Монгол костюмс ХХК-ны захирал Мэдэгдэл гаргалаа
Монгол костюмс ХХК-ны захирал Б.Сувдаас
ССАЖЯ-ны сайд Ц. Оюунгэрэл ТАНАА
Сайхан наадав уу? Сайдаа.Наадам сайхан болж өнгөрлөө.
Наадмын дараах бага наадам Дээлтэй Монгол бүр ч сайхан болж өнгөрлөө. Би салбарын сайд таныг дээлтэйгээ анх удаа Дээлтэй Монгол наадамд хүрэлцэн ирж нээлтийн үг хэлэхэд сэтгэл догдлон харж суулаа. Харин таны үгний дараа сэтгэл хоосроод явчихсаныг нуугаад яахав. Дээл хувцсаа эрхэмлэн дээдэлж соёлын өвөө уламжлагч Монгол костюмсын санаачлаж эхлүүлсэн Дээлтэй Монгол наадмын санаачлагчийг Салбарын сайд таныг андуу ташаа хэлсэнд үнэхээр гайхаш төрлөө. За энэ талаар ч цахим ертөнцөөр нэлээн яриа өрнөж байгааг та уншиж суугаа байх. Өнгөрсөн жилийн эцсээр таны гарын үсэгтэй, ССАЖЯ-ны Аялал жуулчлалын салбарын тэргүүний ажилтан шагналыг санаанд оромгүй гэнэтхэн Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н. Эрдэнэбат Дээлтэй Монгол наадмыг санаачлаж хийсэнд талархаж гардуулж өгөхөд давхар таньд бас баярлаж байсаан. Харин энэ шагнал маань Дээлтэй Монгол наадмын санаачлагч байх эрхээр барьцаалж өгсөн шагнал байжээ. Иймд Аялал жуулчлалын тэргүүний ажилтан гэсэн энэ шагналаа буцааж танд өгье дөө. Харин Дээлтэй Монгол наадмын санаачлагч байх эрхээ Нийслэлийн аялал жуулчлалын газрын дарга Э.Баттулга, Монголын аялал жуулчлалын холбооны дэд ерөнхийлөгч Н.Эрдэнэбат нарт тийм ч амархан өгөхгүй ээ. Хуулийг уландаа гишгэдэг төрийн түшээдтэй байгаа энэ цаг өөрчлөгдөж Ухаалаг төртэй болно гэдэгт би итгэж амьдардаг. Таны Монголын өв соёл, спорт, аялал жуулчлалыг хөгжүүлэх ажилд нь амжилт хүсье.
Монгол костюмс ХХК ны захирал Б.Сувд