С.Баярцогтыг АН-ынхан ШАГНАВ УУ, ШИЙТГЭВ ҮҮ
Их хэмжээний мөнгөтэй нэр нь холбогдож, “хөрөнгөө мартсан баян” хэмээх тодотгол зүүсэн хүн бол С.Баярцогт. Энэ хүн оффшор бүсэд нэг сая. ам.доллартай байсныг анх 2013 онд илрүүлж, олон нийтэд зарласан ч түүнийгээ “мартчихсан” гэдэг тайлбар хэлж, олны доог тохуу болж байсан удаатай. Асуудал хэсэг хугацаанд намжсан ч түүнтэй холбоотой дуулиант мэдээлэл энэ сарын 19-нд дахин ил болов. Тодруулбал, Швейцарийн Дээд шүүх Монгол Улсын Сангийн сайд асан С.Баярцогттой холбоотой авлигын хэргийг сөхөж, тэндхийн банкин дахь түүний дансны үлдэгдэл 1.85 сая ам.долларыг битүүмжлэх шийдвэр гаргасан тухай мэдээлэв.
Үүнтэй холбоотойгоор АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаж, тодорхой шийдвэр гаргасан тухайгаа өчигдөр олон нийтэд мэдэгдлээ. Тодруулбал, тус хорооныхон С.Баярцогтод хариуцлага тооцох тухай хэлэлцэж, намаас хөөх шийдвэр гаргажээ. С.Баярцогтын хувьд 1989 оноос эхлэн улс төрд зүтгэж, өчигдрийг хүртэл АН-аар овоглож ирсэн. Төдийгөөс өдийг хүртэлх 30-аад жилийн хугацаанд АН-ын төлөө хүчин зүтгэсэн гишүүнээ хөөж байгаа нь шагнал байв уу эсвэл шийтгэл үү. Үүнийг дэнслэх ганц байгууллага нь цагдаа, шүүхийнхэн болж байна. Тэд иргэн С.Баярцогттой холбоотой оффшор данс, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан их хэмжээний авлига авсан, мөнгө угаасан эсэхийг шалгаж, зохих хариуцлага тооцно гэдэгт найдъя. С.Баярцогт оффшор бүсэд данстай гэж олон жил ярьж байгаа.2013 оноос хойш таван жилийн хугацаа өнгөрч байхад яагаад энэ асуудлыг шалгаж, шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрэв. Хууль бус үйл ажиллагааг ил болгон хариуцлага тооцож, нийгэмд шударга ёсыг тогтоох үүрэг бүхий хууль хяналтын байгууллагынхан энэ асуудлын талаар яагаад чимээгүй сууна вэ. Одоо л биш бол хэзээ гэж... Швейцарийн Прокурорын ерөнхий газраас С.Баярцогтод нэхэмжлэл хүргүүлжээ.
Швейцарийн банкин дахь 1.85 сая ам.долларын хадгаламж бүхий дансыг тус улсын шүүхээс битүүмжилсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээллээ. “Энэхүү данс нь “Рио Тинто”-гийн уул уурхайн төслийг батлуулсан тухайн үеийн Монгол Улсын Сангийн сайдтай холбоотой авлигын нэг хэсэг юм” хэмээн эх сурвалж уламжилжээ. Тодруулбал, Швейцарийн Прокурорын ерөнхий газрын мэдээлэл үүнийг нотолж байна. Үүнд, хэдийгээр гаднын улсын Засгийн газрын гишүүн ч гэлээ их хэмжээний ам.доллар хувийн дансаараа авсан нь сэжиг төрүүлсэн учраас шалгаж эхэлжээ.Тэрбээр Монгол Улсын Сангийн сайдын албыг хашиж байхдаа гарын үсэг зурсан энэхүү гэрээ нь Монголын талд хохиролтой юм. С.Баярцогтын дансанд 2008 оны есдүгээр сард 8.2 сая евро буюу 10.1 сая ам.доллар шилжүүлсэн талаарх дансны мэдээллийг бид 2016 оноос хянан шалгаж эхэлсэн. Гэхдээ энэ дансанд одоогоор 1.85 сая ам.долларын үлдэгдэл бий. Данс эзэмшигчийн шүүхийн харьяалал тодорхойгүй, дипломат эрхийн хугацаа дуусаагүй гэсэн шалтгаанаар түүнд холбогдох хэргийг шүүхээр шийдвэрлэхэд хангалтгүй байсан” гэжээ. Гадаадын иргэдийн хээл хахууль, мөнгө угаах гэмт хэрэгтэй холбоотой байж магадгүй дансыг Швейцарийн Прокурорын ерөнхий газраас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу мөрдөн шалгадаг байна. Хэрвээ С.Баярцогт эргэлзээтэй мөнгөнийхөө гарал үүслийг тодорхойлох нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд ‘‘мөнгө угаасан” гэх үндэслэлээр хэргийг Швейцарийн Холбооны шүүхэд шилжүүлэх ажээ.
"Монголын үнэн" сонин