УИХ-ын гишүүн Х.Нямбаатар сая долларын хадгаламжтай шүүгчээ нэрлэх үү?
Шүүх засаглалд авлигал нүүрлэсэн гэсэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын мэдэгдэл сүүлийн өдрүүдэд олны анхаарлыг татаж байна. “Зарим шүүгчийн дансанд сая ам.доллар байсан. Таван настай хүүхдийнх нь дансанд 500 сая төгрөг байна. Эхнэр нь наториат хийдэг. Энэ орлогоос ийм хэмжээний хадгаламж цуглуулсан гэдэг. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатанд 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг яриа явчихлаа. Ийм шүүгч нартай шударга ёсны тухай яриад яах юм бэ” гэсэн түүний мэдэгдэл нийгмийн анхаарлыг шүүх засаглал руу хандуулав. Иргэд бие даасан, хараат бус байх ёстой шүүх засаглалд авлига байж болзошгүй хэмээн сэжиглэн таамаглаж байдаг. Гэхдээ Х.Нямбаатарыг дуугарах өдрийг хүртэл хэн ч баримт гаргаагүй юм. Тиймдээ ч шүүхийг тойрон эргэлдэж байсан сэжиг тааврыг хөндсөн УИХ-ын гишүүний үг нийгмийн сэтгэл зүйд хүчтэй нөлөөлөх шиг болов.
Х.Нямбаатарын үгийг шүүгчид бас дуугүй сонсоод хараад суусангүй. Салбарын нэр хүнд яригдаж буй тул Шүүхийн ерөнхий зөвлөл эрхэм гишүүнд шаардлага хүргүүлжээ. Тус газар УИХ-ын гишүүнийг өөрийн ярилцлагад дурдсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан гэх шүүгчдийн нэр, хууль зөрчсөн гэм бурууг нотлох баримт, мэдээллийн эх сурвалжаа олон нийтэд ил болгож, хууль сахиулах, авлигатай тэмцэх байгууллага прокурорт өгч шалгуулах. Хэрвээ дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол Монгол Улсын шүүхийн шүүн таслах ажлын нэр хүнд, шүүгчийн нэр төрд халдсан үйлдэлдээ уг мэдээллийг түгээсэн арга, хэлбэрээр уучлалт гуйж залруулах ёстой гэж үзэж буйгаа дуулгалаа.
Мэдэгдэлтэй хамт Шүүхийн ерөнхий зөвлөл 2017 онд АТГ-т өгсөн 499 шүүгчийн хөрөнгө орлогын мэдүүлэгийг цахим хуудастаа дэлгэжээ. Шүүгчдийн мэдүүлэг цахим орчинд байрламагцаа л олны анхаарлыг өөртөө татав. Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийн хадгаламж бэлэн мөнгө болон дасны үлдэгдэл 2017 онд 155 саяаас 190 сая төгрөг болж өссөн. Улсын Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаярын нийт орлого 248 сая 392 мянган төгрөг. Хувьдаа дөрвөн орон сууц, өндөр үнэтэй “Land Rover”, “Range Rover”,”Toyota Highlander”, “Toyota Land Cruiser 70”, “Nissan Murano” загварын таван машинтай гэнэ.
Дээрх баримтад нэр дурдагдсан хоёр шүүгчээс гадна 499 шүүгчийг орлогоороо тэргүүлсэн цөөнгүй хүний хөрөнгийн хэмжээг хэвлэл мэдээлэл болон хувь хүмүүс авч олон нийтийн сүлжээнд дамжуулж байна. Хувьдаа 3-5 байртай, хэд хэдэн машинтай, сая сая хадгаламжтай шүүгчдийн мэдээ иргэдийн урамыг хугалж эхэлжээ. Жирийн төрийн албан хаагч цалингаараа ганцхан байр аваад насаараа шахуу орон сууцны лизингийн өр төлөөд амьдарч байхад шүүгчид таван байртай гэнэ үү гэж иргэд дуу алдацгааж байна.
Ямартай ч энэ удаа Шүүхийн ерөнхий зөвлөл өөрт байгаа баримтаа дэлгэлээ. Одоо УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын ээлж. Эрхэм гишүүн анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатанд 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг гэсэн мэдэгдэлээ нотолдоггүй юм гэхэд сая долларын хадгаламжтай, таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг хураасан шүүгчдийн нэрсийг зарлах байх. Эс бол гишүүн шүүгчдээр шүүлгэх ажилтай болно гэсэн үг юм.
Шүүх засаглалд авлига нүүрлэсэн үгүйг харуулах зорилготой баримтуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл зүгээр ч нэг цахим орчинд нээчихээгүй байж мэднэ. Тус газар шүүгчдийн орлогын ил тод байдал, хөрөнгийн хэмжээг дагаад хэн нь хэн бэ, энэ засаглалд үнэхээр цэвэрлэгээ хийх ёстой юу үгүй юу гэдэг асуудал өрнөх ёстой. Энэ нь өөрөө эрүүл үзэгдэл гэж үзсэн байхыг үгүйсгэхгүй. Магадгүй тус зөвлөл энэ салбарт цэвэрлэгээ хийх цаг болсон гэдгийг мэдрээд дээрх баримтыг олон нийтэд дэлгэсэн байж мэдэх юм.
Б.Ариунболд