Нөлөөт толь шиг нөхөн сонгууль

2018 оны 10 сарын 09

 

“Нөхөн болон дахин сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгууллаа” гэх мэдээгээр өчигдрийг угтав. Дорноговь, Сүхбаатар аймаг, Багахангай дүүргийн хэмжээнд ИТХ-ын найман төлөөлөгчийн суудлыг эзэнтэй болгох гэж өнгөрөгч ням гарагт зохион байгуулсан нөхөн болон дахин сонгуулийн үр дүнгээр Сүхбаатарын хоёр мандатаас бусдыг нь МАН-ын нэр дэвшигчид авсан аж. Гэхдээ Дорноговь аймгийн Сайншанд сумын хоёр, Замын-Үүд сумын есөн хэсгийн сонгогчдын ирц хуульд заасан хэмжээнд хүрээгүй буюу нэрийн жагсаалтад бүртгэсэн нийт сонгогчийн 50-иас дээш хувь нь санал хураалтад оролцсонгүй. Тиймээс оролцоогүй сонгогчдын дунд нэмэлт санал хураалт явуулна. Сонгуулийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг тухайн сумдын Сонгуулийн хороо гаргаж, хугацааг нь товлох юм.

ОДООГ Ч, ИРЭЭДҮЙГ Ч ҮЛ ТОДОРХОЙЛНО

Тодруулбал, Дорноговь, Сүхбаатар аймгийн ИТХ-ын хоёр мандат, тэдгээр аймгийн гурван сум, Багахангай дүүргийн ИТХ-ын дөрвөн мандатын төлөө нөхөн, Дорноговь аймгийн хоёр сумын ИТХ-ын хоёр мандатад дахин сонгууль явуулсан бөгөөд эдгээрт нийт 15 нэр дэвшигч өрсөлдсөн юм. Сүхбаатар аймгийн ИТХ-ын нэг, мөн аймгийн Сүхбаатар сумын ИТХ-ын нэг мандатын аль алинд нь АН-аас нэр дэвшигч олонхын санал авч, төлөөлөгчөөр сонгогдсон байна. Харин Дорноговь аймгийн Алтанширээ, Улаанбадрах сум, нийслэлийн Багахангай дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшигч нар олонхын санал авчээ.

МАН-ынхан энэ оны зургадугаар сард болсон нөхөн болон дахин сонгуулиар ч ийм амжилт үзүүлснээ зарлан тунхаглаж байв. Тухайн үед Баян-Өлгий, Булган, Дундговь, Завхан, Сэлэнгэ, Өмнөговь, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн хэмжээнд явуулсан нөхөн сонгуульд аймгийн ИТХ-ын хоёр мандатыг бүгдийг, сумын ИТХ-ын 30 мандатын 21, дахин сонгуульд сумын ИТХ-ын 20 мандатын 16-г нь МАН-ынхан авч, илт илүүрхсэн.

Ирэх оны зургаа, аравдугаар сард шаардлагатай бол дээрхийн адил нөхөн болон дахин сонгууль зохион байгуулна. 2016 оны ээлжит сонгуулиас хойш шүүхдэлцэж, ИТХ нь бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаж чадалгүй өдий хүргэсэн аймаг, сум байж л байна. Говь-Алтай аймгийн Цээл сумын ИТХ-д АН-аас сонгогдсон нэр бүхий таван гишүүн 2016 оны арваннэгдүгээр сараас хойш сонгуулийн маргаанаа эцэслэн шийдвэрлүүлэх гэж бүх шатны шүүхийн хаалга татсан ч төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж чадахгүй байна. Дээд шүүхээс тэдний талд шийдвэр гаргасан ч тухайн орон нутагт эрх барьж байгаа хүмүүс түүнийг нь үл тоож буй талаар эх сурвалж өгүүлсэн юм.

Энэ мэтээр Ардын намынхан ирэх сонгуулиудад илүүрхэхийг үгүйсгэхгүй. Гэвч энэ нь тэд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойших бодлого, үйл ажиллагааг 100 хувь зөвтгөж буй хэрэг биш. Ирээдүй нь ч ийм байна хэмээн зөгнөж байгаа юм биш. Аливаа сонгууль нь улс төрийн намын бодлого, үйл ажиллагаанд тавих шалгалт байдгийг үгүйсгэх аргагүй ч олон нийтийн хандлага, тэднээс төр, засагт тавих дүнгийн бодит илрэл байж чаддаггүй. 2016 оны ээлжит сонгуулиар бүх шатанд үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-д өгсөн иргэд, сонгогчдын итгэл буурсан уу гэхээс, нэмэгдээгүйг аль ч судалгааны дүнгээс харж болно. Эдгээр ялалт МАН-ын одоог ч, ирээдүйг ч үл тодорхойлно.

АЙДАС АРД БИШ, УРД ҮЛДЭВ

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрээс шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлуулаагүй бол эдгээртэй хамт УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгууль болох байв. Энэ сонгуулийг хийгээгүй ч “Хэрэв УИХ-ын нөхөн сонгуулийг хамт зохион байгуулсан бол сүйд болох нь. 2020 оны сонгуулиар яана даа” гэх яриа, айдас, болгоомжлолтой үлдлээ, бид.

Сүхбаатар аймгийн ИТХ-ын 14 дүгээр тойрог буюу Баруун-Урт сумын хоёрдугаар багийн нөхөн сонгуулиар жишээ татъя. Хууч хөөрөөд эхэлбэл хамаатан болчих шахдаг хөдөөгийнхний улайрсан улстөржилтийг тэндээс харж болохоор байв. Жижигхэн аймгийн төв дээр хоёр алхаад тааралдах хүмүүс хожим нь, сонгуулийн дараа бие биеийнхээ царайг яаж харна даа гэж өмнөөс нь ой гутаж суулаа. Нэр дэвшигчид бие биеэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл, олон нийтийн сүлжээгээр гутаан доромжлох нь энүүхэнд. АН, МАН-аараа талцсан хүмүүс аймгийн төвөөр машинтай хөөцөлдөн, сонгуулийн штабуудын гадна зодолдож, нүдэлцэхдээ тулсан зураг, бичлэгт цочирдохоо байх шахлаа.

Бүр нэгэн байгууллагын эрэгтэй ажилчид бүлэглэн сэтгүүлч эмэгтэйг хүчирхийлсэн гэх сэтгэл сэртхийлгэм мэдээ хар пиарын хэсэг болж, сурталчилгаа нэр дэвшигчдээсээ халив. Сонгогчдын саналыг худалдан авах үнэ ч тэнгэрт хадлаа. Сонгогчийн регистрийн дугаар, гарын үсгийг 150 мянган төгрөгөөр худалдан авч байгаа талаар АН-ын Сонгуулийн штабаас удаа дараа мэдэгдэж, баримт дэлгэж байсан юм. Адагт нь УИХ-ын гишүүн, сайд асан М.Зоригт Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчдаас уучлал гуйхдаа тулж байх шиг. Тэрбээр санал хураалтын өмнөх өдөр фэйсбүүк хуудсаар дамжуулан Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид МАН-ын Сонгуулийн штабаас явуулсан шууд бичлэгийг дэмжин түгээж, улстөржлөө хэмээн илэрхийлсэн. Харин түүний тараасан мэдээлэл нь Зөрчлийн тухай хуулийн дагуу бусдыг гүтгэсэнд тооцогдож, өөрийн биеэр уучлал хүсэхээ мэдэгдэхэд хүргэв.

Баруун-Урт сумын хоёрдугаар багийн 1065 иргэн санал өгөхөөс 956 буюу нийт сонгогчийн 89.8 хувь нь сонгуульд оролцож, АН-аас нэр дэвшигч, тус аймгийн Засаг дарга асан Ж.Батсуурь 70.9 хувийн саналаар ялалт байгуулсан. Ингэснээр 33 төлөөлөгчийн суудалтай Сүхбаатар аймгийн ИТХ дахь 16:16-гаар тэнцсэн АН, МАН-ын хайн хагарч, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллах боломж бүрдэв. Харамсалтай нь, 2016 оноос хойш хоёр жилийн хугацаанд нэг намын хоёр ч Засаг даргын нүүр үзээд буй тус аймгийн удирдлага дахиад л бужигнах нь. Удирдлагаар зогсохгүй, төрийн алба нь тэр чигээрээ хөдлөхөд бэлэн боллоо. Хүч тэнцүү байсан учраас Засаг даргаа МАН, ИТХ-ын даргаа АН-аас “тавиад” буй одоогийн засаглалыг нэг төлөөлөгчөөр илүүрхсэн АН-ынхан тэр чигтээ гартаа авах нь эргэлзээгүй. Улмаар Тамгын газрын хэлтэс, албадын дарга, орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудын удирдлагыг өөрийн намын хүнээр солих нь тодорхой.

Манай улс ийнхүү сонгуулийн дөрвөн жилийн хугацаанд сонгууль явуулж байна. Нөхөн болон дахин сонгуулийг жилд хоёр удаа зохион байгуулахын тулд санал хураалтын өдрөөс даруй гурван сарын өмнө бэлтгэл ажил, сурталчилгаа ил, далд өрнөж буй гэхэд болно. Гэвч биднийг ээрч буй эдгээр сонгууль нөлөөт толь лугаа аж. Тэнд байгуулсан ялалтад тэгтлээ эрдэж болохгүй, бодит үр дүн гэж итгэж үл болно. Өнгөрснөөс үлдэх туршлага, сургамж, айдас, болгоомжлол нь ирэх сонгуулийн уур амьсгалд нөлөөлнө.

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
595766
0 эможи

keyboard_arrow_up