Үндсэн хуулийн цэцийг оффшорчдын орогнох газар болгох уу, УИХ-ын гишүүд ээ!
Монгол Улсын Үндсэн хуулийг манадаг Үндсэн хуулийн цэц аль ч талаас нь харсан хууль зүйн өндөр мэдлэгтэй, төрт ёсыг дээдэлж чаддаг, ёс зүйтэй гишүүдээс бүрдсэн байх учиртай. Гэвч энэ ойлголт Үндсэн хуулийн цэцэд хамааралгүй болоод удаж байна.
Өнгөрсөн зургаан жилд Үндсэн хуулийн цэц албан ёсоор оффшорт хөрөнгө хураасан нь илрээгүй ч төрийн хөрөнгөөр баяжсан, төрөөс төрсөн тэрбумтан Д.Сугар гэдэг этгээдээс болж нэр хүнд нь нэлээд унасан юм. Түүний Токио дахь харшаас эхлээд хууль бусаар олж авсан хөрөнгийн жагсаалт ил болсон ч Үндсэн хуулийн цэцийн гишүүн гэдэг утгаар Д.Сугар хариуцлагаас мултарч байсан.
Эзний алба ээлжтэй учраас энэ удаа сугардаггүй Д.Сугар ойрын өдрүүдэд албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болж байна. Гэвч түүний оронд УИХ дахин “өөр нэг Сугар”-ыг томилохоор шийджээ. Энэ хүн бол Ерөнхийлөгчийн зүгээс Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж байгаа Ц.Нанзаддорж. Хоёр “Сугар” хоёулаа Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байсан. Хоёулаа өмч хувьчлалыг гардан хийж, ашиг хайсан. Хоёул төрөөс төрсөн тэрбумтан гэдгээрээ ижил. Ц.Нанзаддорж мөн л албан ёсоор оффшорт хөрөнгө хураасан нь илрээгүй ч төрийн хөрөнгөөр баяжсан тэрбумтан юм.
Харин түүнийг Үндсэн хуулийн цэцэд Ерөнхийлөгч нэр дэвшүүлж байгаа юм биш. “Ерөнхийлөгчийн Ерөнхийлөгч” хэмээн шоолонгуй яригдах болсон Тамгын газрын дарга З.Энхболд зүтгүүлж байгаа аж.
Ц.Нанзаддорж бол З.Энхболдыг Төрийн өмчийн хорооны даргаар ажиллах байх үеэс Төрийн өмчийн хороонд томилогдон ирж, социализмын өмч хувьчлалын ажилд оролцож түүнээс хувь хүртэж эхэлсэн гэсэн тодорхойлолттой явдаг нэгэн. Олон тооны барилга байшин, үйлдвэр аж ахуйн нэгжийг худалдан авч баяжсан гэдгээ хөрөнгө орлогын мэдүүлэгтээ ч нуудаггүй хүн.
2017 оны хавар болсон АН-ын нийслэл, аймгийн дарга нарын сунгаанд төрөөс төрсөн тэрбумтан Ц.Нанзаддорж З.Энхболдын тусламжтайгаар ядах юмгүй ялалт байгуулж байлаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өдрүүдэд Говь-Алтай аймагт АН-ын сонгуулийн штабынхан 1 тэрбум гаруй төгрөг тараахаар явж байгаад цагдаад баригдаж дуулиан тарьсан. Энэ мөнгө хаанаас гарал үүсэлтэй нь огт мэдэгдэхгүй байсаар эл дуулиан тэгсхийгээд намжсан юм.
Харин одоо хэргийн эзэн ил гарч, Ц.Нанзаддорж Үндсэн хуулийн цэц рүү дэвшин зайлж, хууль бус хөрөнгөө хуулиар хамгаалах санаархлаа ажил хэрэг болгож эхэллээ. Гайхалтай нь түүний энэ шунахай сэдлийг УИХ-ын Хууль зүйн байнгын хороо хөхиүлэн дэмжиж, УИХ-ын нэгдсэн чуулганаар удахгүй хэлэлцэн батлах гэж байна.
Ц.Нанзаддоржийн мэдэлд одоо олны “Выставка” хэмээн нэрлэдэг үзэсгэлэн худалдааны төв бий. Тэр
-Нүхтийн амралтын цогцолбор
-Монгол Улсад ганцхан байдаг Үнэт цаасны үйлдвэр
-Баруун дөрвөн зам дахь Барилгын коллежийн дөрвөн давхар өргөтгөл
-Ялалтын баруун талын хоёр давхар цэцэрлэг зэргийн хувьчлалаас хувьдаа хөрөнгө зоорь хураасан гэдгийг эх сурвалжууд мэдээлж байсан удаатай. Үүнээс гадна Ц.Нанзаддорж Төрийн өмчийн хорооны нэрээр Монгол эм импексийн 50 хувийг зарахдаа агуулах дахь эмийг актлан, буцаагаад энэ нэгтгэлд эргүүлэн зарж мөнгийг нь хувьдаа завшсан гэх хардлагын эзэн. Мөн Шарын голын Их өвөлжөөтийн алтны уурхайн нөөцийг дууссан гэсэн хуурамч материал бүрдүүлэн гурван тонн алтыг авч баяжсан гэсэн тодорхойлолттой.
Гайхалтай нь олигархи, төрөөс төрсөн тэрбумтнуудтай дайн зарлаад удаж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга Тамгын газрын дарга З.Энхболдын зүтгүүлж буй Ц.Нанзаддоржид итгэл хүлээлгэж чадаж байна гэдэг анхаарал татна. Үндсэн хуулийн цэцийг оффшорчдын орогнох газар болгоход бэлэн үү, УИХ-ын гишүүд ээ!
Ц.Нанзаддоржийн албан ёсны хөрөнгийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй мэдэх үү, та нөхөд…
Эх сурвалж: http://niigmiintoli.mn/
|