Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх саналыг дэмжлээ
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.05.09) хуралдаан гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Хуралдааны эхэнд Засгийн газраас өнгөрсөн сард өргөн мэдүүлсэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан хуулийн төсөлд “Гуалингаас бусад түлшний модыг гааль, НӨАТ-аас чөлөөлөх” санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.
Үргэлжлүүлэн Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөлд 2018 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2019 оны 01 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулж байгаа, тууш чиглэлийн нимгэн давхаргатай хавтан (OSB), стандартын дагуу хийгдсэн, угсрахад бэлэн, модон барилгын угсармал хийцэд ногдуулсан гааль, НӨАТ-ыг татвар төлөгчид буцаан олгохоор тусгажээ.









