207 сая ам.долларын санхүүжилттэй гурван зээл, нэг буцалтгүй тусламжийн гэрээг үзэглэлээ
Азийн Хөгжлийн Банк (АХБ) болон Монгол Улсын Засгийн газар хамтран Улаанбаатар хотын агаарын чанарыг сайжруулах замаар иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, эдийн засгийн хүндрэлтэй үед боловсролын чанар ба хүртээмжийг тогтвортой байлгах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий нийт 207 сая ам.долларын санхүүжилттэй гурван зээл, нэг буцалтгүй тусламжийн гэрээнд өнөөдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж Сангийн сайд Ч. Хүрэлбаатар, АХБ-ыг төлөөлөн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмэн нар гэрээнд гарын үсэг зурав. Түүнчлэн гарын үсэг зурах ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С. Чинзориг нар оролцлоо.
“Эдгээр төслүүд нь ард иргэд, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгш боломж олгох, хүртээмжтэй өсөлтийг хангахад чиглэсэн АХБ-Монгол Улсын хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийн үзэл баримтлалтай яв цав нийцсэн төслүүд юм” хэмээн хатагтай Фернандез Ломмэн хэлээд “Бид боловсролын чанар ба хүртээмжийг нэмэгдүүлэх, мөн улс орны өмнө тулгарч буй томоохон асуудал болох агаарын бохирдлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх замаар ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд Засгийн газартай нягт хамтран ажиллах болно” хэмээн онцлон тэмдэглэв.
Агаарын чанарыг сайжруулах 130 сая ам.долларын бодлогын зээлийн хүрээнд эдийн засгийн төрөл бүрийн салбарт явуулж буй үйл ажиллагаанаас үүдэлтэй агаарын бохирдол, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад чиглэсэн хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг хэд хэдэн бодлогын шинэчлэлийг дэмжих юм. Түүнчлэн, агаарын бохирдлыг бууруулж, хүний эрүүл мэндийг хамгаалах асуудалд төсвийн зарцуулалтыг чиглүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлнэ.
Боловсролын салбарт хэрэгжих төслөөр сургууль, цэцэрлэгийн хүүхэд хүлээн авах хүчин чадлыг нэмэгдүүлэх замаар боловсролын чанар, хүртээмжийг сайжруулна. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийг үргэлжлүүлэх, заах арга зүйн дэвшилтэт хэрэглэгдэхүүнээр хангах, багш, сургалтын менежер, боловсролын асуудал хариуцсан нутгийн захиргааны ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх зэрэг ажлууд мөн хийгдэнэ. Төслийн хүрээнд шинээр баригдах болон өргөтгөх 34 сургууль, цэцэрлэгт элсэн суралцах 15,000 гаруй хүүхэд тус төслийн үр шимийг шууд хүртэх юм.
Харин гурав дах төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэх, нийгмийн суурь үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг эрт илрүүлэн тэдэнд эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгой анхаарна. Цаашлаад нийтийн үйлчилгээний байгууллагуудын дэд бүтцийг засварлан хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ээлтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан сэргээн засах төвүүдийг барьж байгуулах зэрэг ажлууд хийгдэнэ. Мөн үйлдвэрлэгчдэд бодлогын дэмжлэг үзүүлэх, түншлэлийн олон арга хэлбэрүүдийг ашиглах замаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажил эрхлэлтийг дэмжинэ. Энэхүү зээлийн төслийг Ядуурлыг бууруулах Японы сангаас олгох 2 сая ам.долларын буцалтгүй тусламжийн төсөлтэй хамтран хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|