Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки-г хүлээн авч уулзлаа
Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод Япон Улсын Фүкүока хотын захирагч Ёшимацү Мотоаки бараалхлаа.
УИХ-ын дарга М.Энхболд Япон Улс бол манай гуравдагч хөрш бөгөөд тус улстай тогтоосон харилцаа, хамтын ажиллагаагаа бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг бид чухалчилдаг. 2017 онд миний Японд хийсэн айлчлалын үеэр Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт гарын үсэг зурсан. Энэ баримт бичигт аймаг, муж, орон нутгийн хамтын ажиллагааг дэмжих талаар тусгасан билээ. Үүний дагуу Японы баруун өмнөд бүсийн томоохон хот Фүкүокагийнхан манай аймаг, сумуудтай, түүний дотор Төв аймгийн Батсүмбэр сумтай хамтран ажиллахаар шийдвэрлэж, зорилго чиглэлээ тодорхойлсонд баяртай байна гэж уулзалтын эхэнд онцлов.
Ноён Ёшимацү Мотоаки хүлээн авч уулзаж буйд нь УИХ-ын даргад талархал илэрхийлээд, монгол анд нөхөдтэйгээ хөдөө аж ахуй, байгаль хамгааллын зэрэг салбарт хуримтлуулсан туршлага, мэдлэгээ хуваалцах болсондоо баяртай байна гэв.
Тэрбээр манай муж, хотын эдийн засаг 40-өөд жилийн өмнө маш хурдацтай хөгжсөн. Хөгжлийн нөгөө талд хүрээлэн буй орчны бохирдлын асуудал маш хурцаар тавигдсаныг бид амжилттай шийдвэрлэж чадсан юм. Эдийн засаг нь эрчимтэй хөгжиж буй Азийн улс орнууд, түүний дотор Монгол Улсад энэ сорилт тохиож байгааг бид сайн мэдэх учраас хог хаягдлыг боловсруулах, байгаль орчин, агаарын бохирдоос сэргийлэх чиглэлээр хамтран ажиллаж, Монголын ард түмний эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг дээшлүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй байна.
Түүнчлэн газар тариалангийн шилдэг технологи, арга зүйг монголчуудад эзэмшүүлэхийг эрмэлзэж байна. Япон Улс газар нутаг багатай. Бага газраас их ургац авахын тулд маш их хүчин чармайлт гаргасны үр дүнд манай ард түмэн ихээхэн судалгаа шинжилгээ хийж, тэр хэрээр нэн чухал мэдлэг мэдээлэл хуримтлуулсан юм. Тиймээс монгол залуусыг, түүний дотор Төв аймгийн Батсүмбэр сумын тариаланчдыг дадлагажигч ажилтнаар Японд ажиллуулж сургах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэж ярилаа.
Уулзалтын үеэр Фүкүока-Төв аймгийн хооронд аялал жуулчлал хөгжүүлж, монгол, япон иргэдийг харилцан зочлуулах асуудлыг хөндөж, энэ чиглэлээр өргөн боломж буйг тэмдэглэлээ.
УИХ-ын дарга М.Энхболд Фүкүока хотын захиргааны Батсүмбэр сум, Монгол Улстай хамтран ажиллах, мэдлэг туршлагаа хуваалцах санал, санаачилгыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ.