УИХ-ын гишүүн Д.Гантулга ОХУ-д байгаа гэх мэдээлэл худлаа гэв
Өнгөрсөн сард АТГ-аас Мөрдөн шалгах ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн. Энэ үеэр Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог УИХ-ын гишүүн Д.Гантулгын талаарх сэтгүүлчдийн асуултад "Д.Гантулга гишүүнтэй холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Хэрэг дээр ажилласан цагдаагийн албан хаагч, шинжээчид албан тушаалын гэмт хэрэг байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна.
Ажлын хэсэг Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан. Мөн шинжээч томилж, хэргийн дүгнэлт гарсан. Энэ оны хоёрдугаар сарын 1-нд Нийслэлийн Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн. Тогтоолыг танилцуулахаар Д.Гантулгад одоогоор нийтдээ 18 удаа хандаад байна. Өмгөөлөгч, туслах, гэр бүлийн хүмүүст ханддаг. Гишүүн хуралтай, хөдөө орон нутагт, гадаадад томилолттой гэх шалтгаанаар Прокурорын дуудах хуудсыг хүлээж авдаггүй.
Энэ асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2.6-д заасны дагуу дуудагдсан сэжигтэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бол баривчилна гэх үндэслэл болж байгаа тул Нийслэлийн Прокурорын газраас хоёрдугаар сарын 22-нд шүүхэд хандсан ч үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Шалгалтын ажил үргэлжилж байна. Шаардлагатай гэж үзвэл гишүүнийг баривчлах саналыг эрх бүхий байгууллагад дахин тавих болно.
Энэ асуудалд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн хийж байна" гэсэн юм. Тэгвэл өнгөрсөн долоо хоногт АТГ болон цагдаагийн байгууллагын хамтарсан Ажлын хэсэг УИХ-ын гишүүн Д.Гантулгыг цагдан хорих саналаа прокурорын байгууллагад дахин хүргүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ. Үүнээс гадна өнгөрсөн сарын 16-нд Д.Лүндээжанцан тэргүүтэй УИХ-ын гишүүд Герман руу томилолтоор явсан. Энэ багт УИХ-ын гишүүн Д.Гантулга багтсан гэнэ.
Энэ үеэр хуулийн байгууллагынхан “Чингис хаан” ОУНБ-д очиж, Д.Гантулга гишүүнийг яллах тогтоолтой танилцуулах гэхэд тэрбээр татгалзжээ. Харин тухайн үед УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Бид зургаа хоног явчихаад ирнэ. Тиймээс би Д.Гантулга гишүүнийг батлан даагаад ирье" гэжээ.
Гэвч Герман улс руу томилолтоор явсан гишүүд ирчихээд байхад УИХ-ын гишүүн Д.Гантулга ирэх замдаа ОХУ-д нуугдаж, үлдсэн гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсан байна. Энэ талаар гишүүний туслахаас тодруулахад "Д.Гантулга гишүүн Германаас ирэх замдаа ОХУ-д үлдсэн гэх мэдээлэл худлаа. Герман руу хамт томилолтоор явсан УИХ-ын гишүүд бүгд ирсэн. Д.Гантулга гишүүн УИХ-ын хаврын чуулганы нээлтэд оролцоно” гэлээ.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|