“Хөх саванд“ хүнсээ хадгалснаар мэдрэлийн систем хордож, бусад эд эрхтэнд өвчлөл үүсч байна гэв
УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос өнөөдөр Химийн бодисын хуванцар савны хэрэглээ нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж буй талаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авахаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, "Аюултай хог хаягдал болох химийн бодис хадгалах зориулалттай хуванцар савыг ахуйн зориулалтаар өргөн хэрэглэдэг нь нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Мөн орчны бохирдлоос шалтгаалан иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх хөндөгдөж байгаа тул уг асуудлыг төрийн бодлогын түвшинд авч эрх зүйн орчныг боловсронгуй болгох. Түүнчлэн холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авч, цаашид ямар арга хэмжээ авах талаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна" гэв.
Ингээд хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан ЭМЯ, ХХААХҮЯ, БОАЖЯ, МХЕГ-ын албан тушаалтнууд хуванцар сав, баглаа боодлын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар илтгэл тавив.
"НИЙТ ХОГ ХАЯГДЛЫН 50 ОРЧИМ ХУВЬ НЬ ДАХИН БОЛОВСРУУЛАХ БОЛОМЖТОЙ"
Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн “Хүнсний зориулалтын бус хуванцар савны хэрэглээ нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь” гэсэн сэдвийн дор илтгэл тавилаа.
Тэрбээр, өрхийн хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнээ хадгалдаг зориулалтын бус хуванцар савны тоог бууруулах зорилгоор модон хувин, айрагны хөхүүр, зэс, гуулин сав суулга, аяга, халбага, цаасан хайрцаг, ороогч, багцлагч, хүнсний зориулалтын сав, гялгар уут үйлдвэрлэгчийн бүтээгдэхүүн, зохистой хэрэглээ, хуванцар савны олон улсын ангиллын тэмдэглэгээ, эрүүл мэндийн нөлөөллийн талаарх мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, хэлэлцүүлэг хийх, гарын авлагаар хангах шаардлагатай байгаа талаар онцолж байлаа.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле “Сав, баглаа боодол” үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар тавьсан илтгэлдээ, тус хөтөлбөрийн хүрээнд 2017 онд болон 2018 оны эхний улирлын байдлаар хэрэгжүүлсэн ажлын талаар танилцуулав.
Тухайлбал, Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 14-ны өдрийн 168 дугаар тогтоолоор “Гаалийн албан татвараас чөлөөлөх жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсийн жагсаалт”-ыг батлуулсан. Уг тогтоолын хүрээнд сав, баглаа боодлын үйлдвэрлэлд шаардагдах импортын тоног төхөөрөмж гаалийн албан татвараас чөлөөлөгдсөн. “Хөх сав, канистергүй аймаг, сум” хөдөлгөөн өрнүүлэх ажлыг зохион байгуулах талаар ХХААХҮ-ийн сайдын аймгийн Засаг дарга нартай 2017 онд байгуулсан үр дүнгийн гэрээнд тусгуулсан. Сав, баглаа боодол нь тухайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингээх, брэнд бий болгох, хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг болсон гэдгийг үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд таниулах шаардлагатай гэдгийг дурдаж байв.
Дараа нь Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Т.Булган аюултай хог хаягдлын эрх зүйн орчин холбогдох судалгааны талаар мэдээлэл хийв.
Тэрбээр, Тус яамнаас хуванцар сав, баглаа боодол болон бусад тухайлсан аюултай хог хаягдлыг цуглуулах, ангилан ялгах, дахин боловсруулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйлдвэрлэгч, импортлогчдын үүрэг, хариуцлагыг сайжруулах, татвар, урамшууллын оновчтой механизм бүрдүүлэх зорилго бүхий хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/67 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
Улаанбаатар хотоос жилд:
- шатааж устгах 7,994 тн,
- дахин ашиглах 1,354 тн,
- булж устгах 998 тн,
- дахин боловсруулах 455 тн,
- нийт 10,801 тн аюултай хог хаягдал үүсэж байгаа бөгөөд үүнийг улсын хэмжээнд авч үзвэл жилд 29,000-58,000 тн аюултай хог хаягдал үүсэхээр байна.
Устгах шаардлагатай химийн бодисын тооллогоор Улаанбаатар хот, 21 аймгийн 137 суманд нийт 297 аж ахуйн нэгж, байгууллагад хугацаа нь дууссан, чанарын шаардлага хангахгүй болсон 369 тн, 69,000 л бодис хадгалагдаж байгаа нь тогтоогдсон бөгөөд эдгээр бодисын 55.6 хувь нь ажлын байранд, 25.4 хувь нь зориулалтын бус агуулахад, 2.6 хувь нь ил задгай хадгалж байна.
Нийт хог хаягдлын 50 орчим хувь нь дахин боловсруулах боломжтой хог хаягдал байгаа боловч энэ үйл ажиллагаа туйлын хангалтгүй явагдаж байна. Жилд 200-300 мянган тонн хаягдал төмөр, хуванцар, цаас болон бусад хоёрдогч түүхий эдийг цуглуулан, зарим хэсгийг дахин боловсруулалтад оруулж, дийлэнх хэсгийг экспортолж байна. Шинэчлэн батлагдсан хог хаягдлын тухай хуульд аюултай хог хаягдалтай холбоотой үйл ажиллагааг зохицуулах бүлгийг шинээр нэмж оруулсан бөгөөд ингэснээр аюултай хог хаягдлын зохистой менежментийн тогтолцоог бүрдүүлээд байна гэлээ.
Нийт хог хаягдлын 50 орчим хувийг дахин боловсруулах боломжтой.
Үргэлжлүүлэн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Ч.Энх-Амгалан мэдээлэл хийв. Тэрбээр, иргэд үнэ өртөг өндөртэй хүнсний зориулалтын хуванцар сав, хөнгөн цагаан бидон, нерж савыг худалдан авах боломжгүй, нөгөө талаас хэрэглээнээс гарсан химийн бодис хадгалах хоосон савыг устгах нэгдсэн байгууламж байхгүйгээс зах зээл дээр худалдаалагдаж, түүнийг иргэд ундны ус, сүү, цагаан идээ хадгалах зориулалтаар хэрэглэдэг, уг саванд хадгалсан хүнсээр дамжин хар тугалга стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээ (хар тугалга-0,01мг/л)-нээс 60-800 дахин их, формальдегидын шилжилтийн хэмжээ зөвшөөрөгдөх дээд хэмжээ (формальдегид – 0,1 мг/л)-нээс 1,800-6,900 дахин их байгаа нь тогтоогдсон. Энэ нь хүний мэдрэлийн системийг хордуулан, бусад эд эрхтэнд өвчлөл үүсгэж байна.
Иймд аюултай хог хаягдлыг /химийн бодисын сав/ байгаль орчинд ээлтэй аргаар устгах байгууламжийг яаралтай барьж ашиглалтад оруулах, аюултай хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, байгаль орчинд ээлтэй аргаар устгах менежментийг бий болгох шаардлагатай гэлээ.
Холбогдох албан тушаалтнуудаас мэдээлэл авсны дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авав. Тухайлахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, олны нэрлээд хэвшсэн “хөх сав” нь хилээр ямар ангилалаар импортлогддог талаар тодруулж, цаашид химийн гаралтай сав, баглаа, боодлыг хүнс, ахуйн хэрэглээ гэсэн зориулалтыг нарийвчлан тусгаж олон нийтэд сурталчлах нь зүйтэй гэсэн санал хэлж байв. Эрүүл мэндийн яамнаас хийсэн тайлбарт, иргэд “хөх сав”-ыг ахуйн хэрэглээнд өргөн хэрэглэдэг, эдгээр савыг хилээр оруулж ирэхэд дараах ангилалыг ашигладаг болохыг тодотгов.
"8,000 ТОНН АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР УЛААНБААТАР ХОТОД БАРИХААР ТӨЛӨВЛӨГДСӨН"
Байнгын хорооны дарга М.Оюунчимэг, 8,000 тонн аюултай хог хаягдал боловсруулах үйлдвэр Улаанбаатар хотод барихаар төлөвлөн “Аюултай хог хаягдлын төвлөрсөн байгууламж” барих төслийг 2018-2022 оны Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрт тусган батлуулсан боловч гурван байршлын /Баянзүрх, Налайх, Төв аймгийн Сэргэлэн сум/ нийт 37.5 га газрын асуудлыг өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа шалтгааныг тодруулав. Нийслэлийн газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа хийсэн тайлбартаа, суурьшлын бүс болон ундны устай ойр байсан учир газар олгогдоогүй. Харин Багануур дүүрэгт 10 га газрын байршлыг сонгож, хог хаягдлын тусгай газар бий болгох ажил хэвийн үргэлжилж байгаа гэлээ.
Ийнхүү асуулт, хариултын дараа өнөөдрийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд болон албаны хүмүүсээс гарсан саналыг нэгтгэн ирэх долоо хоногийн Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтсон болохыг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.