Хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгохыг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж Засгийн газраас өргөн барьсан Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай болон Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу Хүүхдийн мөнгө олгох тухай УИХ-ын тогтоолын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Засгийн газар тогтоолын төсөлдөө 0-18 насны нийт хүүхдийн 80 хувьд хүүхдийн мөнгөн тэтгэмж олгохоор тусгасан. Харин Ерөнхийлөгч бүх хүүхдэд сар бүр 20 мянган төгрөг олгох нь зүйтэй гэж үзсэн юм. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд нь олгохыг дэмжлээ. Уг тогтоолын төслийг маргааш чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.