Дараагийн сайдын томилгоог “дараад“ байгаагийн учир юу вэ?

2018 оны 8 сарын 20

Arslan.mn

ЗТХ-ийн сайдын суудал эзгүйрч, салбарынх нь ажил цалгардаад даруй арав хонолоо. Уг нь төрийн яаманд ноцтой хэрэг гарсан даруйд маш шуурхай “хөдөлсөн” Ерөнхий сайдын ажил тэр эрчээрээ үргэлжилсэн бол аль хэдийнээ Зам, тээврийн хөгжлийн шинэ сайдыг чөлөөлөх хийгээд томилох асуудлыг УИХ-д өргөн барьчих байв.

Өөрөөр хэлбэл,өдийд ЗТХ-ийн дараагийн сайдын нэр тодорчихсон байх хугацаа өнгөрлөе. Учир нь энэ сарын 10-нд. буюу баасан гаригт Зам, тээврийн хөгжлийн яаманд хүн амины хэрэг гарч Засгийн газар амралтын өдрийг ч алдалгүй шуурхай хуралдаж “асуудлыг” тэр дор нь шийдвэрлэсэн. Ийнхүү хоёр хоногийн дотор ЗТХЯ-ны удирдлагуудыг бүрэлдэхүүнээр нь огцруулсан Ерөнхий сайдын үйлдэл хариуцлагагүй дарга нарт хатуу сануулга өгөхийн зэрэгцээ төрийн ажлыг цалгардуулахгүйгээр дараагийн сайдыг цаг алдалгүй томилох хүлээлт үүсгээд байсан юм. Тийм шаардлага ч бий.

Үер ус, аваар ослоос үүдэлтэйгээр зам тээврийн салбарын ажил овоорч, шийдэл нэхсэн асуултууд ч урган гарсаар байна. Гэтэл ийм эгзэгтэй үед Зам, тээврийн хөгжлийн яамыг “эзэн”-тэй болгох Засгийн газрын тэргүүний ажлын эрч хүч яагаад сулрав. Салбарын сайд нь ажлаа өгөөд арав хонож байхад Ерөнхий сайд нь өнөөг хүртэл сайдыг чөлөөлөх, дараагийн сайдын нэрийг өргөн барихгүй байгаа нь эрх баригч намынхны дотоод зөрчил, албан тушаалын наймаатай холбоотой байж мэдэх юм.

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж ЗТХ-ийн дэд сайдад Л.Халтарыг томилохоор санал нэгдсэн ч сайд нь хэн байх, цаашлаад давхар дээлтэй байх эсэхэд санал нэгдэж чадахгүй байгаа нь сайдын суудлыг гацаах нэг шалтгаан бололтой. Өөрөөр хэлбэл, МАН-ынхан Засгийн газрын гишүүний суудалд аль фракцаас хэнийг суулгах дээрээ тохиролцож чадаагүй байгаа бололтой.

Нөгөө талаас ээлжит бус чуулган зарлах эсэхийг шийдэж чадахгүй байгаа эгзэгтэй үе таарсан байж мэднэ. ЗТХ-ийн сайдыг чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-д өргөн баривал У.Хүрэлсүхийн кабинетыг тэр чигээр нь огцруулах санал дагалдаж болзошгүй нөхцөл байдал үүсээд байгаа. АН-ын Улс төрийн бодлогын зөвлөл, УИХ дахь сөрөг хүчний зүгээс У.Хүрэлсүхийн Засгийн газрын хууль бус, бодлогогүй үйл ажиллагаа төрийн албыг үнэгүйдүүлж байна хэмээн эсэргүүцэж бүрэлдэхүүнээр нь огцруулах мэдэгдэл гаргаад байгаа юм. Тиймээс ээлжит бус чуулган зарлах нь энэ Засгийн газарт халтай байж мэднэ.

Төрийн албаны нэр хүнд, ёс зүйг уландаа гишгэсэн ЗТХЯ-нд  болсон хэрэгт одоо ч олон нийт харамсч байна. Хэрэг болох үед Монгол хүний чанар гээгдээгүй байсан бол ийм хэрэг гарахгүй байх байлаа. Учир нь хүн амины хэргийн гол сэжигтнээр татагдаад байгаа Б.Махбал гэгчийг нэгнийгээ үхлүүт болтол нь зодож байхад дэргэд нь тавуулаа хараад зогсож байсан нь олон нийтийн дургүйцлийг хүргэж байгаа юм. Хэчнээн алт мөнгө, албан тушаалд дуртай байлаа ч хамт ажилладаг нэг нь амьсгал хурааж байхад хараад зогсож байсан гэхэд итгэмээргүй.

Мөн Б.Махбалын хувьд ЗТХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ирэхийнхээ өмнө УУХҮЯ-ны Төрийн захиргаа, удирд-лагын газрын даргаар ажиллаж байсан. Ж.Бат-Эрдэнийг 2007-2012 онд ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга байхад Б.Махбал Зам, тээврийн бодлогын газрын дарга байсан гэсэн мэдээлэл бий. Түүнчлэн хэвлэлээр гарч байгаа мэдээллүүдээр бол Б.Махбалыг Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбож байна. Б.Махбал нь МоАХ угшилтай төдийгүй X. Баттулгыг 2008-2012 онд ЗТБХБ-ын сайд байхад хамт ажиллаж байсан гэнэ.

Ингэхээр ЗТХЯ өмнө нь хэний мэдэлд байсан бэ. Одоо хэнд очих вэ гэх мэтчилэнгийн шийдэхэд зовлонтой асуудлууд гацаа үүсгээд байж мэдэх юм. Тиймээс энэ олон шалтгааны аль нь ЗТХ-ийн дараагийн сайдыг томилуулахгүй байгаа нь сонин байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
593982
0 эможи

keyboard_arrow_up