Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаарх нэгтгэсэн тогтоолын төслийг хэлэлцүүлэхээ хойшлуулав

2018 оны 5 сарын 17

Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай”, Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн “Монгол Улсын хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу хүүхдийн мөнгө олгох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг нэгтгэн парламентаар хэлэлцэж эхэлсэн.

Лхагва гаригт буюу өчигдөр нэгтгэсэн тогтоолын төслийн  анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороогоор хийхэд төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлттэй холбоотойгоор гишүүд байр сууриа илэрхийлэхдээ санал зөрөлдөв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

Нийт хүүхдэд олгох эх үүсвэрийн боломжийг судлуулъя гэж ажлын хэсгийн эхний хуралдаан дээр ярилцаад, Сангийн сайдын багцад эх үүсвэр нь байна уу гэдгийг судлуулахаар хүссэн ч тэр мэдээллийг гаргаж өгсөнгүй.

Нийт хүүхдийн 80 хувьд олгохоор санхүүжилтийг нөөц мөнгөнөөс гаргахад төсөвт нөлөөлөхгүй гэж байна. Тэгвэл 100 хувь өгөхөд нөөц байна уу. Үүнийг л мэдмээр байгаа юм.

Төсөв, санхүүгийн боломжийг судлуулахаар ажлын хэсгийн анхны хуралдаан дээр ярьсан ч судлахгүй, шийдвэр гаргаж оруулж ирээд байна.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Ажлын хэсгийн 7 гишүүний 4 нь суугаагүй байхад албан ёсоор олонхиор шийдсэн мэтээр 80 хувьд олгохыг дэмжиж байна гээд санал дүгнэлт гаргачихсан байх юм. Нийт хүүхдийн 80 хувьд бус 100 хувь өгөхийг би дэмжинэ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Ер нь олонхид ч, цөөнхид ч тэр хүүхдийн мөнгө өгөх сонирхол байна уу. Хамгийн зөв хувилбар нь юу байна вэ гэдгийг судлаад оруулаад ирэхийн оронд 80 хувьд өгнө, 100 хувьд өгнө гээд маргаад байх юм.

Энэ мөнгийг авахыг хүсч байгаа болон хамгийн олон хүүхэд хамруулж болох санхүүжилтийн эх үүсвэртэй шийдэл л оруулаад ир л дээ. 80 хувь, 100 хувиар нь шийдэлд хүрэхгүй бол хүсэлт гаргасан бүх хүүхдэд олгож болно шүү дээ.

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

100 хувь өгөх санхүүжилтийн болон төсвийн эх үүсвэр байна уу, боломж байна уу гэдэг тооцоо, судалгааг гаргаж ажлын хэсгийн гишүүдэд ирүүлээч гэсэн ч өнөөдөр болтол бидний гар дээр ямар ч материал, тооцоо, судалгаа ирсэнгүй. Гаргаж өгөх боломжгүй гэж хэлсэн. Тийм учраас би 80 хувь, 100 хувийн алийг нь ч дэмжиж гарын үсэг зураагүй. Хүүхдийн мөнгийг төсөв боломжийн үедээ ч төр засаг олгож байсан, боломжгүй үедээ ч олгож байсан.

Гишүүд ийнхүү байр сууриа илэрхийлэхдээ санал зөрөлдсөн учир Байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн  Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Амарзаяад ажлын хэсгээ албан ёсоор дахин хуралдуулж, маргаанаа эцэслэж оруулж ирэх үүрэг өгснөөр нэгтгэсэн тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулах шийдвэр гаргалаа.  

Ажлын хэсэг өчигдөр орой хуралдаж, гишүүдийн олонхийн саналаар хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох санал, дүгнэлт гаргаснаа Байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар болсон байна. Энэ асуудлыг ирэх долоо хоногт Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэнээр эцсийн шийдвэрийг гаргах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
57417
0 эможи

keyboard_arrow_up