УИХ-ын дарга М.Энхболд Польшийн Сеймийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2018 оны 5 сарын 21

Зураг

УИХ-ын дарга М.Энхболд манай улсад айлчилж буй Бүгд Найрамдах Польш Улсын Сеймийн гишүүн, Сейм дэх Польш-Монголын парламентын бүлгийн дарга Марек Жонса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Олон жилийн түүхэн харилцаатай Монгол, Польшийн хамтын ажиллагаанд парламент хоорондын харилцаа чухал байр суурь эзэлсээр ирснийг уулзалтын эхэнд УИХ-ын дарга М.Энхболд онцлоод, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэлээ.

Энэ оны сүүлчээр Варшавт хуралдах Монгол, Польшийн парламентын комиссын хуралдаан хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа болон хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байгаагаа тэрбээр илэрхийллээ.

-Өнгөрсөн онд шийдвэрлэсэн Польш Улсаас авах 50 сая еврогийн зээлээр нийгмийн шинж чанартай чухал төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх болно. Түүнчлэн амжилттай хөгжиж буй батлан хамгаалах салбарын харилцааг цаашид өргөжүүлэх, харилцан мэдээлэл солилцох хэлэлцээрийг ойрын үед байгуулах нь чухал гэдгийг УИХ-ын дарга М.Энхболд тэмдэглэж хэлэв.

Тэрбээр Польш Улсад ажиллаж амьдарч буй монгол иргэдийн хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр гэрээ хэлэлцээр байгуулах байр суурийг баримталж байгаагаа илэрхийллээ. Мөн боловсролын салбарын хамтын ажиллагааны уламжлал, туршлагадаа түшиглэн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах суралцагчдын тоог нэмэгдүүлэхэд анхаарал тавих, байнгын ажиллагаатай Элчин сайдын яамдыг хоёр талд нээн ажиллуулах, бүс нутаг, олон улсын байгууллагуудын хүрээнд бие биенийг дэмжиж ирсэн байр сууриа цаашид үргэлжлүүлэх нь чухал гэж үзэж байгаагаа онцлов.

УИХ-ын дарга М.Энхболд БНПУ-ын парламентын Дээд, Доод танхимын удирдлагуудыг Монгол Улсад айлчлахыг урьсан урилгаа дахин баталгаажуулж байгаагаа уулзалтын үеэр илэрхийллээ.

Ноён Марек Жонса хоёр орны парламент дахь бүлгүүд идэвхтэй хамтран ажиллаж байгааг онцлоод, “Айлчлалын үеэр эдийн засаг, батлан хамгаалах, боловсролын зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлаар Монголын талтай санал солилцоно. Түүнчлэн манай талаас санал болгож буй хэд хэдэн асуудлыг хөндөж ярилцахаар төлөвлөж байна” гэв.

Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Д.Дамба-Очир, БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Михал Лабенда, Сеймийн гишүүн Барбара Хробак, Элжбета Стенпень, Иоанна Фридрих, Кажимеж Гвяздовски нарын зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57538
0 эможи

keyboard_arrow_up