Ерөнхий сайдын шийдвэрлэх нүүдэл

2018 оны 5 сарын 31

Arslan.mn

Ухнаагийн Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад долоон сарын нүүр үзлээ. Улс төрийн амаргүй нөхцөлд байгуулагдсан энэ Засгийн газар, түүний тэргүүнээс Монголын нийгэм, олон нийт асар их зүйлийг хүсэн хүлээж, итгэл найдвар тавьж, одоо ч тэрхүү итгэлийн гал бөхөөгүй байгаа нь илэрхий.

Юун түрүүнд түүнийг зоримог, шийдэмгий, шударга ажиллах болов уу гэх хүлээлт хүчтэй байсан. Ингэхэд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд өнгөрсөн хугацаанд чухам юу амжуулав аа? Өмнөх Ерөнхий сайдуудаас тэр юугаар ялгарч харагдав?

Хөндлөнгөөс ажигласнаа эргэцүүлэн дүгнэж тоймлох гээд оролдъё.

Олон жилийн туршид Монголын улстөрчдийн хэнийх нь ч зориглоогүй зарим томоохон амлалтыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх аль хэдийн өгч амжжээ. Тухайлбал тэрбээр 2019 оноос Улаанбаатарын агаарын бохирдлыг мэдэгдэхүйц бууруулж, дараа жилийн хавраас эхлэн нийслэлийн өрх айлууд түүхий нүүрс түлэхийг бүрмөсөн хориглох шийдвэр гаргасан. 

Хорт утаа үлэмж хэмжээгээр ялгаруулдаг нийтийн тээврийн дизель хөдөлгүүрт автобус, ачааны бүх төрлийн автомашинуудыг ирэх хавраас цахилгаан болон хийн түлшний хэрэглээнд шилжүүлэх, ингээгүй бол авто замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхаар журамлах үүрэг өгсөн. Эдгээр үүрэг даалгавар нь сонсоход чихэнд чимэгтэй ч амьдралд хэрэгжүүлэхэд асар хүнд. Араа бодож, хаяагаа манадаг хэр баргийн сайд ийм хэцүү амлалтыг амнаасаа барагтай бол унагахгүй.

Тэгвэл Хүрэлсүх сайд энэ тухай ил тод ярьж, холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг шахаж шаардаж, тайлбар тавьсан нийслэлийн Засаг даргын орлогчийг олны өмнө ичээгээд авсан.

Тэр бас олон жилийн турш манайхан амны уншлага болтлоо ярьсан ч огтхон ч хөдлөөгүй газрын тос боловсруулах үйлдвэр барьж байгуулах шийдвэрийг Засгийн газраараа дэмжүүлээд Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Модигийн Монголд айлчлах үеэрээ амласан 1 тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг энэ төсөлд зарцуулах шийдвэр УИХ-аар гаргуулан хэзээ мөдгүй Монголын анхны газрын тос боловсруулах үйлдвэрийн суурийг тавих угтвар нөхцөлийг бүрдүүлчхээд байна.

Урин дулаан болохоор л үнэр танар нь дийлддэггүй нийслэлийн цэвэрлэх байгууламжийг шинээр барих санхүүжилтийн эх үүсвэрийг саяхан дөрөвдүгээр сарын эхээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ шийдүүлээд ирлээ.

Нийслэлийн хэмжээнд гурван ээлжээр хичээллэдэг дунд сургуульгүй болгох, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулах зэрэг аль ч үеийн хотын дарга, гүйцэтгэх засаглалын тэргүүний шахаж шаардаж зүрхлээгүй ажлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх ажил хэрэг болгохыг яам, агентлаг, хотын удирдлагуудад даалгаж, биелэлтийг нь шавдуулж, өөрөө гүйцэтгэлд нь биечлэн хяналт тавьж ажиллаж буй ДУУЛДана.

Мундахгүй олон жил гацсан бүтээн байгуулалтын томоохон хөтөлбөрүүд Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдын өнгөн дээр хөдлөх нь үү, үгүй юү гэсэн хүлээлт, сонжоо, итгэл, эргэлзээ олон түмний дунд байсаар байна. За даа энэ нөхөр ч аймаг орон нутгаар томилолтоор ажилласаар, гол томоохон асуудлуудаас дөлж тойрсоор бүрэн эрхийн хугацаагаа дуусгах юм шив дээ гэх яриа хөөрөө ч мэр сэр дуулдаж эхэлсэн.

Т эгтэл энэ бүхний хариу болгож Хүрэлсүх Ерөнхий сайд Тавантолгойн нүүрсний ордыг эдийн засгийн эргэлтэд бүрэн утгаар нь оруулах зарчмын шийдлийг парламент дахь намынхаа бүлэгт танилцуулж, улс төрийн дэмжлэг хүлээсэн нь нэгэнт ил боллоо. Засгийн газрын танилцуулсан хувилбараар ямар боловч Тавантолгойн бүлэг ордын нөөцийн 30 хувьд түшиглэн олон улсын бирж дээр хувьцаа арилжиж хөрөнгө босгох замаар 4,7 тэрбум ам. долларын эх үүсвэр бий болгож, монголчуудын олон жилийн мөрөөдөл-төмөр зам, авто зам, нүүрс угаах үйлдвэр, нүүрс химийн үйлдвэрийг иж бүрнээр нь барьж байгуулахаар төлөвлөжээ.

Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулахаар бүр 1990-ээд оны эхээр П.Жасрайн Засгийн газар хөөцөлдөж эхэлсэн гэдэг. Түүнээс хойш 20 гаруй жилийн туршид яриа тунхаглал төдий байсан энэ мега төсөл одоо л гацаанаас гарч, бодит үйлс болон өрнөх шинжтэй.

Үүнд улс төрийн тогтвортой байдал, Монгол Улсын төрийн тэргүүний тууштай дэмжлэг, улс төрийн намуудын харилцан ойлголцол, геополитикийн зөв мэдрэмж хэрэгтэй. Хоёр хүчирхэг хөршийнхөө эрх ашиг, сонирхлыг харилцан тэнцвэртэй бий болгож чадвал Тавантолгойн мега төсөл урагшилж таарна. Тавантолгой томоор хөдөлбөл Монголын эдийн засаг том хожно. Алдвал алд дэлэм алдана. 

Хугацаа бага байгаа учир хурдлахаас өөр аргагүй.

Тиймээс яг одооноос улс төрч У.Хүрэлсүхийн улс төрийн тоолуур жинхэнэ утгаар гүйж эхэллээ. Түүнийг улс үндэстнийхээ өмнө нүүр бардам, хэлэх үгтэй үлдэх эсэхийг чухамдаа Тавантолгой төслийн хувь заяа шалгана.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57933
6 эможи

Putin shig
2018-05-31 14:10
Zorigtoi shiidemgii bas hariutslagtai yvuulaarai amjilt husie
ЗОЧИН
2018-05-31 11:23
САЙН БАЙНА. ЭНЭ ТОМ АЖЛЫГ нам харгалзахгүй явуулаарай.
keyboard_arrow_up