Д.Мөрөнд төрийн хариуцлагатай алба хаших ёс зүйн эрх бий юу?
Ардчилсан Хөдөлгөөний анхны удирдагч, УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт шүүх 24-25 жилийн ял оноосон билээ.Мөн одоогийн байдлаар уг хэргийн захиалагчийг олох ажил ч тодорхой хэмжээгээр ахиж, С.Зоригтой хамтран амьдарч байсан Б.Булганг яллагдагчаар татаад буй юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар анх 2017 оны хавар уг хэрэгт хамаарах зарим нотлох баримтыг улсын нууцын зэрэглэлээс гаргаж, олон нийтэд дэлгэсэн.
Тэгвэл С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбат "Цензургүй яриа" нэвтрүүлэгт оролцох үеэрээ уг хэрэгт шууд хамааралтай болон шууд бус хэлбэрээр хамаатай зарим хачирхалтай баримтуудыг дэлгэсэн билээ. Тухайлбал уг хэрэг гарах үед Цагдаагийн Ерөнхий Газрын даргаар ажиллаж байсан Д.Мөрөнгийн хачирхалтай шийдвэрийн тухай. Тодруулбал хэрэг гарсан газар буюу С.Зориг агсны гэрт нийт 74 хүнийг оруулсны улмаас хэргийн ул мөр ихээхэн бүдгэрч, С.Зориг агсан, Б.Булган нарын гарын хээ хүртэл олдоогүй гэв. Энэ бүхний шалтгааныг тухайн үед С.Зориг агсны гэрийнх нь гадаа хамгаалалтанд зогсож байсан цагдаа: " Орцонд бол нэг ч хүнийг оруулахгүй, нэг ч хүнийг гаргахгүй байх үүрэгтэй байсан.Уг хүмүүсийг бол оруулахгүй гэж тайлбарлаж өгсөн. Гэтэл миний хажууд утсаар Ерөнхий Газрын даргатай ( Д.Мөрөн. сур) яриад, Д.Мөрөн даргатай шууд яриад, үүний үндсэн дээр эдгээр хүмүүсийг шууд нэвтрүүлсэн" хэмээн тайлбарлаж байжээ.
Д.Мөрөнгийн энэ үйлдэл хэргийг илрүүлэхэд сөргөөр нөлөөлсөн гэдгийг Монгол Улсын Баатар Э.Бат-Үүл, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Хууль Зүй, Дотоод Хэргийн сайд, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нар хэд хэдэн удаа хэвлэлд ярилцлага өгөх үедээ батлан хэлсэн байдаг. Гэтэл энэхүү Д.Мөрөн хэмээх эрхэм С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор хамгийн их улс төрийн хожоо олсон хүмүүсийн нэг бөгөөд "Эвслийн Засгийн Газрын үед уг хэрэг илрэхгүй" гэж ярин, МАХН (МАН)-аас нэр дэвшин, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Үүнээс хойш Монгол Улсын Сайдын зөвлөх, МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын дарга байсан бөгөөд өдгөө Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар 8 дахь жилдээ ажиллаж байна.
Иймээс ч санаатай, санаагүй алин болохыг бүү мэд ямартай ч ийм хариуцлаггүй байж мэдэх шийдвэртэй холбоотой энэ хүнд төрийн хариуцлагатай алба хаших ёс зүйн эрх бий юу гэсэн асуулт тавихаас өөр аргагүй юм.
С.Зоригийг хөнөөсөн хэрэг эцэслэн шийдэгдэж болзошгүй байгаа энэ үед хурандаа Д.Мөрөн өөрийн сайн дураар төрийн өндөр албанаас татгалзах эсэхийг хамтдаа харцгаая.
Д.Мөрөн нь Нийгмийн аюулаас хамгаалах яамны Цэргийн тусгай сургууль болон ЗХУ-ын Дотоод явдлын яамны академийг төгссөн. Хуульч мэргэжилтэй.
1980-1983 онд Төв аймгийн Цагдан сэргийлэх ангид хэсгийн төлөөлөгч,
1988-1990 онд Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын Эрүүгийн хэргийн эрэн сурвалжлах хэлтэст төлөөлөгч, ахлах төлөөлөгч,
1990-1994 онд Цагдаагийн ерөнхий газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ахлах төлөөлөгч, чиглэлийн ахлах ажилтан,
1994-1997 онд Эрүүгийн цагдаагийн газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга,
1997-1998 онд Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга,
1998-1999 онд Цагдаагийн ерөнхий газрын дарга,
2000-2004 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албанд ахлах референт,
2000-2004 онд УИХ-ын гишүүн, 2006-2007 онд Монгол Улсын сайдын зөвлөх,
2007-2012 онд Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын дарга,
2015 -2017 онд МАН-ын Удирдах зөвлөлийн Хууль, эрхзүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан.
2016 оноос хойш Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн газрын даргаар дахин ажиллаж эхэлсэн юм.
Эх сурвалж: sonin.mn
|