Ийм сэдвээр попрох хэрэг байсан уу, Л.БОЛД ГИШҮҮНЭЭ!
Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан эрхмүүд болон нэр бүхий зарим хүнийг цагдан хорьж буй. УИХ-ын гишүүн Л.Болд өчигдөр Цагдан хорих 461 дүгээр ангид очиж, тэдний нөхцөл байдалтай танилцсан юм. Тэрбээр энэ талаараа "С.Баяраас бусадтай нь уулзлаа. Түүнтэй уулзах зөвшөөрөл өгсөнгүй" гэх мэдээллийг өгсөн юм. Энэ нь түүнийг МАН-ын хүн учраас эрх барьж байгаа намынхан тусгай хангамжтайгаар цагдан хориход байлгаж буйгаа нуун далдлах үүднээс АН-ын гишүүнтэй уулзуулсангүй гэх мессежийг ил, далдаар нийтэд ойлгуулсан. Гэтэл АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямын хэлснээр С.Баяр "Би хэнтэй ч уулзахгүй, хүн хүлээж авмааргүй байна" хэмээн Л.Болд гишүүнтэй уулзахаас татгалзсан аж. Түүнчлэн тэрбээр "Б.Бямбасайханыг 24 хоног саатуулж байгаа атлаа нэг ч удаа мэдүүлэг аваагүй байна. Энэ бол нэг ёсны залхаан цээрлүүлэлт"хэмээн ярьсан. Харин АТГ-аас өгсөн мэдээллээр Б.Бямбасайханаас хоёр ч удаа байцаалт авсан ажээ. Цагдан хоригдсон нэгнээ эргэж тойрч, нөхцөл байдалд нь санаа тавьж байгаа нь сайн хэрэг ч хүний эмзэг сэдвээр ийнхүү жижиг улс төр хийх нь Л.Болд гишүүнд тийм ч ашигтай баймааргүй санагдана. УИХ-ын гишүүний амнаас гарах үг хариуцлагатай байх ёстой. Гэтэл ийнхүү таван алхмын зайд ташаа мэдээлэл өгч буйг хэрхэн ойлгох вэ. Л.Болд гишүүн хоригдож буй нөхдөө үнэхээр эргэж очив уу эсвэл олны анхааралд байгаа асуудлаар попрох зорилго агуулав уу. УИХ-д хэдэнтээ сонгогдсон гишүүнд энэ мэт хэт богино зайн улс төр хийх шаардлага баймааргүйсэн.
М.Өнөржаргал
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин