Л.Энхболд: 60 гаруй сая тэрбум төгрөгийн хохирол учраад байна
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаарх Улсын ерөнхий прокурорын мэдээллийг сонслоо.
Мэдээллийн дараа гишүүд Улсын Ерөнхий прокуророос сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Л.Болд “Зоригийн хэрэгтэй холбоотой олон нийтэд хариулт хүлээсэн асуулт олон байна. Тусгай хяналтын дэд хорооноос ажлын хэсэг гарсан. Хэрэг нь захиалагчийг илрүүлэхээр шилжүүлсэн. Үүнийг Ерөнхий прокурор та яаж харж, ямар гаргалгаа хайж байна вэ. Энэ чигээрээ дахиад 20 жил явах уу. Энэ хэрэгт ямар тайлбар, мэдээлэл өгөх вэ” хэмээн асуухад Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан "Монголын ард түмнийг цочроосон ноцтой гэмт хэрэг 1998 онд үйлдэгдсэн. Энд төр засаг анхаарлаа хандуулж, тал бүрийн дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнд Л.Болд гишүүн идэвхтэй оролцдог. С.Зориг агсны хэрэгт холбогдуулан гурван хүнийг ялласан. Шүүхийн эцсийн шийдвэр гарчихсан учир энэ гурван хүнийг гэм буруутай гэж үзэж байгаа. Тэдний ар гэрийнхнийх нь гаргасан гомдол, хүсэлт нь шинээр үүссэн гэмт хэргийн шинжгүй учир татгалзсан хариу өгсөн. Харин хамгийн сүүлд Б.Булганы гаргасан гомдол, асуудалд хэрэг бүртгэлийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна" хэмээн хариуллаа.
Харин Л.Энхболд гишүүн “2010-2011 онд Өмнөговь аймгийн Гашуун Сухайтын боомтоор 3858 машин, 379 тонн нүүрс гаалийн бүрдүүлэлтийн татвар хяналттай, номер дугаартайгаа илрээд бүрдүүлэлтгүй гарсан байна. Энэ хэргийг танайхаас хэрэгсэхгүй болгосон. Үүний улмаас дахин давтагдсан хэрэг гарч байна. Саяхан Монгол Улсын Засгийн Газраас Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч Эрдэнэс Таван толгойгоос 340 мянган тонн нүүрс алга болсон гэсэн зүйл гаргаад ирлээ. Өмнө илт тодорхой юмыг хэрэгсэхгүй болгосноор үүнтэй холбоотой үргэлжилж байна гэж үзэж байна. Өнөөдрийн байдлаар 340 сая тонн нүүрс буюу 60 гаруй сая тэрбум төгрөгийн хохирол учирчхаад байна. Ийм ноцтой асуудлыг та яаж хянаж, шалгаж байгаа вэ гэхэд М.Энх-Амгалан прокурор “Саяны хэрэг дээр хэрэг бүртгэл нээгдээд хэрэг шалгагдаж байгаа. Шалгаж байгаа хэрэг учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Өмнө 2013 онд хэрэг хаасан ийм асуудал байдаг. Тухайн үед энэ асуудлыг сэргээе гэж ярьсан боловч хэрэг хэлэлцэх хугацаа дуссан асуудлаар сэргээх боломжгүй болсон учраас ингээд байж байна. Яах аргагүй ноцтой асуудал үүссэн байдаг” хэмээн хариулав.