АСЕМ зохион байгууллаа гэж баахан шүүмжлүүлчихээд Трамп-Кимийн уулзалтыг бас хийж, хараалын бай болох уу?

2018 оны 5 сарын 07

Хэн нэр, нүүрээ баран Трамп болон Кимийн уулзалтын галын шугамд ажиллана гэж

Дэлхий нийтийн анхаарлын төвд буй АНУ болон Умард Солонгосын төрийн тэргүүний уулзалт хаана болох нь оньсого хэвээр байна. Хэрэв энэ уулзалт Монголд болох шийдвэр гарлаа гэхэд бид үүнд бэлэн үү. Ер нь цаг хугацааны хувьд маш давчуу байхаар зарлагдах эл уулзалтад манайх хангалттай сайн бэлдэж чадах уу. Хөөрцөглөх бус бодит байдлаа одоо жаахан тунгаах хэрэгтэй байна. Олон нийтийн сүлжээнд цэц булаалдах бус өөрийн орны бяр чадлаа зөв үнэлж, үнэхээр ийм боломж тохиолоо гэхэд нүүр бардам үүнийг давах тэнхээ байна уу. Харамсалтай нь, эргэлзэх шалтгаан энд олон байна. Хожим хүлээх муу нэр, бусдад адлагдах саар жишээ ахин давтагдах вий гэхээс эмээж байна. Учир нь, олон улсын дээд хэмжээний уулзалт АСЕМ-ийг зохион байгуулсан баг, энэхүү арга хэмжээг өөрийн оронд хүлээн авахад оройлох үүрэг гүйцэтгэсэн тухайн үеийн төр, засгийн удирдлагууд одоо ч элдэв сөрөг үгээр даруулж сууна. Монголыг дэлхийд ойртуулсан Ази, Европын дээд түвшний уулзалтын дараа хий дэмий төсвийн мөнгө үрэн таран хийлээ гэсэн шүүмжлэл өрнөж, үүнийг заавал хэн нэгэнд наах гэсэн дайралт одоо хүртэл үргэлжилж байгаа.

Бид олон улсын арга хэмжээг ийм түвшинд ойлгож, хүлээн авч байгаа нь асуудлын учир шалтгаан чухам хэндээ байгааг харж болохоор. Ажил хийсэн хүн л муу нэр хүлээнэ гэгч болж байна. Эдийн засгийн хүндрэл холдож, төсвийн алдагдал буурч, өр, зээлийн эргэн төлөлт тодорхой хугацаагаар холдсон. Хэдий тийм боловч дотоодын улс төрийн орчин, мега төслийн гацаа, эрх баригч нам дотор өрнөж буй тэмцэлдээн эдийн засагт үүссэн эерэг боломж болгоныг баллуурдахад бэлэн байна. Ийм эмзэг хөрс бүрэлдэн байгаа цагт бид олон улсын арга хэмжээг ам гарч авна гэдэг сайн нэр олох гээд өөрийгөө хөөдөхөд хүргэж мэдэх бодит эрсдэл. ОХУ болон БНХАУ-ын дунд оршдог, харьцангуй тайван, дайн дажингүй энэ байдал биднийг олон улсад өргөж байгаа. Гэвч газар зүйн одоогийн энэ давуу байрлалаа бид ашиглаж чадаагүй үлдсэн цөөн орны нэг. “Даахгүй нохой булуу хураана” гэсэн ардын зүйр цэцэн үг бий. Манай нисэх буудлын одоогийн хүчин чадал тун ярвигтай.

Тэрчлэн нийтийн хоолны үйлчилгээ, соёл, зочид буудлын стандарт, хүртээмж, замын түгжрэл, дэд бүтцийн эмзэг байдал АСЕМ-ийн арга хэмжээнээс дутахгүй АНУ-ын Ерөнхийлөгч болон БНАСУ-ын удирдагч нарын уулзалтыг “хөөдөх” бодит бэрхшээл мөн. Хэд хоногийн өмнө хоёр Солонгосын удирдагч уулзсан түүхэн мөчийг 800 гаруй сэтгүүлч сурвалжилж, аюулгүй байдлыг хангахад 3200 хүн оролцсон гэх статистик бий. Тэгвэл Трамп-Кимийн уулзалт үүнээс дор хаяж хоёр дахин нүсэр болох нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл 2000 шахам сэтгүүлч, 6000 гаруй аюулгүй албаныхан санаа тавина гээд төсөөл дөө. Ийм байхад энэ уулзалтыг гардаж зохион байгуулах, удирдах баг Монголоос олдох уу. Байгаа нөөц, боломжоос хэт нүсэрдэх арга хэмжээг зөвхөн зориг, их хүслээр хийнэ гэвэл амаргүй. Энэ нь баг, багийн хамтын ажиллагаанаас үлэмж шалтгаална. Цэвэрлэх байгууламжийн үнэр хүртэл энэ уулзалтад тээг болж мэдэх саад.

Монгол нь монголоо ноцох байдал бусдыг үргээж, боломжоо баллахад хүргэнэ

Олон улсын түвшинд АСЕМ-ийн уулзалтыг зохион байгуулснаар Монголын нэр хүнд өсөж, гадаад бодлого танигдаж, эдийн засгийн хамтын ажиллагаа, аялал жуулчлал тодорхой хэмжээгээр сэргэсэн. Тус арга хэмжээнээс дотоодын үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний салбарт наалдаж хоцорсон зүйл ч чамгүй бий. Хамгийн наад зах нь, зам харилцаа, зочидбуудлын үйлчилгээнд дэвшил гарсан. Гэхдээ энэ болгоныг дэлхийн стандарт, хэм хэмжээнд дөхүүлсэн хүмүүс нэр хүндээрээ сэвтээд үлдсэн. Хоёр жилийн өмнө, эдийн засаг хүнд байхад зохион байгуулсан АСЕМ-ийг эргэн санах хүн өнөөдөр тун ховор байна. Уг арга хэмжээнээс үлдсэн үнэ цэнэ, өвийг хүндэтгэх бус үл ойшоох, үгүйсгэх нь даанч олон. Төв талбайн өмнө байх дээрх уулзалтыг сануулсан хөшөөг хайран мөнгө гэж шогшрох хүн бас байна. Ийм байхад хэн нэр, нүүрээ баран Трамп болон Кимийн уулзалтыг зохион байгуулах галын шугамд ажиллана гэж. Мөнгөөр үл хэмжигдэх үзэл баримтлал, нүдэнд өртөхгүй ч бүхний суурь болж байдаг гадаад харилцааг зөвхөн өнөөдрөөр хэмжинэ гэдэг өрөөсгөл.

Ялангуяа, манайх шиг төвийг сахисан оронд чухамдаа, дэлхийн арга хэмжээг өөрийн орондоо “дэглэнэ” гэдэг ховор боломж. Бусдад хүлээн зөвшөөрөгдөхөд АСЕМ болон одоогийн дуулиан, шуугиантай байгаа Трамп, Кимийн уулзалт даян дэлхийд дахин Монголыг танилцуулах нэрийн хуудас. Гэвч монгол нь монголоо ноцох байдал бусдыг үргээж, боломжоо баллахад хүргэж байна. АНУ, умард Солонгосын удирдагчдын уулзалт хаана болох нь Азийн орнуудад хүлээлт үүсгэсэн. Гэхдээ бид шинийг мөрөөдөхөөс өмнө хуучнаа хэрхэн үдэж, АСЕМ-ийн дараа ямар зан гаргаж байснаа санахад илүүдэхгүй болов уу. Улаанбаатар “Азийн Швейцарь” болоход ойрхон. Үүнийгээ АСЕМ-ийн уулзалтаар бүс нутагтаа төдийгүй олон улсад харуулж чадсан. Гэхдээ бидний хандлага цаг нь болоогүйг илүү тод зарласан. Мөнгө, цаг хугацаа, хөдөлмөр, хичээл зүтгэл зарцуулахгүйгээр мөрөөдөл өөрөө биелдэггүй.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
56945
1 эможи

keyboard_arrow_up