ААВЫН ЗУРСАН АМЬДРАЛ
УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг МЗХ-ноос “Шилжилтийн 25 жилийн ТОП улстөрч”-өөр шалгаруулсан билээ. “Next stop” хүндэтгэлийн арга хэмжээн дээрх түүний илтгэлийг бүрэн эхээр нь уншигч танд толилуулъя. Тэрбээр, “Би өнөөдөр 60-ыг давж насалж, өнгөрсөн амьдралаа дурсан энэ индэр дээр зогсч байна. Нэг талаас нь харахад хүний амьдрал шиг харагддаг боловч нөгөө талаас нь харвал миний амьдрал Эх орны түүх шиг харагдаад байдаг юм” хэмээгээд илтгэлээ эхлүүлсэн билээ. Болгооно уу.
Нэг. Бага нас
Би Ардын жүжигчин алдарт Хайдав багш дуурийн дуулаачийн анги төгсдөг жил буюу 1956 онд Увс аймгийн Малчин суманд ард Цэндийн том хүү болон төрсөн. Тэр жил наймдугаар сарын эхээр хөдөө гэртээ эхээс төрж, хар багаасаа хонь малтай хөөцөлдөж өссөн жирийн малчны хүүхэд. Ээж маань зургаан хүүхэд төрүүлж өсгөсний дөрөв нь өнөөдөр амьдарч, хөдөлмөрлөж явна.
Би сургуульд ортлоо эмээгийнхээ өврөөс гараагүй хөхийг нь үлгэж өссөн хүн. Ухаан орох үеэсээ хонь хариулж, ямаа сааж, дүү нарынхаа урагдсан хувцсыг оёж, хурдан морь унан, өвөлд нь ээжтэйгээ сургуульд галч хийж, зун нь тоосго цохиж, бааюу түлж, тракторын ачигч хийж, дотуур байранд байхдаа айлд ус, түлээг нь зөөж сардаа 20 төгрөгийн цалин авч аав, ээждээ дэм болох гэж зүтгэж байсан гэгээн түүх минийх. Тэр үед хөдөөний амьдрал амаргүй байсан. Ёстой л үүрийн таван жингээр нар гараагүй байхад босч хонь хургатайгаа өдөр шөнөгүй хөөцөлдөж шөнө дөл болж харанхуй болсны хойно ажил дуусч хажуулах жишээтэй.
Манайх нэгдлийн 300-гаад төллөх хоньтой байлаа. Зундаа ээж, эмээ хоёр хонио, би ямаагаа түрүүлж саагаад цайгаа чанана. Тэр үед би зургаан настай байсан юм. Хонь, ямаагаа сааж дуусаад хурга, ишгээ нийлүүлж дахин салгаж саахалт айлд хүргэнэ. Ингэсээр байтал л харуй бүрий болно.
Дөрөвдүгээр сарын дундаас ямаа самнаж, тавдугаар сарын дундаас хонь, хурганы ноос авсаар байтал наадамтай золгоно. Ийм л амьдрал дунд миний бага болон хүүхэд нас өнгөрсөн.
Намайг зургаан настай байхад, арваннэгдүгээр сарын дундуур айлууд өвөлжөөндөө нүүж байсан үе. Аав гэнэт өвдөж сумын эмнэлэгт хэвтэж манайх гэдэг айл Дэрст хэмээх намаржаандаа ганц гэрээрээ үлдсэн билээ. Тооноор хад чулуу нь харагддаг тийм сүрлэг газар л даа. Аав 10 хоног эмнэлэгт хэвтээд гарах боллоо. Сумын төвөөс 20 шахам км хол газар. Гэтэл аавд унаа морь хүргэж, эмнэлгээс гаргаж авах хүн байдаггүй. Нэг өглөө намайг сумын төв рүү явуулах боллоо. Би ганцаараа хол явж үзээгүй, сумын төв рүү яаж, ямар замаар явахаа ч мэдэхгүй. Эмээ надад нэг морь унуулж, хөтөлгөө морь өгч энэ замаар яваад бай гэж хэлээд Баянхайрхан уулын зүг зааж байсан нь одоо ч санагддаг. Заасан замаар нь явсаар байж сумын төв орж аавыгаа эмнэлгээс гаргаж авахдаа “Миний хүү эр хүн болжээ” гэсэн магтаалын үг сонсож нэг их баярлаж байж билээ.
Би ер нь таван настай байхдаа ухаан орсноо мэддэг юм. Хар багаасаа өрмөнд нугасгүй дуртай. Тэр жил Зүүнговь суманд байдаг нагац эгчийндээ байхдаа тавиур дээр байсан сүүнээс өрмийг нь авах гэж зүтгэж байгаа түмпэнтэй сүү толгой дээрээ асгаж нэг их цочирдож ухаан орсон доо. Түүнээс хойшхи өнөөдрийг хүртэлх амьдралаа би мартдаггүй юм.
Миний эмээ намайг жигтэйхэн эрхлүүлнэ, бас үлгэр туульс их ярьж өгнө. Тэр жилийн намар нь Зүүнговиос намайг авч Малчин сум руу явах замдаа өдөржин Бум-Эрдэнэ гэх мэт үлгэр туульс ярьж явсан нь өнөөдөр ч нүдэнд харагддаг юм. Эмээгийн үлгэр туульс намайг эрдэм ном хөөх зам мөрийг зассан.
Би есөн настайдаа сургуульд орсон. Тэр үед манайх Бодгон гэдэг газар “урт” Сүрэн гэдэг айлтай өвөлждөг байсан. Энэ хүн Малчин сумын анхны багш байсан. Зээ охин Алтанцэцэг бид хоёрт хичээл заана. 100-гийн дотор тоо бодуулж, 35 үсэг цээжлүүлж, бичүүлэх гэж чамгүй оролдсон доо. Нэг удаа “Энэ ер нь ном сурахгүй хүн байна” гэсэн онош надад тавьж байж билээ. Ингэж 100-гийн дотор нэмж, хасчихдаг болсон доо.
Хоёр. Хүүхэд нас
Би 1965 онд буюу хөдөлмөрийн баатар Паавангийн Дамдин Хөнгөн үйлдвэрийн сайд байх үед Малчин сумын сургуульд элсч орсон. Би анги даасан гурван мундаг багшийн гар дамжиж аравдугаар анги төгссөн хүн. 1-4 дүгээр ангийн багш байсан Л.Дэмбэрэл багш маань одоо Бэлхэд, 4-8 дугаар ангийн багш Б.Пэлжээ одоо Налайхад амьдарч байна. 9-10 дугаар ангийн багш Л.Аюуш маань олон жилийн өмнө харамсалтайгаар нас барсан. Энэ гурван багшийн гар дамжсан нь миний аз байсан. Л.Дэмбэрэл багш маань хатуу чанд, Пэлжээ багш зөөлөн нямбай, Аюуш багш маань мэргэжил, номондоо бүрэн ууссан нэгэн байлаа.
Би сургуульд байхдаа онцгой гойд сурлагатай байгаагүй ч ангидаа эхний тавд багтдаг байлаа. Нэг онцлог нь сахилгагүй, хөдөлгөөнтэй, шазруун нэгэн байсан санагддаг. Юм л бол одоогийнх шигээ хэл аманд орооцолдоно.
Манай сумын дарга Бадам гэж тэр үедээ ёстой л цуутай дарга байлаа. Халх голын дайнд оролцож явахдаа танкинд гараа “гишгүүлж” нэг гар нь богино болчихсон хүн л дээ. Сүхбаатарын хоёр одонтой Улстөрийн товчооны гишүүн Цагаан ламын Дүгэрсүрэнг загнаад явуулчихдаг зангарагтай эр байсан. Хүнийг хөгшин залуу, эр эм гэлтгүй жигтэйхэн загнаж хараадаг, тэгсэн атлаа ер бусын цайлган хүн. Манай сумынхан Бадам даргад загнуулахаасаа ухаан алдталаа айна. Энэ хүн дарга байхад манай сум улсын социалист уралдаанд гурваас хойш орж үзээгүй. Намайг оюутан байхад гэнэт бурхан болсон. Түүнээс хойш хэдэн жил сумын ажил дампуурсан даа. Сайн даргын хаялга тийм л байдаг юм.
Бадам даргын нэг охин нь манай ангид сурч байсан, Цэргээ гэдэг нэртэй. Дөрөвдүгээр ангид сурч байхдаа нэг удаа ангийн жижүүр хийж, шал угааж байтал Цэргээ “Малчиныхан” гээд өдөөд болдоггүй, дургүй хүрээд “Хяргасынхан тийм сайн юм бол аавыгаа авчирж шал угаалга” гээд хэгжүүрхчихлээ. Цэргээ уурлаад аавд хэлнэ гээд гүйгээд явчихлаа. Би ангидаа үлдээд шал угаагаад зогсож байтал “Бадам” дарга ирж явна гэдэг юм байна. Ум хум зугатаад хураасан модон дундуур ороод бултчихлаа. Намайг бараг 30 минут хайгаад олоогүй. Маргааш нь хэсгийн төлөөлөгч Даваагийнд очиж ус зөөж, түлээг нь хагалчихаад гэрт нь байж байв. Мань хүн үдийн цайгаар гэртээ ирж цай ууж сууж байснаа “Нямдорж чи өчигдөр ямар хэрэг өдүүлсэн бэ?” гэж байна. Болсон явдлыг хэлсэн чинь “Өнөөдөр Бадам дарга дуудаад Цэндийн залууг сургуулиас хөө” гэж хэллээ гэж байна. Хөөгдөхөө хүлээж байтал чимээгүй өнгөрсөн дөө.
Долдугаар ангид байхад ангийнхаа нэг хүүхдэд гар хүрчихлээ. Бөөн шуугиан, нөгөө л ордонд хүн цупаридсантай адил юм уу даа. Тун удалгүй аймгаас Потоо гэдэг прокурор ирж сургуулийн бүх багш сурагчийн хурал болдог юм. Гурван сахилгагүй хүүхдийг босгоод баахан зэм хүртээсний нэг нь би байлаа.
Наймдугаар ангид байхдаа нэг охинд захиа өгч байгаад баригдчихлаа. Морины гэх гавьяат дуучин Батбаярын аав Гэнэн багш манай сургуулийн дотуур байрны багш байсан юм. Бөөн байцаалт боллоо.
Энэ бүхнээс “илгээлт авах бүх болзлоо” хангачихаад гуравдугаар улирлын амралтаар гэртээ харилаа. Хэд хоночихоод сум руу буцах гэж байхад аав хүрлийн сууж байснаа “Чи сургууль төгсөөд яах гэж байна” гэж асуулаа. Миний өдүүлсэн бүх хэргийг мэдэж байсан юм чинь “Илгээлт ав” гэж хэлэх нь дээ гэж бодоод “Та мэд” гэлээ. Аав “Ном сурч чадах уу” л гэж байна. “Магадгүй” гээд хэлчихлээ. Тамхиа баагиулж нэлээн чимээгүй сууж байснаа “Чи тэгвэл тэр номынхоо мөр хөө. Бид амьдралаа болгоно оо” гэдэг юм байна. Амьдрал туйлын амаргүй байсан ч ингэж л аав минь миний амьдралын хамгийн гол шийдвэрийг гаргаж, эргэлт буцалтгүй номын мөр хөөх зам харгуйг зассан даа. Бараг бичиг үсэгт тайлагдаагүй, нутагтаа ганц биеэрээ хэдэн хүүхдийнхээ төлөө зүтгэж байсан аав минь мөн ч холын ухаантай байж дээ гэх бахархлыг насан туршдаа сэтгэлдээ тээж явдаг юм. Би хааяа дургүй хүрэхлээр “би зүгээр нэг Нямдорж биш, Цэндийн Нямдорж шүү” гэж аархдагийн учир энэ.
Алдарт П.Ганбатын дуулдаг “Хожим эргээд санахлаар” гэж нэг гоё дуунд:
“Эрдмийн аянд хүүгээ үдээд
Эмээлт морио хөтлөөд буцахаар
Элгэндээ хоргодож хүүгээ тэврээд
Эгэлхэн ухаантай аав минь дээ” гэсэн нэг гоё бадаг байдаг юм. Энэ дууны энэ л бадгийг дуулахаар аав нүдэнд үзэгдэж, хоолой зангирч, нулимс цийлэгнээд болж өгдөггүй юм. Яг л миний амьдрал. Энэ дууг би яамныхаа шинэ жилээр П.Ганбаттай хамт дуулж байсан үеийн зураг надад бий. Сүүлд С.Жавхланг ятгаж байгаад сэргээж дуулуулсан.
...Аав дээрх шийдвэр гаргахдаа ээж, эмээ хоёртой урьдчилж яриагүй юм шиг байгаа юм. Аавыг тэгэж хэлэхэд хоёул таг болчихсон. Ядарч, зүдэрч байсан юм чинь эрийн цээнд хүрч буй хүүгээ хажуудаа авч тус дэм авах ер бусын хүсэл тэр хоёрт байсан байж таарна.
Миний ээж сайхан дуулчихдаг, унтаж амрахаа мэддэггүй их уран хүн байсан юм. Тэгэхдээ аавыг бодвол хатуу. Надад гар хүрэх цорын ганц онцгой бүрэн эрхтэй хүн ээж л байв. Хааяа дүрсгүйтээд жавтий хүртэх үед эмээ намайг дарж хэвтээд хормойгоороо биеийг минь халхалчихдаг байсан. Ээж яаж ч чадахгүй харж зогсож байснаа гэнэт инээгээд буцдагсан.
Бавуугийн Лхагвасүрэнгийн “Ээжийнхээ ачийг яалаа даа” гэдэг гайхамшигтай дуунд: “Билүүтэй уулынхаа овоондоо
Ойрдоо нэг очлуу даа хө
Бие хувааж төрүүлсэн
Ээжийнхээ ачийг яалаа даа” гэсэн бадаг байдаг. Ардын жүжигчин А.Долгортой энэ дууг би нэгэн удаа шинэ жилээр ээжийгээ санан байж дуулахад манай Д.Лүндээжанцангийн гэргий Оюунцэцэг уйлж байсан гэдэг юм.
1999 онд миний улстөрийн амьдралд яг одоогийнх шиг хүнд хэцүү үе тохиож билээ. Нөгөө ТЕГ-т шалгалт хийсэн, Эрдэнэт тойрсон улстөрийн маргаан, Үндсэн хуулийн өөрчлөлт гэх мэт олон хэрэг “мандаж” байх үед “Нямдоржийг дуусгана” гэсэн битүү занаа авсан юм. Үүнээс яг гурван хоногийн дараа орой нь гэртээ инээгээд сууж байсан ээж минь шөнө нь бурхан болсон. Надад ирсэн аюулыг миний өмнөөс тэвэрч, сүүлийн удаа хүүгээ харамлаж өөрийгөө зольж дээ гэж би боддог юм шүү.
Гурав. Оюутны он жилүүд
Би 1975 онд аравдугаар анги төгссөн. Ямар сургуульд явах, ямар мэргэжил сонгохоо ч бодоогүй байсан үе л дээ. Аяндаа л дотуур байранд байсан тул нэг орой ирээдүйн сургууль мэргэжлийн тухай яриа болоод явчихлаа. Нөгөө ангийн Түргэний Уламбаяр, “би хуульч болно” гэдэг юм байна. Би долдугаар ангид байхдаа прокурор Потоод загнуулж байсан болохоос хуульч гэдэг мэргэжил байдгийг, ийм мэргэжил эзэмшсэн хүн төгсөөд юу хийдгийг ч мэддэггүй байсан үе л дээ. Би түүнээс “Элсэлтийн шалгалт ямар хичээлээр өгөх вэ?” гэж асуухад “хэл уран зохиол” гэж байна. Би тоонд тааруу хэл, уранд зохиолд гайгүй байсан тул шалгалтын амрыг бодон дотроо нэг юм бодоод л хаячихсан.
Тэгээд төгсөлтийн шалгалтууд дуусч Баруунтурууныхантай нийлээд 180-аад хүнийг сурлагаар байр эзлүүлэхэд би долдугаарт орчихлоо. Эхний 30-аад хүүхдэд дээрээс нь дугаарлаж байгаад гадаадад сурах хувиар өгөх боллоо. Аймгийн намын хороон дээр төгсөгчдийг цуглуулж хувиар амлуулах ажил эхэлж, ээлж над дээр ирлээ. Түүн дотор “олон улсын харилцааны хуульч” гэсэн нэг хуваарь байсныг дотроо ониллоо. Ээлж над дээр ирж тэр саналаа хэллээ. Комиссын дарга Балсан “аав чинь юу хийдэг вэ?” гэхэд “малчин” гэж хариултал “болж байна” гэж байна. Дараа нь Баруунтуруунаас ирсэн 30 хавьд орсон нэг хүүгийн ээлж ирэхэд “Би уг нь тэр олон улсын хуульчийг авъя” гэж бодож байсан гэдэг юм байна. Түүнээс бас л “Аав чинь юу хийдэг вэ” гэж асуухад хөдөлмөрийн баатар, хоньчин гэж байна. Ингээд л миний авсан хуваарь өөр хүнийх болж, би Улсын прокурорын харьяанд суралцах болсон доо.
Ингэж хуваарь авчихаад Улаанбаатарт ирж гурван шалгалт өгч (орос хэлийг чүү ай давсан) Эрхүүгийн бэлтгэлд очиход газар газраас 30-аад хүүхэд хуулийн бэлтгэлд ирсэн. Нэг жил сурч төгсөхөд арай дөнгүүр сурсан гурван хүүхдийг Ленинградын УИС-ийн хуулийн факультетэд хуваарилсны нэг нь би болж таарсан даа. Ленинград хотыг 1703 онд Петр хаан үндэслэсэн, Их сургууль нь дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн, багш нар нь аугаа ийм л сургууль. Одоогийн ОХУ-ын Ерөнхийлөгч Путин 1976 онд буюу биднийг очдог жил төгссөн, биднийг 1981 онд төгсөхөд Ерөнхий сайд Медведев элссэн сонин түүх байдаг юм. Өөрөөр хэлбэл бид багш нэгтэй гэсэн үг л дээ.
Тэнгэрийн доорхи ил музей мэт санагдах дэлхийн хамгийн гоёмсог энэ хотод таван жил сурч, амьдрах ховорхон аз бидэнд ийнхүү тохиосон юм.
Хагас, бүтэн сайн өдрүүдэд бусад хотоос монголчууд ирж зочилно. Тэр бүрд Эрмитажаас эхлээд бүх дурсгалт газруудыг үзүүлнэ. Цагаан шөнө нь бүр гайхамшигтай. Төгсч ирээд хоёр жил Ленинград зүүднээс гараагүй шүү. Бидний багш нар гайхамшигтай. Нюрбургийн шүүх хуралд Зөвлөлт Холбоот Улсыг төлөөлж улсын яллагчаар оролцож байсан хэд хэдэн хүн бидний багш байсан гээд бод доо. Иргэний хуулийг Иоффе багш заахад лекцийг нь бичиж авах гэж гаднаас магнитфонтой хүмүүс ирдэг, зааланд нь шумуул ниссэн ч сонсогдохоор ийм л томчуудаар эрдэм заалгаж мэргэжил эзэмшсэн дээ.
Би оюутан байхдаа Валентин Зорины “Титэмгүй хаад” гэдэг номыг учиргүй шимтэн дэс дараалан уншсан. Генри Форд Рокфеллерээс эхлээд Хант хүртэлх Америкийн бүх баячууд яаж хөрөнгөжсөн, өөрөөр хэлбэл капиталист нийгэм хэрхэн болсон тухай ном. Хожим социализм сүйрч, Монгол газар шороон дээр капиталист нийгэм бий болно гэж яаж мэдэх вэ дээ. Зүгээр л уншаад байсан. Энэ ном миний хуульчийн, тэр тусмаа хууль зүйн сайдын албан хашиж байхад мөн ч олон удаа шийдвэр гаргахад нөлөөлсөн дөө.
Бид сурч байхдаа “гадаадын оюутан” гэж амьхандаа томорч хааяа хичээл тасалж, аахар шаахар наймаа хийнэ. Тэр үед нэг Дарханы нэхий дээл, хоёр ширхэг савхин дээл, хэдэн тарваганы арьстай хил гарахад жилээ даана. Бас болоогүй гайгүй үнэтэй хөгжим, пянз авч өөрийн болон Уулын дээд сургуульд диско зохиож оросуудад “томорно”. Төгсөхдөө хоёр өрөө байрны тавилгатай ирж хэрэндээ л баярхуу байсан гэх үү дээ.
Дөрөв. Улсад хөдөлмөрлөсөн он жилүүд
1981 онд Улсын прокурорын нэр дээр 30 залуу төгсөж ирэхэд ганц намайг төв аппаратад авч үлдээд, бусдыг нь хөдөө томилсон. Арай гайгүй дүнтэй төгссөн болохоор л тэгж шийдсэн байх. Түүнээс намайг татаж, “арын хаалгадах” хүн үнэндээ байгаагүй. Тэр жил саяхныг хүртэл УИХ-ын гишүүн байсан Л.Цог шалган зааварлах хэлтсийн дарга болж орон тоо нь онгорхой байсан учраас намайг томилсон. Цэргийн шүүхийн асуудал хариуцсан хэлтсийн прокурор гэдэг албанд томилогдож, намар нь автоматаар дэслэгч болсон. Прокурор болох гэж, цэргийн хүн болох гэж таван жил ёстой л хөглөсөн дөө. Монголын хууль мэдэхгүй, хэрэг уншаад ойлгохгүй, танилцуулах гэхээр аялгаасаа ичнэ.
Миний өрөөнд миний аавтай ижил нэртэй Цэнд гэдэг нэртэй, нүдний шилтэй өвгөн, Ш.Бямбажав гээд залуухан эмэгтэй сууна. Хэлтсийн дарга Янжмаа (эрэгтэй) гэж жигтэйхэн дөлгөөн хүн уг хэлтсийг удирдана. Энэ гурьан хүн л намайг прокурор болгосон доо.
Дээр нэр дурдсан Цэнд гэдэг өвгөн 60-аад оноос Сайд нарын зөвлөлийн хуулийн хэлтэст ажиллаж тэр үеийн бүх хуулийг бичсэн эгэлгүй нэгэн байсныг хожуу мэдэж билээ. Энэ Нямдорж гайгүй юм болж магадгүй, татаж аваарай гэж Сайд нарын зөвлөлийнхөнд захиж байсан юм билээ. Үүнийгээ надад ч хэлэлгүй бурхан болсон. 1990 онд намайг Сайд нарын зөвлөлд авсан нь ийм учиртайг бүр хожуу мэдсэн. Прокурорт байхдаа би Гүнсэн, Бүдрагчаа, Даваасамбуу гэсэн гурван генералын гар дамжсан хүн дээ. Гурвуулаа “яая” гэсэн том хуульч, өөрийн онцлогтой. Гүнсэн прокурор харцаараа хүн удирдана, Бүдрагчаа прокурор ер бусын ой санамжтай, юм болгоныг өчүүхэн ч шүүмжлэх аргагүй болтол нь засна, Даваасамбуу генерал залуу хүнд итгэхээсээ айхгүй, яг алдах үед нь мэдэрч чиг зүг заадаг, тэр нь зөв байдаг.
Тэр үеийн Дээд шүүхийн шүүгчид ёстой л шалгарсан шилдгүүд байсан. Хэдэн хоног хэрэг уншаад мангуурч, мухардалд ороод орж асуухад хоёр минут сонсч, ширээнээсээ ганц тайлбар гаргаж ирээд л гурван үг хэлэхэд яг голоор нь хэлнэ. Үнэхээр биширмээр хуульчид байсан даа. Ийм л агуу мэдлэг чадвар, амьдралын хар ухаан надад шингэсэн тулдаа өдий дайтай яваа байх шүү. Түүнээс надад онцгой гойд юм байхгүй. Жишээ нь, Цэнд прокурор, Бүдрагчаа генералын цаастай цөхрөлтгүй зууралддаг араншин надад “халдварлагдсан”.
Би прокурорын байгууллагад бараг 10 жил ажиллаж, хэлтсийн прокурор, тасгийн дарга, Цэргийн ерөнхий прокурорын нэгдүгээр орлогч зэрэг алба хашиж “хурандаа” рангитай байхдаа Сайд нарын зөвлөлд бараг сар шалгуулж, тоншуулж байж “мэргэжилтэн” гэдэг албан тушаалд цалин бууран байж “дэвшсэн” юм. Энэ ордонд ажилд орох чинь тийм л өндөр шалгууртай байсан даа. Ингээд 1990 оны аравдугаар сард Хууль зүйн тэргүүн дэд сайд, 1992 оноос УИХ-ын гишүүн болсноос үүнээс хойшхи хугацааны Нямдорж гэдэг хүний амьдралын сайн мууг Та бүхэн нэгэнт мэдэх учраас нурших шаардлагагүй байх.
Миний их улстөрд хөл тавьсан хугацаа нэгдүгээрт, социалист нийгэм нурах, хоёрдугаарт завсрын хүнд бэрх он жилүүд, гуравдугаарт хуучнаар бол Монгол газар шороон дээр анх удаа хөрөнгөтний нийгэм байгуулагдах үйл явцтай яг давхацсан. Маш товчхон хэлэх юм бол шинэ цагийн Монгол төр боссон он жилүүд.
Манжийн эрхшээлд 200-гаад жил, коминтерний нөлөөнд 70 жил амьдарсан энэ улс 1990 оноос өөрийнхөөрөө бие даан амьдрах гэж оролдсон 30 шахам жил юм. 1950-иад онд төрсөн бид 1990 онд дөнгөж 30 гарсан үе байлаа. Д.Лүндээжанцан, Н.Энхбаяр, Ч.Улаан, Ө.Энхтүвшин, Р.Гончигдорж, Д.Дорлигжав, Н.Алтанхуяг, Б.Баабар, Э.Бат-Үүл гээд. Энэ 30 шахам жилийн хугацаанд энэ үеийнхэн чамгүй ачаа үүрч, сайн муугаар их ч дуудуулсан. Гэхдээ бидэнд нэг л нийтлэг зүйл байдаг. Бид гурван төрийн нүүр үзэж, шинэ цагийн монгол төр боссон түүхийн оролцогч бөгөөд амьд гэрчүүд.
Тав. Улс төрдөх миний он жилүүд
Төр түмний буянаар энэ 30 шахам жилд би Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Намын дарга гурваас бусад албан тушаалыг хашиж үзжээ. Анхны хуульч УИХ-ын дарга, завсаргүй долоон удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож, нэг удаа Хууль зүйн тэргүүн дэд сайд, таван удаа сайдад томилогдсон. Хүн бүхэнд тохиолдоод байдаггүй хувь тавилан. Гэхдээ миний сайных биш төрүүлсэн эцэг эх, төр түмний буян заяа намайг түшсэн хэрэг.
1990 онд 55 хуультай байсан Монгол орны амьдралыг өнөөдөр 800 гаруй хууль зохицуулах боллоо. Өөрөөр хэлбэл орчин цагийн Монгол төрийн хуулийн байшин боссон гэсэн үг. Энэ ажилд би тасралтгүй гар бие оролцсон. Эхлээд прокурорт, дараа нь УИХ-д нийт дүнгээрээ 30-аад жил Монголын төрд хамтран зүтгэх ховорхон тавилан Д.Лүндээжанцан бид хоёрт тохиосон юм. Би “гэртээ Долгормаа”, “ажил дээр Лүндээжанцан” гэдэг “хүзүүний зүүлттэй” хүн дээ гэж марзганадаг юм.
Энэ хугацаанд орчин цагийн Монгол хуулийн бичилтийн хэв маягийг бий болгосон гэж дотроо бодож зүтгэсэн гэх үү дээ. Орондоо ч, онгоцонд ч хууль бичдэг гэж хэлчихээд баахан адлуулсны учир ердөө энэ. Би өөрийнхөө гараар орсон хуулиудын бичилтийг таньдаг болчихсон. Одоо энэ ажил ерөнхийдөө зүгширсэн.
Хууль бичих ажил хүнээс сэтгэл, тэвчээр их шаарддаг. Нэг л үг буруу бичвэл улс орныг, хүнийг хорлочих гээд байдаг, хэллэг нь модон төвөгтэй ажил. Сэтгэл байхгүй бол илж өнгөрдөг ийм л ярвигтай эд. Б.Чимид багшийн бичсэн хуульд гар хүрч болдоггүйг би энэ биеэрээ мэдэрсэн хүн.
Сайдын ажлыг олонтоо хийх хугацаандаа би хууль, дэг журмаас гадна барилга байшинтай их ноцолдсон. Социализмын үед намайг оюутан болсноос хойшхи хугацаанд миний мэдэхийн Ж.Авхиа Улсын ерөнхий прокурор байхад тус байгуулсан одоогийн контор баригдаж, Лувсангомбо гуай НАХ-ын сайд байхад одоогийн Тагнуулын ерөнхий газрын хурлын заал гэсэн хоёр шинэ байшин хуултийн салбарт баригдаж ашиглалтад орсон. Өөр ер нь шинэ юм, том юм баригдаагүй. Хуулийнханд дандаа ийм үлдэгдлийн зарчмаар ханддаг болохоор ажиллах нөхцөл туйлын хүнд. Ерөнхий нөхцөл ийм байсан болохоор сайдаар ажиллах хугацаандаа энд л нэг “эргэлт” гаргаж ойрын 50-100 жил хууль, хяналтын байгууллагын ажиллах байр байшингийн асуудлыг шийдвэрлэе гэж зорьсон юм. Энэ бол миний сайд байхын, сайд хийхийн утга учир, гол мөрөөдөл байсан. Бичлэгийг нь эс тооцвол хуулийг дараагийнх нь үе гарч ирээд өөрчлөөд тонгочуулаад хаячихдаг мөнх биш, байшин барилга 100-150 настай учраас нурааж чаддаггүй, өмнөө тавьсан зорилго ч биелж байна.
- Би хөдөөгийн хүн. Тэндхийн цагдаагийн зовлонг мэднэ. Тэнд очсон цагдаа бүр айлын тогоо харж амьдарна, дагаад нөлөөнд орно. Үүнийг өөрчлөх гэж 2003 оноос цагдаагийн кабон барих ажлыг Төв аймгийн Баянчандмань сумаас эхлүүлсэн, одоо 330-аад сумын цагдаа ийм байртай болсон. Цагдаа, төлөөлөгч хоёр амьдрах байр, ажлын хоёр өрөө, машины граж, нэг жижигхэн саатуулах байртай тэндээ л таарсан эд.
- Манай салбар 30000 алба хаагчидтай, Монголдоо хамгийн нүсэрт тооцогддог, ажил нь хүнд дандаа хэл ам, хэрүүл гомдол дагуулна. Хотод орж ирнэ, үзүүлэх эмнэлэг олдохгүй. Хуучин НАХЯ-ны эмнэлэг гэж байсан, тэр нь актанд гарсан. Суурин дээр нь ганц гайгүй эмнэлэг бариулахаар хөөцөлдөж ажил эхлүүлж 2012 онд ажлаа өгөх үед холбоо хоёр байшингийн урд корпусыг ашиглалтанд оруулж MRI, томограф гэсэн хоёр үнэтэй аппаратыг нь суурилуулж өгөөд явсан. Дараагийн засаг контор хийх гэж дөрвөн жил будилуулж бөөн л юм болсон. Бүр манай нам засаг байгуулсны дараа С.Бямбацогт сайдын үед өөр тийш шилжүүлэх гэж оролдохоор нь МАН-ын Удирдах зөвлөл дээр хуурай агсам тавьж байж системдээ үлдээсэн. Дараа нь гуйж гувшиж Австрийн 8,0 сая еврогийн зээлд хамруулж одоо л нэг ажил нь жигдэрч байна.
- Манайх цөөн хүнтэй, түүндээ таарсан албан хаагчидтай. Гэхдээ хүнд бүх эрхтэн хэрэгтэй байдаг шиг юм бүхэн шаардагдана, байгууллага бүр дор бүрнээ нэг дээд сургуультай байх гэж оролдоно, тэр бүр нь зардал ихтэй. Энэ бүхнийг тооцож Цагдаагийн сургууль, Хилийн цэргийн сургууль хоёрыг нэгтгээд Дотоод хэргийн их сургууль байгуулж тэнд тусгай албаны бүх мэргэжилтэн бэлтгэхээр болгосон. Дараа нь 850 оюутны дотуур байр бариулж ашиглалтанд оруулаад 40000м2 талбай бүхий хичээлийн байрны барилгын ажлыг эхлүүлээд явсан. Х.Тэмүүжин, Д.Дорлигжав хоёр үргэлжлүүлсэн. Энэ ажлыг дуусгах гэж мөн ч их хөөцөлдсөн. Оюутны орны мөнгийг хүртэл Сангийн яамнаас авч өгч ийм ор ав, тийм ор хэрэггүй гэж хүртэл яншиж явсан. Социализм “нурсан”-аас хойш ийм том сургууль баригдаагүй. Одоо ашиглалтад аль хэдийн орсон, 2,0 сая долларын лаборатори байгуулах ажил хийгдэж байна. Ингэж нэг том мөрөөдөл биелсэн, цаашдаа ч бодож байгаа юм бий.
- Манай цагдаа Монголын хамаг хүнд хэцүү бүхэнтэй зууралдана, Нийслэлийн цагдаа, Мөрдөн байцаах газрын контор нь актлагдсан мөнгө олдохгүй. Ийм байх үед Нийслэлийн цагдаагийн байшин бариулмаар байна гэж Сандаг-Очир нэг зураг барьж орж ирсэн. Гадна фасад нь дажгүй, уг нь Ленинградынх шиг нэг байшин бариулах далд мөрөөдөл тээдэг байсан үе л дээ. Санаанд ерөнхийдөө нийлж байвч нийслэлд нь мөнгө байхгүй. Ингээд л гуйж гувших ажлаа хийж Ерөнхий сайд С.Батболдоор зөвшөөрүүлж, улсын төсвөөс хөрөнгө гаргах болсон. Ашиглалтад ороход Цагдаагийн ерөнхий газар тийш орж, Нийслэлийн цагдаа хуучин байранд нь орсон.
Сая сайдын ажил аваад Мөрдөн байцаах газрын конторын санхүүжилтийг шийдүүлж одоо барилгын ажил ид явагдаж байна. Яамны шинэ эмнэлэг ашиглалтад ормогц хуучин эмнэлгийн барилгыг цагдаад шилжүүлэх шийдвэрийг 2012 онд гаргуулсан. Одоо тэнд хэрэг бүртгэх алба орсон, хөөрхөн засвар хийгээд тохижсон байх жишээтэй.
1911 оны Богдын засгийн таван яамны нэг нь манай яам. 1958 онд татан буугдаж 1972 онд дахин байгуулагдсан. Түүнээс хойш өөрийн гэсэн контортой байсан түүх байхгүй. Хэн ч орсон нүүр улайхгүй нэг байртай болох мөрөөдлийг өөртөө ”нууж” явсан. Сая л нэг боломж гарч одоо барилгын ажил эхлэх гэж байна. Гайгүй юм болох байх аа.
- МУИС-ийн өмнө хуучин архив байсан барилга нь хуучирсан, зориулалтын бус учраас шаардлага хангахгүй,түмпэнтэй ус тавьж чийгшүүлэлтийн асуудлыг шийдвэрлэх жишээтэй. Архив нь өөрөө Монголчуудын түүхийг хадгалдаг цорын ганц газар, байрны асуудлыг шийдвэрлэхээс өөр ямар ч гарц байхгүй. Ингээд 2011 онд Буянт-Ухаад байшингийн ажлыг эхлүүлж бөөн хэрүүл болж нэлээд дөхүүлээд дуусгаж чадалгүй явсан. Сүүлд мөнгөгүй болчихоод Д.Дорлигжав хуучин байшинг нь зарж хэдэн төгрөг олж байж дуусгасан. Энэ байшин одоогийн архивын материалыг бүрэн багтааж ирээдүйн 100 жилийнхийг нэмж шингээх багтаамжтай эд, тун удахгүй 19 сая долларын тодорхой төсөл хэрэгжиж орчин үеийн тоног төхөөрөмжтэй нэг гайгүй архивтай болох юм.
- Гадаадын иргэн, харьяатын албыг анх 2003 онд байгуулж, автотээврийн төвд хэдэн өрөө хөлсөлж ажилд нь оруулж энэ байгууллага шинээр эмхлэн байгуулагдсан түүхтэй. Шинэ байгууллага бий болгох, түүнийг хөл дээр нь босгох нь орон байрнаас эхлээд ярвигтай, чимхлүүр ажил. Ингэж явж байгаад Буянт-Ухаад газар авч эхлээд албан конторыг нь дараа спорт заалыг бариулж ашиглалтад оруулж Замын-Үүд, Алтанбулаг зэрэг газруудад салбарыг нь бий болгож одоо ажил нь ерөнхийдөө жигдэрсэн.
- Монголд шүүх шинжилгээний бие даасан байгууллага бий болгох, ээлжит зорилтыг дэвшүүлж хуулийг нь батлуулж 2008 онд шүүх эмнэлгийн дэргэд одоогийн байрыг бариулж аймгуудад салбаруудыг нь байгуулах ажил хийгдсэн.Төрөл бүрийн шүүхийн шинжилгээг цаг үед нь тааруулж шинэчлэх ажил хуулийн байгууллага алдаагүй, зөв ажиллах нэг нөхцөл. Одоо тэнд гадны төсөл хэрэгжиж бааз суурь нь сайжрах ээлжит ажил хийгдэж байна.
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар олон салбартай хэл ам ихтэй, хүн ажиллах онцгой хүнд нөхцөлтэй. Цэргийн прокурорт байхдаа “Ганц худаг”-т очиж хэрэгтэн байцааж тэндхийн нөхцөлтэй бишгүй танилцсан. Жилд 1000-аад хүн ороод гардаг тэнд элдэв сүрьеэ, халдварт өвчинтэй болж гараад түүнийгээ улс даяар тараана. 1990-ээд оны эхээр 400 хүн тэнд тураал өвчнөөр нас барсан. Энэ бүхнийг тооцож одоогийн 461 дүгээр анги буюу цагдан хорих шинэ төвийг бариулж ашиглалтад оруулсан. Эндээс “бүтээн байгуулалтыг хийж болох юм байгаа” гэсэн итгэл төрж бараг бүх ангиудад ийм ажил өрнөж их ч ажил хийгдсэн. 2012 онд намайг явахад дансандаа 10,0 тэрбум төгрөгтэй үлдсэн. Энэ мөнгөөр Х.Тэмүүжин 800 хоригдлын багтаамжтай шинэ хорих анги барих ажил Баянзүрх дүүрэгт эхлүүлж саяхан энэ ажил дуусч барилга байгууламж нь ашиглалтад орлоо.
Манай хил хамгаалах байгууллага ажил нь жигдэрсэн хамгийн хэл ам багатай газар. Гэхдээ л Сулинхээрт дандаа хүнд хэргүүд гарна. Сураглаад байхад хэлмэгдүүлэлтийн үед нураасан сүмийн чулуу бусад материал ашигласан гэдэг яриа гарсан. Ер нь нүүлгэхгүй бол болохгүй нь гэсэн ойлголт авч Хатанбулагт шинэ отряд байгуулах шийдвэр гаргуулж ажил эхлүүлсэн. Одоо отряд шинэ байрандаа орж сүрхий тохижсон гэж танилцуулсан. Удахгүй очиж үзнэ.
- Хэдийгээр намайг шүүхэд халгаатай гэж үздэг ч түүний материал техникийн баазыг бэхжүүлэх гэж хэрэндээ л хичээж ирсэн. 2000 онд сайд болсныхоо дараа “Шүүх эрх мэдлийн шинэтгэл нэртэй 10 сая долларын төсөл хэрэгжүүлж, гуйж гувшин байж Дэлхийн банкны төсөл авч энэ хүрээнд 5-6 шүүхийг шинэ контортой болгож байлаа. 1991 онд хууль зүйн тэрүүн дэд сайд байх үедээ одоогийн Баянзүрх дүүргийн байшинг өмч хувьчлалын комиссын дарга Шадар сайд Да.Ганболд дээр орж гуйж авч өгч байсан тохиолдол ч бий.
- Манай салбар олон хүнтэй, ихэнх нь орон байргүй. Ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тэр тусмаа орон байр, гал голомттой болгох явдал нэг том зорилт байсан. Элдэв арга хэрэглэж багагүй ажлууд хийгдсэн.
Өмнө нь намайг сайд байх хугацаанд 3500 орчим алба хаагч орон сууцанд орсон. Яамныхаа 74 ажилтны дөрвөөс дээш жил ажилласан 40 хүнд байр олгоод 2012 онд тэндээс явж байлаа. Намайг явсны дараа хөөгөөд гаргачих вий гэсэндээ орон сууцыг хувьд нь өгөх шийдвэр Засгийн газраас гаргуулчихаад шийдвэр гүйцэтгэх байгууллага дээр очиход баярласандаа зарим нь уйлаад сууж байсан. Орон гэртэй болох ийм л чухал эд. Одоо “Алба хаагч бүрт-орон сууц” гэсэн хөтөлбөр гаргаж ир гэж үүрэгдчихээд сууж байна.
- 2006 онд Чингисийн эзэнт гүрэн байгуулагдсаны 800 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан арга хэмжээний хүрээнд одоогийн УИХ-ын хуралдааны танхимыг сандал, ширээ, тоног төхөөрөмжтэй нь бүрэн шинэчилсэн. Сандал ширээ нь Лаос улсаас бэлэглэсэн дэлхийд алдартай улаан хүрэн мод л доо. Би дэлхийн олон парламентын ажилтай танилцаж байсан, манайх тэднээс дутахааргүй болсныг нүдээрээ харсан.
- Манайх бурхны шашинтай орон. УИХ-ын дарга байхдаа Гандан хийдийн шинэ байшинг бариулах ажлыг эхлүүлсэн, одоо дуусч байна. Харь шашин нэвчиж хотын төвд өндөр үнэтэй хийдүүд бариулаад байхаар нь “шаралхаж” энэ ажлыг эхлүүлсэн. Азид л байхгүй сүм болно гэсэн горьдлого бий.
Зургаа. Төгсгөл буюу Эх-орны ирээдүй
Сүүлийн 30-аад жил Монголчууд бид төр улсаа бие даан авч явах гэж чамгүй зүтгэлээ. Алдаанууд байгаа ч гэсэн оносон нь их гэдэгт би эргэлздэггүй. 1990 онд улс орон тэр чигтээ картын системд шилжиж байхад ганзгын наймаагаар бизнесээ эхэлсэн залуучууд өнөөдөр энэ улсын эдийн засгийг аваад явчих чадвартай боллоо. Хэл ам их дагуулдаг ч гэсэн сонгуулийн ардчилал төрийн удирдлагын хэв маяг болон хэвшиж байна. Манай хүүхэд залуучууд дэлхийн түвшинд сэтгэх, ажиллах, амьдрах, өрсөлдөх чадвартай болж байна. Энэ улсыг биднээс хойш аваад явчих залуучууд энд сууж байгаа та нараас эхлээд хаа сайгүй байна. Энэ бүхнээс харахад ирээдүй өөдрөг харагдаж байна. Гэхдээ санаа зовох юм багагүй байна. 2000 онд намайг сайд болж байхад “хар хүчирхийлэл” ид хүчээ авч, яг 1990-ээд оны Орос орон шиг болоход нэг л алхам дутуу байсан, бизнес эрхэлж байсан хүмүүс бүү хэл улстөрчид нь айдас хүйдэстэй амьдардаг байсан. Тэр эгзэгтэй үе ард өнгөрсөн.
2012 онд сайдын ажлаа өгөөд таван жилийн дараа буцаж ирээд нөхцөл байдлаа дахин авч үзвэл дээрхээс долоон дор нөхцөл байдал бий болж “цагаан захтнуудын” дураар авирлалт хэрээс хэтэрч эрх мэдэл, хууль хяналт, мөнгө, хэвлэлийн далд сүлжээ зохион байгуулалтын шинжтэй болж энэ улсын хамаг өнгөтэй бүхнийг цөөхөн гэр бүл хуйвалдан завшиж мөнхийн засаглал тогтоох ажил нэлээд гүнзгий явсан байна.
Нам гэх малгайн дор нуугдсан энэ бүлэглэл нэгдүгээрт, Дархан, Сэлэнгэ, Булган, Орхон зэрэг үржил шимтэй аймгууд дахь байгалийн асар их баялгийг өөрийн болгох, хоёрдугаарт, банк санхүүгийн салбарт ноёрхолоо тогтоох , гуравдугаар,т эрчим хүчний салбарт хяналтаа тогтоох “бодлого” гаргаж түүнийгээ “амжилттай хэрэгжүүлсэн” зураг харагдаж байна.
“Зэрэг нэмэхийн өмнө” хэмээх алдарт кинонд тал еэвэн үзүүлдэг шиг нам бүлэглэл дамжсан цөөхөн хүн зүсээ хувиргаж ард түмэнд илбэ үзүүлээд хэрэг дээрээ эрх мэдэл, мөнгөөр бүхнийг шийддэг ажил далдуур газар авч,нэг үгээр мафи маягийн тогтолцоо бүрэлдсэн гэсэн үг. Үүнийг нэн даруй таслан зогсоохгүй бол улс орны ирээдүйн хувь заяанд аюул нүүрлэлээ. Энэ бүлэглэл шүүх, хууль хяналтын байгууллагад томилуулсан хүмүүсээрээ дамжуулан Үндсэн хууль, Цэцийн дүгнэлт, Улсын Их Хурал, Засгийн газрын шийдвэрийг зогсоож чадаж байна. Цөөхөн хүнтэй, дээд түвшний хүмүүс нь бие биенээ маш сайн мэддэг, нам, нутаг ус, ураг төрөл, “цус”-аараа нарийн холбогдсон, хажуудаа хоёр их гүрэнтэй, байгалийн асар их баялагаараа их гүрнүүдийн шунал, шүлсийг татаж байдаг манай улс мафийн тогтолцоонд нэг л орвол буцаж гарах тавилан бараг байхгүй. Ингэж яваад энэ шунал нь шулам болсон бүлэглэлээрээ дамжин нэг л өдөр их гүрнүүдийн идэш болох магадлал туйлын өндөр. Өнөөдөр миний хамгийн их санаа зовоож буй гол асуудал энэ. Энэ улс орон дахиж бусдын хараат болох ёсгүй, хүчирхийлэл, мафийн сүлжээ хэзээ ч оршин тогтох ёс суртахууны эрхгүй гэж хатуу үздэг хүн би. Адлагдан байж тэмцээд байгаагийн учир утга энэ. Харийн эрхшээлд ороогүй, хүчирхийлэлгүй, мафийн сүлжээнд торлогдоогүй байхын цагт эх орны гэрэлт ирээдүй холгүй байна гэдэгт би бүрнээ итгэдэг. Бид энэ ертөнцөөс явахын цагт ард мөнхөд үлдэх эх орон, ард түмэн, миний гал голомтыг сахиж үлдэх үр хүүхэд, ач зээ, удам судар минь амар амгалан амьдарч Сүхбаатар жанжны хэлдгээр “Цэнгэлийн манлайд” амьдрах учиртай. Үүний тулд төр, ард түмэнд ирж буй нэг ч болов аюулыг тэврэн унаж аюулыг зайлуулах нь миний үүрэг. Яагаад гэвэл жирийн малчны хүүг өдий дайнд хүргэсэн Монголын төр, ард түмэнд би хэтэрхий их өртэй хүн. “Хаанаасаа хаалгач нь” гэдэг мэргэдийн үгийн учир чухам үүнд л оршдог гэж би үздэг юм.
Хүн л юм болохоор би алдаа, онооны дэнсэн дээр амьдарч явна. Оносон нь их байгаасай гэж дотроо залбирах үе зөндөө байдаг. Үүнийг түүх, цаг хугацаа, ард түмэн гурав шүүнэ. Цайныхаа дээжийг төрийнхөө сүлдэнд өргөдөг цорын ганц нүүдэлчин ард түмний төрд нэг ч хоногийн завсаргүй 40-өөд жил зүтгэх ховорхон тавилан бас минийх.
Аавын минь зурсан замын эхлэл, өрнөл, үргэлжлэл ийм болой. Төгсгөл нь ямар байхыг цаг хугацаа харуулна.
Та бүхнийг төрийн сүлд өршөөх болтугай.
Ц.Нямдорж (УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд)
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|