Хэнтийн сонгууль хойшилсон нь Р.Бурмаа нарын санаачилсан хуультай холбоотой юу

2018 оны 8 сарын 24

Arslan.mn

УИХ-ын  гишүүн асан Д.Гантулга өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөр Хэнтий аймгийн 42 дугаар тойрог төлөөлөлгүй болчхоод байгаа. Экс гишүүний чөлөөлөгдсөн шалтгаан, шүүх хурлынх нь дүн яаж гарах тухайгаас илүүтэй Монгол Улсын хэсэг иргэд Үндсэн хуулиар олгогдсон хууль тогтоох дээд байгууллагад төлөөлөлтэй байх эрхээ алдчихаад байгаа нь анхаарахгүй өнгөрч боломгүй зүйл юм.

Тодруулбал, тус аймгийн төвийн зарим хороод болоод Жаргалтхаан, Мөрөн, Хэрлэн сумын иргэд төрд үгээ хүргэх замгүй байгаа гэсэн үг.

Тэгвэл тэдний энэ байдал 2019 оны зургаадугаар cap хүртэл үргэлжлэх нь тодорхой боллоо.Бүр цаашдаа 2020 оны сонгууль хүртэл төлөөлөлгүй байх эрсдэл харагдаж байна. Энэ бол хэн тэнд нэр дэвшиж УИХ-д суух гэж байсан. Нөхөн сонгууль аль намд ашиггүй зэргээс илүүтэй зарчим алдагдаж байгаа явдал билээ.

Нэхэн сануулахад уржигдар болсон Цэцийн Дунд суудлын хуралдаанаас Хэнтийн нөхөн сонгуультай холбоотойгоор гаргасан УИХ-ын 62 дугаар тогтоолыг Үндсэн хууль зөрчсөн хэмээн үзэж нөхөн сонгуулийг ирэх оны зургаадугаар cap хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа. Иргэн С.Мөнхцэцэг, Б.Оюу, А.Гулим нарын гаргасан “Сонгуулийн тухай хуулиар төрийн албан хаагч нь сонгуульд оролцох бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн байх, улмаар тухайн сарын 31-нээс хойш ажил, албан үүргээ гүйцэтгээгүй байхаар заасан байдаг. Энэ заалт төрийн албан хаагчдыг нөхөн сонгуульд нэр дэвших боломжийг хааж байна” гэсэн гомдлын талд шийдэгдсэн хэрэг.

Үндсэн хуулийн Цэцийн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд зааснаар бол Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авах эсэхээ 15 хоногийн дотор шийдвэрлэх учиртай. Тэгэхээр чуулган завсарласан байгаа тул намрын ээлжит чуулган аравдугаар сарын 1-нд эхлээд энэ асуудлыг хэлэлцэж таарах нь. Цэцийн шийдвэрийг хүлээж авахгүй бол Их суудлын хуралдаан болохыг хүлээнэ. Хүлээж авдаг юм гэхэд парламент долоо хоногийн дотор Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж амжихгүй.

Ингэхээр аравдугаар сарын 7-нд товлосон Хэнтийн нөхөн сонгууль хугацаандаа амжихгүй гэсэн үг. Мөн 2019 оны зургаадугаар сарын сүүлийн ням гарагт товлолоо ч ээлжит УИХ-ын сонгууль явагдах хугацаанаас жилийн дотор орчихсон байх тул хуулиар нөхөн сонгууль явагдахгүй байх талтай. Тэгвэл Хэнтийн УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойргийн иргэд 2020 он хүртэл парламентад төлөөлөлгүй байх нөхцөл үүсэх магадлалтай.

Ийм нөхцөл үүссэн шалтгаан нь Сонгуулийн тухай хуулийн дутуу боловсруулалттай холбоотой гэдгийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Цэцийн хуралдааны үеэр хэлж байлаа. Түүнчлэн 2011 болон 2015 оны сонгууль зохицуулсан хуулиудыг харьцуулаад харахаар өнгөрсөн парламентад суусан УИХ-ын гишүүн асан Р.Бурмаа нарын санаачилсан Сонгуулийн тухай хууль нөхөн сонгууль хойшлоход нөлөөлсөн мэт харагдаж байгаа юм.

Тодруулбал, 2011 оны арванхоёрдугаар сарын 15-наас дагаж мөрдөж эхэлсэн УИХ-ын сонгуулийн тухай хуульд нөхөн сонгууль авах өдрийг товлон заасан үг, үсэг байдаггүй. Тус хуулийн 52 дугаар зүйлээр УИХ-ын гишүүнийг нөхөн сонгох асуудлыг зохицуулсан байдаг. 52.3-д “УИХ-ын ээлжит чуулганы үеэр УИХ-ын гишүүн нас барснаас бусад тохиолдолд орон гарсан бол энэ хуулийн 52.1, 52.2-т заасан нөхөн сонгуулийг орон гарснаас хойш 14 хоногийн дотор зарлаж, 30 хоногийн хугацаанд, чуулганы бус үеэр орон гарсан бол ээлжит чуулган эхэлснээс хойш мөн хугацаанд зарлан явуулна” гэжээ.

Тэгвэл 2015 оны арванхоёрдугаар сарын 25-наас хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн Сонгуулийн тухай хуулийн 20 дугаар зүйлд Ээлжит сонгуулийн санал авах өдрөөс бусад сонгуулийн санал авах өдрийг зохицуулсан байна. Тодруулбал, 20.1-д “Нөхөн сонгуулийн санал авах өдөр нь жил бүрийн зургаадугаар сарын сүүлийн ням гараг болон аравдугаар сарын эхний ням гараг байх ба улс даяар нэгдсэн журмаар явагдана” гэжээ. Мөн 20.2-т “Нөхөн сонгуулийн зохион байгуулалтын цагийн хуваарийг сонгуулийн төв байгууллага гаргаж мөрдүүлнэ”, 22.3-т “Ээлжит бус, дахин сонгуулийн санал авах өдрийг тухайн сонгуулийг зарлах эрх бүхий этгээд энэ хуульд нийцүүлэн товлож, цагийн хуваарийг гарган мөрдүүлнэ” гэсэн байна.

Тэгэхээр 2015 онд баталсан Р.Бурмаа нарын санаачилсан Сонгуулийн тухай хуулиар нөхөн сонгуулийг аравдугаар сарын эхний ням гараг, зургаадугаар сарын сүүлчийн ням гарагт болно гэж хуульчилсан нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль хойшилсон шалтгааны эх үүсвэр нь гэж харж болохуйц байгаа юм.

Өдгөө 14 нам Хэнтий аймгийн нөхөн сонгуульд оролцохоо илэрхийлээд Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлчихсэн байгаа. Засгийн газрын нөөц сангаас нөхөн сонгуульд зориулж 228 сая төгрөг гаргахаар шийдвэрлээд байна.

Нөхөн сонгуулийн асуудлыг Сонгуулийн тухай хуульд нарийвчлан зааж өгөөгүйгээс хойшилсны дээр нөхөн сонгууль явуулах өдрүүдийг оноон зааж өгсөн нь бас хүндрэл үүсгэж байгаа юм. Хамгийн харамсалтай нь бүтэн нэг аймгийн иргэдийн гуравны нэг нь төлөөллөөрөө дамжуулан төрдөө үгээ хүргэх боломжоо алдаж байгаа нь билээ. Нэг жил байтугай нэг cap ч алгуурлаж болохгүй асуудал юм шүү дээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
594181
0 эможи

keyboard_arrow_up