Н.Энхбаяр: Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ хаана ч байхгүй
Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар МАХН, ИЗНН, Ногоон нам, МҮАН-ын дарга нар өнөөдөр мэдээлэл хийлээ.
ВИДЕО ҮЗЭХ:
Хэвлэлийн бага хурлын эхэнд МАХН-ын дарга Н.Энхбаяр Оюу толгойн гэрээтэй холбоотой асуудлаар Тулган шаардах бичиг гаргасныг хэллээ.
Ногоон намын дарга О.Бум-Ялагч, ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг, МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Батбаяр, МАХН-ын дарга Н.Энхбаяр нар тулган шаардах бичгийг хэсэгчлэн уншиж танилцууллаа.
"Шаардлагыг үл тоомсорлох аваас өнөөдрийн УИХ ард түмний эрх ашгаас урвасан гэж үзэж, УИХ-ыг тараах тэмцлийг эхлүүлэх болно" гэлээ.
Үргэлжлүүлэн МАХН-ын дарга Н.Энхбаяр "Монголын Засгийн газар Оюутолгойн 34 хувийг зээл тавьж авсан. Оюутолгойн баялаг монголынх юм уу эсвэл гадаадын нэг хувийн компанийнх юм уу. Монголын тавьсан зээлийг тухайн үед гэрээ байгуулсан Засгийн газар биш ард түмэн төлж байгаа.
Оюутолгой олон мянган ажлын байр бий болголоо гээд байгаа. Гэтэл яг үнэндээ хамгийн өндөр цалинг гадаадын инженерүүд авч байна. Монголчууд тогооч, үйлчлэгч, жолооч, харуул гэх мэт цалин багатай ажлуудыг хийдэг.
Өнөөдөр Их хурал шиг адгийн нэр хүндтэй байгууллага монголд байхгүй. Их хурал Оюутолгойг өөртөө авах хэрэгтэй. Ингэж чадвал М.Энхболдын алдагдсан нэр хүнд сэргэнэ. М.Энхболдод үүнээс илүү сайхан боломж гэж байхгүй. М.Энхболд бурханд баярлах хэрэгтэй.
Оюутолгойн гэрээний дагуу ногдол ашгийг 2036 оноос хуваарилна. Байгуулагдсанаасаа хойш 27 жилийн дараа ногдол ашгаа хуваарилдаг гэрээ өөр хаана ч байхгүй. Тиймээс нэн даруй өнөө маргаашгүй гэрээг цуцлах хэрэгтэй.
Оюутолгойн гэрээ цуцлагдахад бүх дэлхий ойлгоно. Хэн ч гайхахгүй. УИХ-ын гишүүдэд бид маш том боломж олгож байна. Та бүхэн Оюутолгойн гэрээг цуцалчихвал бид та бүхнийг дэмжих болно. Ард түмэн та бүхнийг дэмжинэ. Өнөөдрийн тулган шаардах бичгийг О.Бум-Ялагч, Ц.Ганхуяг, Д.Батбаяр, Н.Энхбаяр нар гаргаагүй. Ард түмэн гаргаж байгаа юм шүү" хэмээн ярилаа.
Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
|