30 хувиа төлөөд зээлд хамрагдах 47 мянган иргэн байна

2018 оны 11 сарын 14

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанд Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан “Ипотекийн зээл олголтын байдал, цаашид авах арга хэмжээ”-ний талаар танилцуулжээ.

Тэрбээр, танилцуулгадаа, 2008 оноос “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам” батлагдан хэрэгжиж байна. 2008-2012 оны хооронд 42,6 мянган иргэн ипотекийн зээлийн журмын дагуу орон сууц авсан. 2013-2016 оны хооронд 76 мянган иргэн орон сууц худалдан авсан байна. 2016 оноос Монгол Улс эдийн засгийн хямрал, хүндрэлийн улмаас ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсан  тул ипотекийн зээлийн санхүүжилтийн хэмжээ буурсан. ОУВС 2019 оноос эхлэн ипотекийн зээлийн хөтөлбөрийг цаашид Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн.

Энэ оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргаж 3578 иргэн орон сууцтай болжээ

2017 оны улсын төсвөөс 111.0 тэрбум төгрөг, 2018 онд 120 тэрбум төгрөгөөр ипотекийн хөтөлбөрийг санхүүжүүлсэн. Ипотекийн зээл  нь улсын төсөв, Монголбанк, арилжааны банк гэсэн гурван эх үүсвэрээс санхүүжиж байгаа. Энэ оны эхний 10 сарын байдлаар арилжааны банкны эх үүсвэрээс 248.4 тэрбум төгрөгөөр 3798 иргэнд зээл олгосон бол Монголбанкны эргэн төлөлт, улсын төсвөөс 236 тэрбум төгрөг гаргаж 3578 иргэн орон сууцтай болжээ.

Энэ оны эхний 10 сарын байдлаар хөтөлбөрийн зээлийн санхүүжилтэд 448.4 тэрбум төгрөг гаргаж, 7300 иргэн орон сууцтай болсон. Оны эцэс гэхэд энэ тоо  нэмэгдэж, өнгөрсөн жилийнхтэй адил 10 мянган иргэн ипотекийн зээлд хамрагдана гэж үзэж байгаагаа салбарын сайд танилцуулгадаа онцолжээ.

Мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн З.Нарантуяа, Д.Эрдэнэбат, М.Оюунчимэг, Б.Баттөмөр, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү нар асуулт асууж, санал хэлсэн байна. Ингэхдээипотекийн зээлийн санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн нэмэгдүүлэх, зорилтод бүлгийг орон сууцжуулах талаар баримталж байгаа бодлого, ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж байгаа эсэхийг тодруулсан.

Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариултдаа, ОУВС-аас ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2019 оноос эхлэн Засгийн газрын мэдэлд шилжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Гэвч өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлын улмаас Засгийн газар энэ асуудлыг хүлээн авч, шийдвэрлэх боломжгүй тул Монголбанк 2008 оноос хэрэгжүүлж байгаа уг хөтөлбөрийг үргэлжлүүлэхээр болоод байгааг онцлов.

 “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байна

Мөн тэрбээр, өнөөдрийн байдлаар Монголбанк ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 200 тэрбум төгрөг, Засгийн газраас 110 тэрбум төгрөгийн санхүүжилтийг хийснээр сардаа 30 тэрбум төгрөг арилжааны банкуудад очно. Монголбанк зээлийн хүүгээ 4 байсныг 1 хувь болгосноор арилжааны банкны санхүүжилтийн эх үүсвэр хямдарна. Ингэснээр арилжааны банкууд ипотекийн зээлийн эх үүсвэрээ нэмэгдүүлж 200 тэрбум төгрөгт хүргэвэл сардаа 50-60 тэрбум төгрөгийн ипотекийн зээл гарч, зээлийн хүртээмж нэмэгдэх юм гэв. Түүнчлэн ипотекийн зээлийн эрэлтийг хангаж, хүртээмжийг нэмэгдүүлсний дараа зээлийн хүүгийн хувийг багасгах алхмыг хийж болно гэж байлаа.

Барилга, хот байгуулалтын яамнаас “Улсын төсвөөс санхүүжих орон сууцны хөнгөлөлттэй зээлийн журам”-ыг боловсруулж, Засгийн газарт өргөн барих гэж байна. Уг журмаар ипотекийн зээлийг анх удаа авах гэж байгаа иргэд, гэр хорооллын өрхийг орон сууцжуулах, ашиглалтын хугацаа дууссан орон сууц, амины орон сууцаа инженерийн шугам сүлжээнд холбоход иргэдийг бодлогоор дэмжихээр тусгасан гэдгийг салбарын сайд Х.Баделхан хариултдаа онцолсон.

Өнгөрөгч тавдугаар сард Барилга, хот байгуулалтын яамнаас  ипотекийн зээлээр орон сууц авах хүсэлт гаргасан иргэдийн дунд судалгаа хийхэд нийслэлд урьдчилгаа 30 хувиа төлөөд зээлд хамрагдах 33 мянга, орон нутагт 14 мянган  иргэн байгаа аж. Иймд ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тогтоолын төслийг боловсруулсан гэж Х.Баделхан сайд хэлэв. Ингээд Байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 57,1 хувийн саналаар дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
597103
0 эможи

keyboard_arrow_up