Соёлын сайд "Дээлтэй Монгол"-д маргаан дэгдээв үү
Жил бүр улсын баяр наадмаар зохиогдож болсон “Дээлтэй Монгол” наадамд энэ жил ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл хүрэлцэн ирж, авч ч болохгүй, хаяж ч болохгүй дэмий нэг маргааныг эхлүүлэв бололтой. Тэрбээр уг наадамд хэлсэн үгэндээ “Энэ наадам бол төрийн бус ард түмний санаачлагаар зохион байгуулагдаж ирсэн. Одоогоос найман жилийн өмнө “Сургааль үгс” ТББ анх зохион байгуулж байсан” гэж хэлсэн нь “Монгол костюмс” ХХК-ийн захирал Б.Сувдын эсэргүүцэлтэй тулгарч ССАЖЯ-ны сайдад мэдэгдэл хүргүүлэхэд хүрэв.
Тэгвэл ССАЖЯ-ны сайд дор нь хариуг нь бариж “Монгол костюмс”-ын захиралд дараах хариуг өгчээ.
Тэрбээр “Дээлтэй Монгол” наадмыг хэн анхлан санаачлагч болох талаар өмнөх жилүүдийн адилаар хурц маргаан өрнөжээ. Тийм болохоор урьдын баримт сэлтийг ухаж үзэх хэрэг гарлаа. 2007 оны буюу анхны “Дээлтэй Монгол” наадмыг зохион байгуулахад олон байгууллагын хөдөлмөр, зүтгэл, санаачлага орсон гэдгийг хэлмээр байна.
Үүнд: “Үхэж үл болно- Чингис хаан “киногоо сурталчлах зорилготой кино баг, Монгол үндэсний хувцасны музей, үндэсний хувцасны цувралуудаа танилцуулах зорилготой “Монгол костюмс” ХХК , бүрэн сийлбэртэй монгол гэрүүдээ сурталчлан борлуулах зорилготой “Сургаалт үгс” ТББ, нийслэл хотод жуулчдад зориулсан арга хэмжээ хийх зорилготой Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Аялал жуулчлалын хэлтэс Аялал жуулчлалын холбоо зэрэг.
Эхний наадмын зохион байгуулалтыг Аялал жуулчлалын холбоо гардан хийж байсныг харуулах и-мэйл одоо ч миний инбоксд байна.
Үүнээс хойш Улаанбаатар хотын захиргаа, “Монгол костюмс” ХХК, “Монголын Аялал жуулчлалын холбоо” ТББ, “Сургаалт үгс” ТББ-ыг “Дээлтэй Монгол” наадмыг санаачлагчид гэж тогтон хэн нэгнийг эсвэл байгууллагыг онцгойруулалгүйгээр ижил тэгш дурдаж байх саналтай байна. Аялал жуулчлалын төрийн байгууллагатай холбоотой асуудлыг 2002 оноос хойш баримттай мэдэх хүний хувьд ийм саналтай байна. Дараа жилийн “Дээлтэй Монгол” наадмаар баяртай уулзацгаая” гэжээ.
Эндээс харвал ССАЖЯ-ны сайд Ц.Оюунгэрэл олон байгууллагын санаачилж хийсэн зүйл дээр нэг байгууллагыг оруулж, түүний нэрийг товойлгох ямар шаардлага байсан юм бол гэсэн асуулт урган гарна. Ямар ч байсан ямар нэг хэрэгцээ, шаардлага байсан л бололтой юм.
Түүнээс бус төрийн сайд хүн санаандгүй "амны алдаа" гаргамгүй.