БНФУ-ын үндэсний ассамбейн гишүүн Ж.Шартье тэргүүтэй төлөөлөгчид Монгол улсад айлчиллаа
Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ж.Шартье тэргүүтэй төлөөлөгчид УИХ дахь “МАХН-МҮАН-ын "Шударга ёс" эвслийн бүлгийн дарга, УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Н.Батцэрэгийн урилгаар энэ сарын 8-наас 12-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ.
Төлөөлөгчид айлчлалын үеэр Төв аймгийн Сэргэлэн сумын Хөшигтийн хөндийд баригдаж буй олон улсын шинэ нисэх онгоцны буудал, Хөтөлийн “Цемент-Шохой” ХХК, Төв аймгийн Баянчандмань сум дахь малын эрчимжүүлсэн аж ахуй /ферм/-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Бүгд Найрамдах Франц Улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Франц-Монголын найрамдлын бүлгийн дарга Ж.Шартьег хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж Монгол улсын Төрийн дээд одон медаль “Алтангадас” одонгоор шагнасан байна.
Ж.Шартье 2002 оноос эхлэн Үндэсний Хурал дахь Франц, Монголын найрамдлын бүлгийн даргаар ажиллаж байгаа бөгөөд уг бүлэг нийтдээ 19 гишүүнтэй. Францын улс төр, бизнесийн хүрээнд Монгол орныг таниулах чиглэлээр идэвхтэй ажилладаг. Тэрээр найрамдлын бүлгийг толгойлох болсноос хойш өнгөрсөн хугацаанд 4 удаа Монголд айлчилсны дотор 2013 онд хоёр удаа айлчилсан байна. Мөн Монгол Улсад нийгмийн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилго бүхий “Монголын анд нөхөд” хэмээх сан байгуулах ажээ.