Л.Болд:Монгол, БНХАУ хоёр улсын түүхэн цаг үе тохиож байна
Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой ирэх жил тохиох гэж байна. Энэ түүхэн ойг угтуулан УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд асан Л.Болдтой ярилцлаа.
-Гадаад хэргийн сайд асан, дипломатч хүний хувьд та хоёр улсын харилцааны талаар товчхон дүгнэж хэлнэ үү. Тухайлбал, таныг сайдаар ажиллаж байх хугацаанд хийгдсэн томоохон алхмуудын талаар ярилцлагаа эхлэе?
-Мэдээж, Монгол Улсын хувьд хоёр хөрштэйгөө харилцах харилцаа гадаад харилцааны бодлогын тэргүүлэх чиглэл байдаг. Тэр дундаа Монгол Улс хөрш БНХАУ-тай сүүлийн 30-аад жил найрамдалт харилцаагаа үсрэнгүй хөгжлийн түвшинд гаргаж ажиллаж байгаа. БНХАУ Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгийн анх хүлээн зөвшөөрсөн улс өмнөд хөршийн хувьд онцгой ач холбогдлыг бид өгдөг.
Намайг Гадаад харилцааны сайдаар ажиллаж байх хугацаанд хэд хэдэн түүхэн үйл явдал тохиосонд бэлэгшээдэг. Тухайлбал, БНХАУ-ыг дарга Си Жиньпиний Монгол Улсад хийсэн төрийн айлчлал Монгол, Хятадын харилцаа бүх агуулгаараа шинэ шатанд очсон түүхэн айлчлал болсон. Энэ айлчлалын хүрээнд Монгол Хятадын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ хэлэлцээр байгуулсан. Энэхүү Стратегийн, иж бүрэн стратегийн харилцаа хөгжүүлэх гэрээ хэлэлцээр бол Монголын өнөөдрийн гадаад харилцааны хамгийн өндөр түвшинд хүрсэн улс төрийн харилцааны бичиг. Энэ гэрээ хэлэлцээрийн дагуу бүхий л салбарт харилцааг шинэ шатанд гаргах нөхцөл бололцоо бүрдсэн. Үүнийг ч бид амьдрал дээр өдөр тутам харж байна.
Мөн сүүлийн жилүүдэд хоёр улсын хооронд олон түвшний айлчлалууд амжилттай болж, гэрээ хэлэлцээрүүд байгуулагдаж байгааг цохон тэмдэглэх ёстой. Хятад улс манай эдийн засаг, улс төр, нийгэм соёл боловсролын томоохон түнш улс бөгөөд хоёр улс харилцаандаа улс орны бүхий л салбарыг багтаасан, хоёр орны ард түмний тусын тулд харилцан ашигтай маш өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэн ажиллаж байгаад бахархалтай байдаг. Цаашдаа ч Монголын ард түмэн, Монгол Улсын Засгийн газар, УИХ санаачлага гарган дараа дараагийн ажлаа хэрэгжүүлээд явах болно гэдэгт итгэлтэй байна.
-БНХАУ-ын даргын айлчлал, Стратегийн түншлэлийн гэрээ хоёр улсын харилцаанд маш том алхам болсон гэж та дурдлаа. Үүнээс гадна хоёр улсын харилцааны хамгийн томоохон асуудлууд, төслийн талаар онцгойлох хэдээс нь нэрлэнэ үү?
-Намайг сайд байх үед эхлүүлсэн Монгол Улс, БНХАУ, ОХУ гурван улсын төрийн тэргүүнийн уулзалтыг энд онцгойлон дурдах ёстой. Монгол Улсын гадаад харилцааны хувьд хоёр хөрштэйгээ харилцах харилцаа хамгийн чухлаас гадна энэ уулзалтын хувьд гурван улсын хүчин чадлыг нэгтгэж, асуудлыг гурван талаас хэлэлцэх болсноороо чухал юм. Үүний ч үр дүнд бид одоо гурван талын зах зээлийг холбосон “Талын зам” гэх мэт томоохон төслүүд дээр ажиллаж байна. Монголын тал бол жирийн нэг оролцогч, дэмжигч биш идэвхитэй оролцогч байх байр суурийг бид идэвхитэй баримталж буй. Энэ дагуу өнөөдөр гурван талын эрдэмтэд, албаны хүмүүсийн гээд өргөн хүрээнд яриа хэлэлцээр явагдаж байна. Энэ бол Монголын хувьд ирээдүйгээ харсан хоёр хөрштэйгээ хамт хөгжлийн шинэ шатанд гарах чухал арга хэмжээ юм.
“Бүс ба зам” хөтөлбөр бол асар алсыг харсан, асар өргөн уудам газар нутаг, олон улс орныг хамарсан томоохон төсөл юм. Дэлхий нийтийг хөдөлгөж байгаа том төслүүдийг уялдуулах, холбож өгөх гүүр нь болох ийм том бололцоо Монгол улсад бий болж байна. Үүнийг цаашид анхаарч, олон талаас нь дэмжиж ажиллах бүхий л нөөц бололцоог хангах шаардлага үүсч байгаа.
-“Бүс ба зам” нь бүс нутгийн төдийгүй дэлхийн эдийн засагт нөлөө үзүүлэх маш том хөтөлбөр. Үүнд газар нутгийн хувьд ч улс төрийн хувьд ч Монгол Улс нөлөө бүхий оролцогчоор хамтран ажиллах боломж байна гэж үзэж байна уу?
-Төв Азийн бүс бол Монголын оршин тогтнох том орон зай. Энэ бүс нутагт Монгол улс өөрийн байр сууриа эзлэх, хөгжлөө хурдасгуур, түлхүүр болгох боломж бий. Бидний хөгжилд нөлөөлөх бас нэгэн хурдасгуур бол урд хөршийн томоохон төслүүд мөн. Яриа хэлэлцээрийн түвшинд хамтран ажиллах олон арга зам, боломж бололцоог хайж байгаа. УИХ, Засгийн газар тууштай дэмжиж байгааг хэлэх хэрэгтэй. Үүнээс маш том бодитой үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.
-Монгол БНХАУ-ын харилцаанд Өвөр Монголтой харилцах харилцаа яалт ч үгүй том байр суурьтай байх. Угсаа гарал, хэл соёл нэгтэй ард түмний хувьд бидний харилцаа ч элгэмсэг найрсаг, олон жилийн уламжлалтай, олон ч арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа. Тухайлбал, та өнгөрсөн жил Хөх хотод болсон Монгол Хятадын экспод оролцож байсан. Энэ сэдвээр илүү дэлгэрэнгүй ярилцвал..?
-Бид дэлхийн том, том экспо арга хэмжээнүүдэд идэвхтэй оролцдог. Бидний хувьд урд хөрш маань хамгийн ойрхон бүс нутаг. Бид тэдэнтэйгээ хөгжлийн алхаа гишгээгээ нийлүүлж явах учиртай. Тийм учраас өмнөд хөршид болж байгаа экспонууд маш их ач холбогдолтой. Хөх хотын экспогийн хувьд бидний хамтын зах зээлийг нээж, ойртуулж өгдөг маш том арга хэмжээ. Экспод Монголын компаниуд идэвхитэй оролцсоноороо зөвхөн урд хөршийн биш дэлхийн зах зээлийг судлах, Монголыг гэж зорьж ирэх зах зээлийг улам тэлэх маш сайхан бололцоог олгодог. Цаашдаа ч энэ арга хэмжээг маш идэвхитэй, өргөн хүрээтэй дэмжиж, Монголд Улсдаа ч хамтран зохион байгуулах арга хэмжээг авах зайлшгүй шаардлагатай. Өвөр Монгол бүс нутгийн хөгжил, байгаль орчноо хамгаалах, эдийн засаг, боловсрол соёл шинжлэх ухаан, спортыг хөгжүүлж байгаа асар их туршлагатай. Тэд бидэнтэй адил олон тулгамдсан асуудлыг бэлээхэн тавиад туулчихсан туршлага байна. Тиймээс бид энэ их туршлагыг өөриймшүүлж, тусгаж авч, суралцах хэрэгтэй.
Монгол Хятадын парламентын бүлэгт холбогдох асуудлыг тавьж тодорхой шийдвэрүүдийг гаргана.
-Монгол, Өвөрмонголын хооронд соёлын харилцаа өндөр төвшинд хөгжиж байгаа. Цаашид соёлын харилцаанд илүү ямар боломжууд байна вэ?
-Өвөрмонголчууд бид ялгаагүй Монгол ард түмэн. Хэл соёл, угсаа гарвал нэг, элгэмсэг харилцаатай гээд бидэнд том давуу талууд бий. Тиймээс соёлын төдийгүй олон асуудлаар бид дотно харилцаатай. Өвөрмонголчууд үндэсний соёл, ахуй уламжлалаа маш сайн сурталчилдаг. Энэ утгаараа Өвөрмонголчуудтайгаа хамтраад олон улсын хэмжээнд Монголынхоо соёлыг дэлхийд таниулах хөгжүүлэх сайхан боломж байна. Бидэнд асар том зах зээл түшэц газар байна.Энэ бололцоог манай соёл урлагийнхан бүрэн дайчилж,олон улсын төвшинд гарах цаг ирсэн гэж бодож байна.
-Өвөр Монголтой бизнесийн харилцаа ямар төвшинд байна гэж та хэлэх вэ?
-Мэдээж бидэнд ололт амжилт бий. Харилцаа улам хөгжиж байна. Гэвч бидний хүссэнээс удаан байна. Бид боломжоо бүрэн ашиглахгүй байна. Төр засаг, худалдаа аж үйлдвэрийн танхимууд, байгууллагууд, худалдаа, аж үйлдвэр, эдийн засгийн холбоод, компаниуд улам идэвхитэй, чармайлт гаргах шаардлагатай гэж харж байгаа юм. Өвөрмонголчуудын хувьд Монголын бүтээгдэхүүнийг авъя, дэмжье гэсэн хүсэл эрмэлзлэл байна. Дээр нь Монгол Улс өөрөө дэлхийд хосгүй байгаль цаг агаартай. Биологийн талаасаа хүний биед хамгийн тохиромжтой эко бүтээгдэхүүн гаргадаг. Энэ бүх давуу талаа олон улсад гаргах цаг болсон.
Бид зөвхөн уул уурхайн чиглэлд анхаарлаа хандуулдаг, эсвэл нэг талын түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлт хийх хэлбэрээр хязгаарлагдаж байж болохгүй. Бидэнд харилцаа хамтын ажиллагааны асар өргөн хүрээ талбар нээгдээд байгаа. Зөвхөн боломжийг маш сайн ашиглаж бодит ажил болгох шаардлагатай байна.
Тухайлбал хоёр хөрштэйгээ хамтарснаар бид “Бүс нутгийн хөгжлийн төв” болох боломж байна. Бид аж үйлдвэрийн хөгжлийн төв болж чадахгүй ч шинэ техник технологи, санхүүгийн үйлчилгээ, аялал жуулчлал, эрүүл мэнд биологийн цэвэр бүтээгдэхүүн зэргээрээ бүс нутагтаа төдийгүй дэлхийд өрсөлдөх байр суурийг олж авах хэрэгтэй. Гэхдээ үүнийг бид өөрсдөө дангаараа шийдэхгүй, далайн цаанаас түншүүд ирж туслахгүй. Хөрш орнуудтайгаа хамтран, тэдний хэрэгжиж байгаа асар том төслүүдийн хүрээнд тэр интеграцид багтаж ажиллах орон зайг бий болгож олж авсанаараа Монгол Улс хөгжлийнхөө ирээдүйг тодорхойлж шинэ шатанд гарах, шинэ орон зайгаа олж авах боломж бүрдэх юм.
-Хоёр улсын дипломат харилцааны ойн өндөрлөг дээр та юу хэлэхийг хүсч байна?
-Бидний хувьд энэ ой бол үндэсний тусгаар тогтнол, өөрийн байр суурийг авч үлдсэн олон үеийнхний тэмцэл мөрөөдөл, амьдралын зорилт болсон энэ сайхан үйл явдлын том бэлэг тэмдэг. Монгол улс Хятад улс хоорондын хамтын ажиллагааны хувьд аль алиных нь түүхийн нандин цаг үе, түүхэн баяр. Энэ баярыг бид бас ирээдүйгээ харж, өнөөдрөөс илүү бололцоотой өндөрлөгт гарах боломж гэж харах хэрэгтэй. Үүний төлөө улам илүү бүтээлч, залуу үедээ илүү ихийг ойлгуулсан, боломжийг олгосон ийм сайхан баяр болгон тэмдэглэхийн төлөө өнөөдөр хүчин чармайж ажиллаж байна. Энэ бол бидний хувьд маш сайхан түүхэн бэлэгдэлтэй ой. Тиймээс баяраа сайхан тэмдэглэж, харилцаа, хамтын ажиллагаа маань улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна.
-Баярлалаа.
Эх сурвалж: INFOMONGOL.MN
|