Ш.Батхүү: Эрдэнэт үйлдвэрийг Лондонгийн арбитрийн шүүхэд ялагдуулах нь хэнд ашигтай вэ?

2018 оны 4 сарын 05

“ЖАСТ”-ЫН ЗАХИРАЛ Ш.БАТХҮҮ ШОРОНГООС ЗАХИДАЛ БИЧЖЭЭ

Arslan.mnЖаст группын захирал Ш.Батхүүг эмнэлэгт эмчлүүлж байхад нь цагдан хорьсон билээ.


Ш.Батхүү өөрийн шалгагдаж буй хэрэг болон Арбитрийн шүүхийн шийдвэр, түүнтэй холбоотой үйл явдлыг тодорхой өгүүлсэн захидал гомдлыг АТГ-ын дарга Х.Энхжаргалд илгээжээ. Тэрбээр мөн манай сониноор дамжуулан дээрх захидлаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Монгол Улсын ерөнхий прокурор М.Энх-Амгалан, ТЕГ-ын дарга Д.Гэрэл нарт хүргэхийг хүссэн юм.

Захидалд дурдсанаар энэ хэргийг ямар нэгэн улстөрийн нөлөөлөлгүй үнэн мөнийг нь олж, шударгаар шийдэж өгөхийг хүссэн байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг Арбитрийн шүүхэд ялагдуулах сонирхол хэсэг хүмүүст байсан эсэхийг хуулийн байгууллагаар шалгуулж өгөхийг хүсчээ. Түүний гэр бүл болон өмгөөлөгч нь дээрх албан тушаалтнуудад мөн ийм хүсэлт гаргасан байна. Ш.Батхүүгийн захидлыг товчлон хүргэе.

Монгол Улсын иргэн, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү миний бие эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдан таван жил шалгагдаж байгаа бөгөөд хэргийн бодит үнэнийг тогтоолгох шаардлагатай гэж үзэж байна.

НЭГ. СТАНДАРТ БАНКНЫ ЗЭЭЛИЙН ТУХАЙ

Жаст групп нь 2009 онд Стандарт банкнаас 36.0 сая ам.долларын зээл авсан бөгөөд уг зээлийн үндсэн гэрээ болон барьцаа, баталгаанууд зөвхөн Стандарт банк, Жаст группын хооронд хийгдсэн юм.

Стандарт банкны шаардлагын дагуу “үүргийн гүйцэтгэлийг хангуулах”, Эрдэнэт үйлдвэр болон Жаст группын хооронд байгуулсан “Зэсийн баяжмал худалдах гэрээний эрх шилжүүлэх”, энэ гэрээтэй холбоотой “худалдааны авлагын дансыг удирдах” гэсэн гурван гэрээг Эрдэнэт үйлдвэр болон Стандарт банкны хооронд хийх хэрэгтэй болсон. Стандарт банкнаас ирүүлсэн уг гурван гэрээг аваад Эрдэнэт үйлдвэрийн тухайн үеийн удирдлагатай уулзахад саяхан журамд орсон өөрчлөлтийн дагуу ийм төрлийн гэрээнд гарын үсэг зурах боломжгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ гэрээг байгуулах хэрэгцээ, шаардлага манай компанид маш их байгаа тухай тайлбарлахад Эрдэнэт үйлдвэр ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй бол олон жилийн хамтын ажиллагаагаа бодоод хуулийн хүрээнд дэмжихээ илэрхийлсэн.

Тиймээс би дээрх гурван гэрээнээс Эрдэнэт үйлдвэрийн санхүүгийн хариуцлага хүлээсэн заалтуудыг хасаад богиносгосон гурван гэрээг хэсэг хугацааны дараа Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтэст үзүүлсэн. Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга Б.Мөнхжаргал Эрдэнэт үйлдвэр ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэдэг заалтыг гурван гэрээнд нэмж оруулаад Ерөнхий захирлынхаа гарын үсгийг авсан.

Үүний дараа уг гэрээнүүдийг бүртгэн өөрийн хувийг авч үлдээд Стандарт банкны талаас гарын үсэг зурж баталгаажуулсны дараа бүх гэрээнүүдэд үйлдвэрийн тамга дарж өгнө гээд явуулсан. Ш.Батхүү миний бие Улаанбаатар хотод буцаж ирээд өөрт үлдсэн хувиуд дээрээ Эрдэнэт үйлдвэрийн дууриамал тамгыг дарсан.

Дараа нь гэрээнүүдийн бүртгэл хийсэн нүүр болон гарын үсэг, тамгатай сүүлийн хуудсуудыг Стандарт банкнаас ирүүлсэн гэрээнүүдэд сольж хийгээд, сүүлийн хуудаснаас бусад хуудсуудад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргын гарын үсгийг дуурайлган зураад Стандарт банкинд өгч зээлээ авсан. Үүнээс хойш яг энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэртэй дахин ярьж байгаагүй.

Энэхүү зээлийн гэрээнд 2009 онд зээл авснаас хойш 4 удаагийн нэмэлт оруулсан, мөн 2010 онд авсан зээлд нэг удаа нэмэлт гэрээ хийсэн болно. Энэ бүх гэрээнүүд дээр байгаа гарын үсгүүд болон тамга тэмдэгүүд жинхэнэ биш гэдэг нь мөрдөн байцаах ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн болон Лондонгийн арбитрийн шүүхийн явцад Европын хараат бус шинжээчдийн дүгнэлтүүдээр удаа дараа нотлогдсон бөгөөд эдгээр нь хавтаст хэрэгт байгаа.

ХОЁР. ЛОНДОН ХОТОД БОЛСОН АРБИТРИЙН ШҮҮХЭД ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭРИЙГ САНААТАЙГААР ЯЛАГДУУЛСАН ТУХАЙ

Лондонгийн Арбитрийн шүүхийн ажиллагаанд Европын хөндлөнгийн шинжээч нь хамгийн эхний гурван гэрээнүүдийн сүүлийн хуудсан дахь гарын үсгээс бусад гарын үсгүүд, тамга тэмдэгүүд жинхэнэ биш байна гэдгийг нотолж тогтоосон тул товчхондоо гол зүйл нь энэ гурван гэрээний эргэн тойронд өрнөсөн байна лээ.

2013 оны тавдугаар сараас Стандарт банктай холбоотой зээлийн асуудал шуугиан дэгдээж, үүнийг Мөрдөн байцаах газар шалгаж байхад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан Б.Мөнхжаргал өөрт үлдсэн байсан богино хэлбэрийн гурван гэрээг тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн хуулийнханд баримтжуулан хүлээлгэн өгсөн байдаг.

Эдгээр гэрээнүүдийн хоёр нь хавтаст хэрэгт авагдсан бөгөөд 2014 онд Мөрдөн байцаах газраас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагаанд ашиглагдаж байсан, одоо ч хавтаст хэрэгт байгаа.

Урьдчилсан бэлтгэл ажлууд хангагдаж, шинжээчдийн дүгнэлтийг гаргасны дараа 2015, 2016 онуудад болсон Арбитрийн шүүхийн явцад хурал даргалагч шүүгч нь удаа дараа “Эрдэнэт үйлдвэр санхүүгийн ямар ч хариуцлага хүлээхгүй” гэсэн заалттай гэрээнүүдийн эх хувийг шүүхэд гарган өгч шинжилгээнд оруулахыг шаардсан байдаг. Бүр сүүлдээ Эрдэнэт үйлдвэрийн өмгөөлөгч, хуулийн Вэссон Тэйлор компанийн төлөөлөгчдөд эх хувь байгаа эсэхийг өөрсдийн нүдээр харж, байгаа гэдгийг батлахыг хүссэн байдаг боловч тэдгээр нь энэ хүсэлтийг нь биелүүлээгүй.

Европын болон Монголын хуулиар шинжээчид дүгнэлт гаргахын тулд зөвхөн эх хувь дээр ажилладаг бөгөөд энэ тохиолдолд л хуулийн хувьд хүчин төгөлдөр болдог. Маш харамсалтай нь энэ бүх урт хугацааны туршид Эрдэнэт үйлдвэрийн зүгээс Лондонгийн шүүхэд эдгээр гэрээнүүдийн зөвхөн хуулбарыг (копи) гаргаж өгч байсан ба “жинхэнэ гэрээ олдохгүй байна” гэсэн хариу өгсөөр байгаад шүүхэд ялагдаж Эрдэнэт үйлдвэр нь өөрт хамааралгүй асуудлаар их хэмжээний төлбөр төлөх шүүхийн шийдвэр гаргуулсан болно.

Энэ тухай Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэр (187 дугаар заалт, 55 дугаар хуудас)-т тодорхой заасан бөгөөд Эрдэнэт үйлдвэрийн зүгээс санхүүгийн хариуцлага хүлээхгүй гэсэн гэрээний эх хувийг гаргаж үзүүлээгүй. Тиймээс Стандарт банкинд байгаа санхүүгийн хариуцлага хүлээнэ гэсэн сүүлийн хуудаснаас бусад хуудсууд хуурамч гарын үсэг, тамгатай гэрээг үндэслэн анхны гэрээнүүдээр авсан 51.0 сая ам.доллар дээр хариуцлага хүлээнэ, бусад нэмэлтүүд дээр хариуцлага хүлээхгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл Жаст групп нь Стандарт банкинд анхны гэрээнүүдээс 88.2 сая ам. доллар төлсөн. Үүнээс харахад Жаст групп Стандарт банкинд зээлээ аль хэдийнээ бүрэн төлсөн гэж үзэхээр байна.

Хэдийгээр Эрдэнэт үйлдвэр Арбитрт 99.99 хувийн ялах магадлалтай байсан боловч шүүх ажиллагаанд хуулийн байгууллагаас алга болсон гэх хамгийн чухал нотлох баримтаасаа болж ялагдсан. Гэсэн ч дахин давж заалдан ялах боломж маш өндөр байсан. Учир нь Арбитрийн шүүхэд давж заалдах хугацаа дуусаагүй үе буюу 2017 оны зун Авлигатай тэмцэх газар шилжиж ирсэн хэргийн материалтай танилцаж байхад нөгөө “алга болсон, олдохгүй байна” гэж байсан гэрээнүүд эх хувиараа байж байсан.

Хоёр жилийн хугацаанд үл ойлгогдох байдлаар олдохгүй байсан гэрээнүүд “азаар” олдоод гараад ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн хуулийнхан давж заалдах хугацаа дуусаагүй байсан учир шинээр илэрсэн нөхцөл байдлыг үндэслэн уг гэрээгээ үзүүлээд шинжилгээнд оруулж дүгнэлт гаргуулсан бол ялах магадлал асар өндөр байлаа. Харамсалтай нь, Эрдэнэт үйлдвэрийн энэ асуудлыг хариуцсан хуулийн мэргэжилтнүүд энэ талаар бодит зүйл хийхгүй байсаар давж заалдах хугацааг алдсан байна. Үүнд:

-Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэрт дээр дурдсанаар Эрдэнэт үйлдвэр зөвхөн эхний гэрээнүүдээр өгсөн 51.0 сая ам.долларын хариуцлага хүлээнэ, харин нэмэлтүүдээр авсан зээлд хариуцлага хүлээхгүй гэж шийдвэрлэсэн. Мөн Жаст группын зүгээс гаргаж өгсөн санхүүгийн баримтуудаас харахад эхний гэрээнүүдээр авсан 51.0 сая ам.долларын зээлээ бүрэн төлж барагдуулсан. Одоо төлөгдөөгүй үлдсэн дүн нь Эрдэнэт үйлдвэрийн хариуцлага хүлээх ёсгүй нэмэлтүүдээр авсан зээл гэдэг нь нотлогдсон.

-Хэрэв давж заалдах явцад Эрдэнэт үйлдвэрийн хуулийн мэргэжилтнүүд энэ асуудлыг зөвөөр гаргаж, мэргэжлийн өндөр түвшинд ажилласан бол Эрдэнэт үйлдвэр төлбөр төлөх, хариуцлага хүлээхгүй байх хууль зүйн боломжтой байсан юм.

-Лондонгийн шүүхийн эцсийн шийдвэрт бас нэг ноцтой зүйл байгаа нь Эрдэнэт үйлдвэрийн зүгээс энэ асуудлаар нэг ч удаа маргаж, эсэргүүцэж байгаагүй учир 48.0 сая ам.долларын хүү, торгууль, алданги оногдуулж төлүүлэхээр боллоо гэсэн шийдвэр юм.

Эрдэнэт үйлдвэр ялах бүрэн боломжтой шүүх хуралд санаатай үйлдлүүдийн уршгаар ялагдсан, мөн давж заалдах боломж байсаар байхад /шүүхийн шийдвэрт “хэрэв Эрдэнэт үйлдвэр ХХК санхүүгийн хүнд байдалд байгаа бол балансаа авчирч үзүүлсэн тохиолдолд баталгааны асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн”/балансаа гаргаж өгөлгүй боломжоо алдан 100 орчим сая ам.долларын төлбөр төлөхөөр болсон.

Гэсэн хэдий ч Эрдэнэт үйлдвэр үнэхээр буруугүй учир төлбөрийг хийхгүй байх хууль зүйн боломж одоо ч гэсэн байгаа.

1958 онд Нью-Йорк хотноо байгуулсан “Гадаадын арбитрийн байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай” конвенцид Монгол Улс 1994 онд нэгдэн орсон. Уг конвенцийн дагуу Лондонгийн Арбитрийн шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд Монголын шүүхэд Арбитрийн шийдвэр болон тухайн шийдвэрийг гаргахад үндэслэл болгосон материалуудыг эх хувиар нь ирүүлж, Монголын шүүхийн шийдвэрээр баталгаажин түүнийг шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллагаар хэрэгжүүлэх ёстой.

Стандарт банкинд байгаа Эрдэнэт үйлдвэртэй холбоотой гурван гэрээ ирсэн үед тэдгээр нь хуурамч гэдгийг нотлох бүрэн бололцоотой. Энэ тохиолдолд Эрдэнэт үйлдвэр өөрийн буруугүй зүйлд төлбөр төлөх шаардлагагүй болно. Ийм хууль зүйн боломж байсаар байтал энэ асуудлыг олон нийтэд санаатайгаар мушгин гуйвуулж ойлгуулан, байдлыг дэвэргэн хурцатгаж, гүтгэлгийн шинж чанартай улс төржүүлж, олон улсын конвенци болон хуулиас гадуур яаран сандран Эрдэнэт үйлдвэр болон улс орныг хохироох замаар төлбөрийг гадаад руу хийлгэхээр улайрч байгаа нь түүнээс хувь хүртэх, улс төрийн ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийн маш том сонирхол байх магадлал өндөр байна.

Сүүлийн үед УИХ-ын хэсэг гишүүд Жаст группын Стандарт банкнаас авсан зээл Эрдэнэт үйлдвэрийн дансаар дамжсан мэтээр мэдэгдэл хийж байгаа нь огт үндэслэлгүй худал зүйл юм. Уг зээлийн нэг доллар ч Эрдэнэт үйлдвэрийн дансанд ороогүй бөгөөд энэ нь ч тогтоогдсон.Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж зээл авсан гэж ярьж байгаа нь ямар ч үндэслэлгүй. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой гол барьцаа нь Жаст групп болон Эрдэнэт үйлдвэр хоёрын хооронд байгуулсан зэсийн баяжмалын гэрээ бөгөөд энэ гэрээнд нэг ширхэг ч хувьцаа барьцаалах тухай үг, өгүүлбэр байхгүй.

Стандарт банкинд гаргаж өгсөн Монгол, Оросын талын хувь нийлүүлэгчдийн шийдвэр нь хуурамч гэдэг нь нотлогдсон. Монголын тал Оросын талтай хамтын шийдвэр гаргалгүйгээр их хэмжээний зээл авах, батлан даалт гаргах, тэр тусмаа хувьцаа барьцаалах огт боломжгүй юм.

Гэмт хэргийн шинж чанартай дараахь ноцтой үйлдлүүдийг мөрдөн байцаалтын шатанд онцгой анхаарч, яаралтай шалгах шаардлагатай байна. Үүнд:

1.Эрдэнэт үйлдвэр өөрийн буруугүйг нотлох хамгийн гол баримт болох “Эрдэнэт үйлдвэр ямар ч санхүүгийн хариуцлага хүлээхгүй” гэсэн заалт бүхий гэрээнүүдийн эх хувийг ямар зорилго, сэдлээр Лондонгийн арбитрийн шүүхэд хоёр жилийн туршид гаргаж өгөөгүй, Вэссэн Тэйлор компанийн хуульчид юуны учир уг гэрээнүүдийг өөрсдийн нүдээр харж, баталгаажуулаагүй вэ? Улмаар бүрэн ялах боломжтой шүүх хуралд ялагдаж, улсыг асар их хэмжээний өөрт хамаагүй төлбөрийн дарамтад оруулах нь хэнд ашигтай байсан, тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн удирдлага, энэ ажлыг хариуцаж байсан эрх мэдэлтнүүд, тэдний хөлслөн авсан хуулийн компанийн үйл ажиллагааг шалгах,

Тэдний ярьж байгаагаар УМБГ хэргийн материалд авагдсан эх баримтуудыг хуулийн хүрээнд гаргаж өгөөгүй, ядахдаа хавтаст хэрэгт эх хувь байгаа гэдгийг нүдээр үзэж, баталгаажуулах боломжийг хоёр жилийн хугацаанд олгоогүй, ийм гэрээнүүд байхгүй гэж Эрдэнэт үйлдвэрийнхнийг төөрөгдүүлж байсан бол энэхүү санаатай үйлдлийг шалгах;

2. Лондонгийн Арбитрийн шүүхээс давж заалдах боломжийг олгосоор байхад тухайн үеийн Эрдэнэт үйлдвэрийн энэ ажлыг хариуцаж байсан эрх мэдэлтнүүд санаатайгаар давж заалдах хугацааг үхүүлж, Эрдэнэт үйлдвэрийн өөрт хамааралгүй төлбөрийн дарамтыг баталгаажуулсан үйлдлийг шалгах;

3.Эрдэнэт үйлдвэрийн тодорхой эрх мэдэлтнүүдийн үйлдлээс болж давж заалдах хугацааг үхүүлсэн ч өнөөдрийг хүртэл төлбөр төлөхгүй байх хуулийн боломж байгаа. Гэтэл 100,0 орчим сая ам.долларыг төр болон олон нийтийг илт төөрөлд оруулах замаар олон улсын конвенци болон хуулийн гадуур төлүүлж, түүнээсээ ашиг хүртэх гэсэн хууль бус оролдлого хэвлэл мэдээллийн зарим хэрэгслийн оролцоотойгоор хийгдэж байна. Энэ үйлдлийг шалгуулах;

4. Монголын хуулийн байгууллагуудаар таван жилийн турш шалгагдах явцад Эрдэнэт үйлдвэрийн нэг ч хувьцааны асуудал уг зээлтэй холбоогүй. Лондонгийн Арбитрийн шүүхийн ажиллагааны явцад ч ийм зүйл байхгүй нь нотлогдсон. Гэтэл санаатайгаар асуудлыг мушгин гуйвуулж, Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийн хувьцаагаа алдаж байгаа мэтээр худал сурталчилж, энэ зээлийг авахад ямар ч оролцоогүй байсан хүмүүсийг санаатайгаар гүтгэн доромжлох зохион байгуулалттай ажил хэрээс хэтэрч байна. Мөн олон нийтэд огт үндэслэлгүй мэдээлэл тараан дэврээж, нийгмийн сэтгэлзүйд үзэн ядалт төрүүлэх ажиллагааг зохион байгуулж, өдөөж байгаа этгээдүүд, тэдний энэ үйлдэл олон нийтийг бусад иргэд, төрийн эсрэг өдөөн турхирч, нийгмийн журмыг алдагдуулах санаархал байгаа эсэхийг шалгаж өгнө үү.

Ш.Батхүү миний бие нь чихрийн шижин өвчнөөр 35 гаруй жил өвдөж байгаа. 2013 онд есөн сар хоригдсоны улмаас энэ өвчний хүндрэлүүд илэрч, хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдахад хүрсэн.

Би таван жилийн турш эрүүгийн хэргээр шалгагдан, бүх мэдүүлгээ өгсөн. Манай компанид татвар, нийгмийн даатгалын шалгалтуудыг хийж, банк санхүү болон Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлт гарсан. Мөн олон улсын өндөр зэрэглэлийн шинжээчдийн дүгнэлт, Лондонгийн Арбитрийн шүүхийн явцад тухайн зээлүүдтэй холбоотой бүх тоонууд нэхэмжлэгч Стандарт банкныхтай таарч байгаа. Мөн энэ зээлийн мөнгө бүгд Жаст группын данс руу орж байсан, уг зээл Хадгаламж банк болон Олон Овоотын төсөлд зарцуулагдсан зэрэг нь санхүүгийн баримтуудаар тогтоогдсон. Стандарт банкнаас авсан уг зээлийг миний бие нь олон зуун мянган харилцагч, хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эрсдэлд оруулахгүйн тулд аргагүйн эрхэнд өөртөө бүх эрсдлийг үүрч, банкныхаа дүрмийн санг нэмж байсан.

Ийнхүү Хадгаламж банкинд оруулсан Стандарт банкны зээлийн мөнгөнөөс миний хувьд ямар ч ашиг олоогүй, хүртээгүй. Харин ч банкаа улсад хууль бусаар хураалгаснаар 97 сая гаруй ам.долларын шууд хохирол амссан. Гэтэл намайг залилан мэхлэх гэмт хэрэг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэрээ болгосон, зөвхөн залилан мэхлэх аргаар амьдарч байсан мэтээр ял тулгаж байгааг миний бие хүлээн зөвшөөрөхгүй.

Миний зүгээс гэмт хэрэг хийх ямар ч бодол, сэдэлгүй байхад дахин гэмт хэрэг хийж болзошгүй гэсэн огт үндэслэлгүй зүйлээр эмнэлэгт эмчлүүлж байхад хорьж саатуулсныг дараахь агуулгатай гэж үзэж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Миний эрүүл мэнд, амь насанд ноцтой эрсдэл үүсгэх;

Хоёрдугаарт, Эрдэнэт үйлдвэрийг Лондонгийн арбитрийн шүүхэд ялагдуулж, дараа нь санаатайгаар давж заалдах хугацааг үхүүлж, хуулийн гадуур 100 сая гаруй ам.доллараар улсыг хохироон завших боломж олгох;

Гуравдугаарт, Хэрэв миний амь нас эрсэдвэл дээрх тун ноцтой хэргийн шинжтэй этгээдүүдийн хэрэг замхарч, над руу хамаг бурууг чихэн, хийгээгүй хэргүүдэд гүжирдэн, асар их улсын мөнгө завших боломж үүсэхээр байна.

Миний бие энэхүү захидлыг илгээж байгаагаараа өөрийн гаргасан алдаа, гэм бурууд тохирсон хариуцлагыг хүлээхээс зайлсхийсэн зүйл байхгүй. Харин энэ хэрэгт огт хамааралгүй хүмүүсийг хэлмэгдүүлэх, хийгээгүй хэрэгт гүтгэн гүжирдэх нь хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэдгийг илэрхийлж байна. Миний хийсэн үйлдэл дээр дөрөөлж хууль, шударга ёсноос гадуур өөрсдийн гэм бурууг далдлах, улсыг хохироож ашиг хонжоо олох гэсэн хэсэг бүлэг этгээдүүдийн сонирхол байгааг үгүйсгэхгүй.

Жаст групп нь олон мянган ажилчид, тэдгээрийн гэр бүлийн ажил амьдралыг залгуулж, цаашлаад улсынхаа ачааг ч нуруун дээрээ үүрэлцэж явсан. Ингэхдээ би бизнесийн итгэлцэл, харилцагчийнхаа эрсдэлийг хамгаалах зарчмыг баримтлан ажиллаж байсан. Би жирийн нэгэн л бизнесмэн. Ямар ч бизнес эрсдэл дагуулдаг.

Бодит үнэн тогтоогдож, шударга ёс ялна гэдэгт эргэлзэхгүй байна.

Жич: 2018 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр С1 телевизээр гарсан сэтгүүлч Л.Мөнхбаясгалангийн нэвтрүүлгийн талаар болон түүнд цөөн хэдэн үг хэлье гэж бодож байна.

Уг нь миний ярьсан зүйлийг бүтнээр нь гуравдугаар сарын 19-ний өдөр гаргахаар тохиролцож өөрийнх нь хүсэлтээр хоёр цаг орчим ярилцлага өгсөн. Харамсалтай нь, миний яриаг таслан эсрэг утгатай эвлүүлэг хийж гаргасанд туйлын их гайхаж байна.

Өөрийнх нь хэлснээр, эрэн сурвалжлах нэвтрүүлэг хийж бодит үнэнийг олон түмэнд хүргэхээр ажиллаж байгаа гэсэн учир уулзаж, бичлэг хийлгэсэн билээ. Би бизнесийн үйл ажиллагаа эрхэлж байхдаа олон хүнд эргэх нэхэлгүйгээр бизнесийн хувьд хөл дээрээ босоход нь тусалж байсан. Тэдний нэг нь сэтгүүлч Л.Мөнхбаясгалан билээ. Дөнгөж бизнесээ эхлээд сандруу явахад нь хүний хувьд сэтгэлээсээ дэмжиж байсныг сэтгүүлч маань мартаагүй байх гэж найдаад түүний хүсэлтийг зөвшөөрсөн. Ийм учраас өгсөн ярилцлагыг эсрэг утгатай болгон, эвлүүлэг хийнэ гэж санаанд орсонгүй.

Уг ярилцлагыг 2018 оны гуравдугаар сарын 10-ны өдөр 20-22 цагийн хооронд Баянгол ресторанд өгсөн ба хэрэв хоригдвол олон нийтэд хэт тэнцвэргүй байдал үүсгэж болзошгүй гэж үзсэн тул өөрчлөлтгүйгээр гаргана гэж найдсан. Энэ хэрэг 2013 оноос таван жилийн турш шалгагдаж байгаа тул хууль хяналтын байгууллага нь байр сууриа үнэн бодитоор илэрхийлнэ гэж үзэж байсан учраас хэвлэл мэдээллийн байгууллагад огт хандаж байгаагүй.

Сэтгүүлч Л.Мөнхбаясгаланд ахмад хүний хувьд хэлэхэд, амьдралын амаргүй үеийг туулж байгаа үед итгэж болох хүн гэж найдаж, болсон үйл явдлын талаар бүх мэдээллийг өгч, үгийг минь тэр чигээр нь хүргэнэ гэж бодсон. Ярилцлагыг хэсэгчлэн авч эсрэг утгатай болгон олон нийтийг төөрөгдүүлж байгаа нь бурхны номоор ч, сэтгүүлчийн ёс зүйн хувьд ч туйлын тоогүй үйлдэл бөгөөд өнөө маргаашдаа болж байгаа мэт санагдаж байвч алс хэтдээ буцахдаа шороо тээх зам гэдгийг анхааралдаа авах биз ээ.

Хүндэтгэсэн Ш.БАТХҮҮ

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
55708
2 эможи
keyboard_arrow_up