Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Оюутолгой“ ХХК-ийн САХИУС УУ, САХИУЛ УУ
Ерөнхийлөгч асан Н.Багабандийн “Титэм үг”-ийн цуврал бүтээлийг яг одоо гарчиглаж, уншиж сууна. Унших бүрт ухаан нэмэх онч мэргэн үг, үйлдэл санааны эмхэтгэл гэмээр эл бүтээлийг Монголд мэдэхгүй хүн үгүй. Бичигчийг нь хүндэтгэх сэтгэл ч өнө хожид татран ангана гэж үгүй байх. Гэсэн ч үг, үйлдлийн зөрүү буюу итгэн хүндэтгэх зарчим зохиогдсоноос нь хол зөрүүтэй байгаа тухай шүүмжлэлийг одоо цагт та бид өрнүүлж, ярьж, хэлэлцэж, асуудал болгон дэвшүүлж юу нь болохгүй гэж.
Учир нь, Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх алдар хүндийн оргилоор нь түүнийг харах бус харин “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн гэдэг утгаар нь дүгнээд үзье. Бас бодъё. Шалтгаан нь өнгөрсөн долоо хоногт Татварын ерөнхий газраас уг компанийн талаар “2013-2015 оны үйл ажиллагаанд нь хяналт, шалгалт хийж 337 тэрбум төгрөгийн торгууль ногдуулсан” гэдгээ дахин мэдээлсэн.
Дахин мэдээлсэн гэхийн учир нь, энэ оны нэгдүгээр сард уг мэдээлэл ил болсон ч өнөөдрийг хүртэл асуудал шийдэгдээгүй байгаа юм. Түүнчлэн ирээдүйд шилжүүлэн тооцох төлбөр нь 600 гаруй тэрбум төгрөгт хүрнэ гэдгийг ч Татварын ерөнхий газар тодорхой тооцоолол дээр үндэслэн тайлбарласан. Харамсалтай нь, энэ хугацаанд Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд Монгол Улсын эрх ашгийг төлөөлж, хоёр дахь удаагаа томилогдсон байх бөгөөд тэрбээр уг асуудлаар нэг ч удаа байр сууриа илэрхийлсэн нь үгүй.
Харин тус компанийн цахим хуудсанд “Н.Багабанди н ь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдож ажиллаж, УИХ-ын анхны даргаар 1992 онд томилогдож Монгол Ардын Намын даргаар ажиллаж байсан арвин туршлагатай.
Тэрбээр 2010-2013 онд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны есдүгээр сард “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна” гэдэг танилцуулга л тодоос тод дурайж байх. Бүхэл бүтэн Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн улс эх орныхоо хамгийн том орд газрын үйл ажиллагааг чиглүүлэх, үнэн зөв ажиллуулах ёстой Төлөөлөн удирдах зөвлөлд багтчихаад нэг ч үг хэлэхгүй, үг дуугүй таг чиг өндөр цалин, хангамж эдэлсэн шигээ “Титэм үг” тэрлээд суух нь зөв үү. Жирийн нэг инженер, жирийн нэг эдийн засагч, магадгүй жирийн иргэн ч байсан энэ нь шударга ёсонд нийцэх үйлдэл мөн үү.
Компанийн сайтад “Туршлагатай улстөрч” гэсэн гоё сайхан танилцуулгаа монгол, англи хэл дээр бэлтгүүлж нийтлүүлчхээд улиран сонгогдоод явах нь зөв үү. Яагаад өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандиас хэн ч “Оюутолгой” ХХК дахь Монголын эрх ашиг, монголчуудын боломж бололцоог нэхэхгүй, асуухгүй байгаа юм бэ. Яагаад өөрөө энэ тухай ганц ч үг хэлэхгүй сууна вэ.
Тэр дундаа, дээрх татварын маргаантай холбоотой 25 төрлийн татварын шийтгэлээс “Оюутолгой” ХХК-ийн хөрөнгө оруулагч тал болох “Рио тинто” компани 21 дээр нь маргаан үүсгэсэн байгаа. Нийт татварын торгуулиас 10 гаруй сая ам.долларыг нь л хүлээн зөвшөөрсөн. Хэрэв маргаан энэ мэтээр цааш шийдвэрлэгдэхгүй үргэлжилбэл, “Рио Тинто” компани олон улсын арбитрт хандана. Харин уг маргааны хэлэлцэх хугацаа нь 60 хоног. Гэтэл одоогийн байдлаар 30 хоног нь дуусчихаад байгаа гэдгийг “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.
Мөн тэрбээр Ерөнхийлөгч асан Н.Багабанди тэргүүтэй “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д багтаж буй гурван төлөөллийн “Олон нийтийн дунд “Оюутолгой”-д Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд муу ажиллаж байна гэсэн шүүмжлэл явдаг. Та үүнд өнөөгийн “Оюутолгой”-н ТУЗ-ийн даргын хувьд ямар байр суурь илэрхийлэх вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад “Оюутолгой”-н ТУЗ-ийн гурван гишүүн бүх ажлыг хийх ёстой, муу хийж байна гэсэн асуудлыг ярьж байгаа. Гэхдээ Компанийн тухай хуульд ТУЗ-ийн гишүүний эрх, үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Үүнийхээ дагуу л ажил үүргээ гүйцэтгэнэ.
“Оюутолгой" ТУЗ-ийн гурван гишүүн Монгол Улсын Засгийн газраас томилогддог. Бид Оюутолгойн төсөв, зардал, үйл ажиллагаа нь болж байна уу, үгүй юу гэдгийг шийдэх чиг үүрэг хүлээдэг. Гэхдээ өнөөдрийн үүсээд байгаа асуудлуудын 70-80 хувь нь хувь нийлүүлэгчдийн асуудал байгаа. Тодруулбал, Оюутолгойн 66 хувийг “Рио Тинто” 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Биднийг ажил авахад татварын акт тавиагүй байсан.
Татварын ерөнхий газар Сангийн яамнаас асуухаар Сангийн яам нь ЗГХЭГ-аасаа асуудаг. ЗГХЭГ нь “Эрдэнэс Монгол”-оосоо асуугаад бүгд тойрчихсон л байсан шүү дээ. Монголын талын төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш муу байна. Үе үеийн Ерөнхий сайдууд ажлын хэсэг гаргаж, Оюутолгой гэдэг том төслийн учрыг олох гэж хичээж ирсэн. Оюутолгой, “Рио Тинто"-г хөрөнгө оруулагч, гүйцэтгэгч компани гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй" гэдэг тайлбараар өөрсдийгөө өмгөөлсөн.
Өөрөөр хэлбэл, төрийн албаны уялдаа холбоог хангахуйц төвшинд “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн Удирдах зөвлөл ажиллаж чадахгүй байгааг Б.Мөнхбаатарын үг нотолно. Үүнд л мэдээж дахин хэлэхэд Ерөнхийлөгч асан Н.Багабандийн хариуцлага ч яригдаж таараа.
Ингэж мэдээлэл бэлтгэж суух зууртаа түүний “Титэм үг” номноос олж уншсан “Өөрийгөө хүндэтгэ” нийтлэлээс нь хэд хэдэн өгүүлбэрийг онцлон түүвэрлэснээ хүргэе. Энэ бол “Шударга зан хүний сайн чанаруудын ноён оргил нь. Шударга хүн бусдын хүндлэлийг хэзээд хүлээнэ. Өөрийгөө хүндэтгэдэг хүн шударга явдалтай байх нь гарцаагүй...
Өөрийгөө хүндэтгэдэг хүн ичих нүүртэй байдаг юм. “Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс рүү харах нь зодуулж нүдүүлсэн хүмүүс рүү харахаас ч аймшигтай” гэж зохиол бүтээлээр олны танил болсон нэгэн хэлсэн байна. Ичих нүүрэндээ илэг наасан хүмүүс нь өөрийгөө хүндэтгэнэ гэдгийг умартсан, дүүрч шулуудчихсан амьтад, худал хуурмаг дүртнүүд. Хүн хэдий чинээ ичимтгий байна төдий чинээ хүндэтгэл хүлээдэг юм” гэсэн үг буюу эшлэл.
Тэгвэл “Оюутолгой" ХХК-ийн татварын маргаан, үйл ажиллагааных нь зөрчил дээр түүний дээрх “Титэм үг”‘-ийг өөрт нь хаяглая. Бичих сэдэв нэгээр тогтохгүй олон ч түүнд зориулсан үг хэллэгийг ерөөл бусад ийн бичнэ гэдэг юутай таатай хэрэг байх билээ.
Тэр дундаа, Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Оюутолгой” ХХК-ийн сахиул уу, сахиус уу гэсэн асуулт тавьсан тохиолдолд шүү дээ. Уг нь монголчууд түүнийг шударгаар ажиллаж, шударгаар хянаж, шударгаар Монголын эрх ашгийг хамгаалах сахиул, монголчуудыгаа ивээх сахиус байна гэж найдсан байх. Харамсалтай нь, бодит дүр зурагт тэрбээр хэний, юуны сахиус, сахиул болж суугаа нь эргэлзээтэй...
Эх сурвалж: ҮНДЭСНИЙ ШУУДАН
|