зам гарцыг чөлөөлөх арга хэмжээг иргэд болон цагдаагийн байгууллагын албан хаагчидтай хамтран зохион байгуулсан байна. Нийслэлийн Замын цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн Энхтайваны өргөн чөлөө Цэцэг төвийн замын гэрлэн дохионы уулзвараас Номин их дэлгүүрийн замын гэрлэн дохионы уулзвар хүртлэх автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж, нийслэлийн Цагдаагийн газрын бие бүрэлдэхүүн гал гарч буй орон сууцны барилгын гадна талыг хамгаалалтад авч, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.

Гал гарсан даруйд нийслэлийн удирдлагууд галын нөхцөл байдал болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар удаа дараа хэлэлцэж, нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатаар ахлуулсан ажлын хэсэг байгуулан ажилласан гэдгийг хуралдааны үеэр нийслэлийн Засаг дарга хэллээ.  Мөн хүний амь нас эрсдэх, эд хөрөнгийн хохирол учрах зэрэг  ноцтой нөхцөл байдал үүсгэхгүйгээр галыг бүрэн унтрааж чадсанд галын голомтод ажилласан албан хаагчдад талархаж байна гэлээ.  Мэргэжлийн байгууллагууд аюулгүй байдлыг ханган ажиллаж байхад мэдэмхийрч,  буруу ташаа мэдээлэл өгсөн, хангалтгүй ажилласан зэргээр олон нийтийг төөрөгдүүлсэн иргэд  ч цөөнгүй байсан. Мэргэжлийн байгууллагууд батлагдсан дүрэм, журмын дагуу ажил үүргээ гүйцэтгэж байхад зарим иргэд ийм хариуцлагагүй үйлдлийг хийж байгаа нь үнэхээр харамсалтай гэж онцоллоо.
Одоогоор галын урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын мэдээлж байгаагаар тус барилга нь шинэчлэн засах шаардлагатай барилгуудын жагсаалтад оржээ.   Тус орон сууцууд нь  1959 онд ашиглалтад орсон  118 өрхтэй, нийт  418  хүн оршин суудаг.   Барилгын 1 дүгээр давхарт 28 аж ахуй нэгж байгууллага, иргэд худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм байна.

Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаас гал гарсан 40, 42, 44 дүгээр байрны цахилгааны угсралт, мөн галын шатлагад өртсөн дээврийн хийц бүтээцүүдийг цаашид ашиглаж болох эсэхэд мэргэжлийн байгууллагуудаар дүгнэлт гаргуулж,   гал гарсан барилгын дээврийг засах хөрөнгийг Засаг даргын нөөц хөрөнгөнөөс шийдвэрлэхээр боллоо. Мөн орон сууцны хороолол дунд  гал унтраах машин орох гарах гарцыг хааж дур мэдэн хашаа, хайс барих асуудлыг цэгцлэхийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд үүрэг болгов. Нийслэлийн Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Захирагчийн ажлын алба, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК зэрэг мэргэжлийн байгууллагуудаар 1950, 1960-аад оны үед баригдсан шувуун оройтой дээвэр бүхий барилгуудын аюулгүй байдлын талаар Засаг даргын баталсан удирдамжаар үзлэг шалгалтын ажил зохион байгуулж, эдгээр барилгуудад мөрдөх аюулгүй ажиллагааны стандарыг боловсруулахаар шийдвэрлэлээ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5973
1 эможи
keyboard_arrow_up