Төрийн далбааны өдрийг тэмдэглэнэ

2014 оны 7 сарын 08

Их Монгол Улс байгуулагдсаны 808 жил, Ардын хувьсгалын 93 жилийн ойн “Төрийн далбааны өдөр”-ийн Цэргийн ёслолын жагсаал 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 10.00 цагаас эзэн Чингис хааны талбайд ёслол төгөлдөр эхлэнэ.

Энэхүү ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, Монгол Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ болон УИХ, ЗГ-ын гишүүд, БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд, батлан хамгаалахын атташе нар, Улаанбаатар цэргийн хүрээний Зэвсэгт хүчний ангиудаас гадна ХХЕГ, Дотоодын цэрэг, ОБЕГ-ын бие бүрэлдэхүүн, нийслэлийн иргэдийн төлөөлөл оролцоно.

Монгол Улсын Үндсэн хуулинд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг. Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандаж, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандиглан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдөр: Долдугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг оруулсанаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсч, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтоод өдгөө тав дахь удаагаа зохион байгуулагдаж байна.

Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах  энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болж нэгэнт чаджээ.

Иймээс Төрийн далбаандаа хүндэтгэл үзүүлэхийг хүссэн иргэн та далбаагаа бариад, эзэн Чингис хааныхаа талбайг зорин очиж, ард түмнийхээ уухайн түрлэгт дуу хоолой, сэтгэл зүрхээ нэгтгэхийг уриалж байна.
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
5626
0 эможи
keyboard_arrow_up