АТГ: Яамдын түвшинд гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн тодорхойгүй байна
Авлигатай Тэмцэх Газраас сар бүрийн 25-нд тухайн сард хийсэн ажлынхаа талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурлыг зохион байгуулдаг.
Тавдугаар сард хийсэн ажлуудын талаар тус газрын хэлтсийн дарга нар мэдээлэл өглөө.
АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Т.Баярхүү:
Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчиж хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянуулахгүйгээр нийтийн албан тушаалтныг томилдог, хөрөнгө орлогын мэдүүлэгээ хугацаа хоцруулдаг, тендер сонгон шалгаруулалт, худалдан авалтыг хууль зөрчин гүйцэтгэдэг, төсөв, санхүүгийн зарцуулалт хяналтгүй, эрх бүхий албан тушаалтны үзэмжээр шийдвэрлэдэг, нэгдмэл сонирхолтой болон хамаарал бүхий этгээддээ давуу байдал олгодог зэрэг зөрчил, дутагдлууд гарсаар байна.
Тухайлбал, нэр бүхий төрийн өмчит аж ахуйн нэгж байгууллага, иргэнтэй обьект түрээслүүлэх гэрээ байгуулахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвшөөрөл аваагүй, түрээслэгч байгууллага, аж ахуйн нэгжүүдээс түрээсийн төлбөрийг бартер хэлбэрээр хүлээн авдаг байдал тогтоогдсон. Түрээсийн төлбөрийн оронд түрээслэгчид өртэй иргэнийг жолоочоор авч ажиллуулан цалинг нь өрний оронд суутган авдаг, мөн түрээсийн төлбөрийн оронд Лексус 570 автомашиныг бартераар 2016 онд хүлээн авсан боловч зохих журмын дагуу байгууллагын өмчид бүртгүүлэлгүй, хувь хүний эзэмшилд байлгаж байна.
Түүнчлэн яамдын түвшинд гадаадын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байгаа төслүүдийн үр дүн тодорхойгүй, зарцуулалтад тавих хяналт бага, хэт үрэлгэн байгаа нь авлигын эрсдлийг бий болгож байна. Жишээ нь, нэг яамны хэмжээнд 2012 оноос 20 гаруй сая ам.долларын, 2015 оноос 30 гаруй сая ам.долларын төслүүд хэрэгжиж байгаа боловч тодорхой хүрсэн үр дүнгүй, үр ашгийг тооцдоггүй байдалтай байна. Мөн нэг яам 2012-2017 онд 10 гаруй сая ам.долларын төслийг эргэн төлөгдөх нөхцөлтэй гадаадын зээлээр хэрэгжүүлсэн боловч үр дүн нь тодорхойгүй байдалтай байна.
"ХАСХОМ-ИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР ЗӨРЧИЛ ГАРГАСАН 3 АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛСАН"
Авлигын эсрэг хуульд заасны дагуу энэ сард төрийн 80 гаруй байгууллагын 25,400 орчим албан тушаалтны 2017 оны ХОМ-ийн хураангуйг цахим хуудсанд байршуулж, олон нийтэд нээлттэй мэдээлсэн.
Ингэснээр АТГ улсын хэмжээнд мэдүүлгээ гаргадаг 40 гаруй мянган төрийн албан хаагчийн ХОМ-ийг иргэдэд нээлттэй мэдээлж хүргэлээ. Бүх төрийн албан хаагчийн ХОМ-ийг зарлаж мэдээлснээр иргэд энэ талын мэдээлэлтэй танилцах, хяналт тавих нөхцөл боломжбүрдэж байгаа. Төрийн албан хаагчдын шударга байдлын түвшинд эерэг хандлага үүсэх төдийгүй цахим системийг сайжруулснаар албан тушаалтны хөрөнгө, орлогын өсөлт, бууралтад олон нийтийн зүгээс дүн шинжилгээ хийж, бодитой дүгнэлт өгөх боломжтой байгаа. Хамгийн гол нь иргэдийн хяналт, оролцоо эрчимжиж, төрийн албан хаагчдын хууль бус нуугдмал эд хөрөнгийг илрүүлэх нөхцөл байдал сайжирна гэж үзэж байгаа.
2018 оны 5 дугаар сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 732 иргэний ХАСУМ-ийг хянан шийдвэрлэсэн.
ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар зөрчил гаргасан 3 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.Төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын хүрээнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Зам тээврийн хөгжлийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур, Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэнШ.Гүнсэндарь нарт сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Мөн Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга А.Даваадорж ньАвлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсгийг зөрчсөн нь тогтоогдсон тул албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг тус тус ногдуулсан байна.
2018 оны 5 дугаар сарын байдлаар иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас гэмт хэргийн шинжтэй нийт 85 гомдол, мэдээлэл хүлээн авч шалгаснаас 29 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 27 гомдол, мэдээллийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, 7 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэн шалгасан.
Энэ сард Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын болон прокурорын байгууллагаас шалгуулахаар харъяалал тогтоосон нийт 358 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Үүнээс эрүүгийн 14 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай, 26 хэргийг хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаарпрокурорын байгууллагад шилжүүлсэн. Одоо 318 эрүүгийн хэрэг мөрдөн шалгаж байна." хэмээлээ.
Үргэлжлүүлэн Оюу толгойн гэрээтэй холбогдох хэргээр хоригдож байгаа сэжигтэн, яллагдагч нарыг АТГ-т авчирч байцаасан гэх мэдээллийн талаар сэтгүүлчдийн асуултад Мөрдөн шалгах хэлсийн дарга, Эрхэлсэн комиссар Э.Идэрцог хариуллаа.
Тэрбээр "Оюу толгойн гэрээтэй холбоотой хэргээр шалгагдаж байгаа хүмүүс шүүгчийн захирамжаар хоригдон шалгагдаж байгаа.
Хоригдож байгаа сэжигтэн яллагдагч нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан мөрдөн шалгах тодорхой ажлууд болох байцаалт, туршилт, үзлэг гэх мэтийг явуулдаг. Энэ арга хэмжээний хүрээнд цагдан хорих арга хэмжээ авагдсан байгаа яллагдагч нарыг хоригдож байгаа байгууллагаас тодорхой хугацаагаар прокурорын зөвшөөрлөөр аваад буцаан хүргэх ажиллагаа нэр бүхий хүмүүс дээр явагдсан.
Энэ ажиллагааны хүрээнд 2018 оны тавдугаар сарын 4-ний өдөр Ерөнхий сайд асан С.Баярыг урьдчилан хорих 461 дүгээр ангиас авчирч байцаалт авах тодорхой ажиллагаа хийгдсэн.Яллагдагчыг өмгөөлөгчийнх хамтаар байцаасан.
Сэжигтэн яллагдагчийг АТГ-т авчирсан асуудал нь хуулийн дагуу прокурорын зөвшөөрөлтэй явсан бөгөөд залхаан цээрлүүлсэн, дарамталсан, айлган сүрдүүлсэн зүйл байхгүй. Хэргийн цар хүрээ өргөн тиймээс шалгах явц нэлээд удаан хугацаагаар үргэлжлэх төлөвтэй байгаа" гэв.
ШУУД ҮЗЭХ:
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|