Ч.Сайханбилэг: Ирэх долоо хоногт Монголдоо очиж, мэдүүлэг өгнө
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Монгол Улсад ирэхээр нь Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар Авлигатай тэмцэх газраас байцаалт авна гэдгээ мэдээлсэн билээ.
Тэгвэл Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан болон Авлигатай тэмцэх газрын дарга Х.Энхжаргал нарт хандан АНУ-аас захидал илгээжээ. Тэрбээр захидалдаа хууль бус үйлдэл хигээгүй учир ирэх долоо хоногт Монголд ирж, айж ичилгүйгээр хуулийн байгууллагад шалгуулна гэдгээ бичсэн байна.
Уг захидалд “Би Ерөнхий сайдын хувьд Хямралын үед эдийн засгаа дампуурахаас сэргийлэх гэж, үргэсэн гаднын хөрөнгө оруулалтыг эргэн дуудах гэж, өнөөдрийн эдийн засгийн энэ өсөлтийг хангах гэж гацаанд орчихсон Оюутолгойн том төслийг хөдөлгөх боломжийг олгосон. Үүнийхээ төлөө надад хууль зөрчсөн үйлдэл байхгүй, бусдаас авсан авлига байхгүй, бусдад олгосон давуу эрх байхгүй ээ.
Тийм учраас надад айж, ичих зүйл ч алга. Би Монголдоо очно. Эмчлүүлж байгаа дүүгээ орхиод очно. Ирэх долоо хоногтоо очно. Надад хуулийн эрж хайх, таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлүүд болох оргон зайлахыг завдсан, оргон зайлсан, бусдыг дарамталсан, хүндэтгэн үзэх шалтгаанаар ирээгүй гэдэг ямар нэг зүйл байхгүй, цаашид ч гаргахгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Би хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг хүндэлж дурдсан хугацаанд очиж мэдүүлгээ өгч байх болно" гэжээ.