“Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг хэн ч хураагаагүй
УИХ-ын гишүүн О.Баасанхүү цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Саяхан ҮХЦ-ийн хуралдаанаар “УИХ-ын гишүүдийг гэмт хэргийн газар дээр нотлох баримттайгаар баригдахаас бусад тохиолдолд эрхийг нь түдгэлзүүлж болохгүй” гэсэн заалтыг хүчингүй болгосон. Энэ бол зөв юм. Хуулиараа шалгуулж байх ёстой. “ҮХЦ-ийн гишүүнийг цэцийн зөвшөөрөлгүйгээр хэргийн газар нотлох баримттай, эсвэл гэмт хэрэгт нь үйлдэж байхаас бусад тохиолдолд яллан татах, орон байранд нэгжлэг хийх, бичиг баримт эд зүйлийг хураан авахыг хориглоно” гэсэн заалт оруулжээ. Энэ нь УИХ-ын хүчингүй болгосон заалтыг хуулсан маягтай заалт ҮХЦ-ийн хуульд байдаг юм байна. Энэ хуулийг хүчингүй болгуулахаар УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хувьд хандана. УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хувьд, иргэний хувьд хандах ялгаатай. Иргэний хувьд хандахаар ҮХЦ рүү ханддаг. ҮХЦ өөрөө өөрийнхөө хуулийг хэлэлцэх нь зөрчилтэй. Харин УИХ-ын гишүүний хувьд хандахаар Хуульзүйн байнгын хороогоор хэлэлцүүлдэг. Ингээд УИХ-ын тогтоол гаргаж, ҮХЦ-д хүргүүлдэг.
Сүүлийн үед “Эрдэнэт”-ийн 51:49 хувийн асуудал их яригдаж байна. Би даваа гаригт Эрдэнэтийн иргэдтэй уулзана. 2013 оны зургадугаар сарын 19-ний өдөр “Жаст” группын Батхүү Даваацэрэн гэдэг хүнд тодорхойлолт өгч байсан байна. Үүнд “Мөнхжаргал, Ч.Ганзориг, Д.Сугар нарын бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн гэдгийг тодорхойлоод мөнгийг нь манай компани төлнө” гэсэн байна. Хэн нэгний компанийн байтугай айлын хашаанд байгаа шуудайтай нүүрсийг хулгайлсан хүн тодорхойлолт бичвэл ямар харагдах вэ. 2013 онд “Жаст”-ын Батхүү нэлээн хэрэгт холбогдож байжэ. Тухайлбал, МИАТ-ын хэрэгт холбогдоход ҮХЦ “Энэ хүний эрхийг хязгаарлах ёсгүй” гэжээ. Мөн ХОМ зөрчилтэй гэхэд цалингийн 30 хувийн эрхээр нь хасч торгожээ. Д.Сугар гэдэг хүн ТӨХ-ны даргынхаа хувьд биш маш олон төрийн өмчийн компанийн ТУЗ-ийн дарга байжээ. ТУЗ-ийн даргын хувьд дээрх асуудлыг мэдэж байх ёстой гэсэн үг хэмээлээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.
Д.Сугарын гарын үсэг хуурамч гээд байгаа. Энэ талаар?
- Олон улсын арбитрийн шүүхээр гарын үсгийг хуурамч биш гэж тодорхойлчихоод байгаа. Ер нь гарын үсэг хуурамч, хуурамч бишдээ биш. Монгол төрийг 300 гаруй тэрбум төгрөгийг хохирол учруулчаад “Би 461 рүү алхахад бэлэн” гэж томроод суугаад байж болохгүй.
-"Жаст"-ын Батхүүгийн хөрөнгийг хураасан уу?
-“Жаст”-ын Батхүүгийн хөрөнгийг хэн ч хураагаагүй. Хөрөнгө хураана гэдэг чинь шүүхийн шийдвэрээр хохирол тогтоогоод авдаг. Тэр хүний компанийг татан буулгаагүй. Тиймээс компаниа хэндээ шилжүүлэх нь өөрийнх нь эрх. Төрийн банкийг хадгаламж банктай нийлүүлсэн. Нууцсан зүйлийг шалган тогтоох үүрэгтэй. 170 сая ам.доллар бага мөнгө биш. Дээр нь тухайн үеийн Сангийн сайд хэн байсныг тогтоох хэрэгтэй. Сангийн яам 170 сая ам.долларын гүйлгээг хараагүй, мэдээгүй байна гэдэг харамсалтай.
-Сүүлийн үед 14 настай хүүхдийг хүчиндсэн бол эрүүгийн хэрэг хүлээхгүй гэсэн заалт байна гэж шуугиад байна. Энэ талаар?
-2016 онд Эрүүгийн хуулийг бүхлээр нь шинэчлэхээр УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ахлаад оруулж ирсэн. Зөвхөн 14 нас гэдэг дээр битгий акцинт өг. Яагаад гэвэл хуулийн 12.5-т "18 насанд хүрсэн хүн 16 буюу түүнээс доош настай байхыг мэдэх боломжгүй байсан эсвэл тохирсон бол тэр хүнийг торгоно. зорчих эрхийг нь хязгаарлана" гэж байгаа. Энэ нь маш бага ялтай гэсэн үг. Дээрээс нь ажлын байрны бэлгийн дарамт эрүүгийн хуулиар гэмт хэрэг биш болсон. Садар самуун үйл ажиллагаа явуулахад биеэ үнэлэх орон байраар хангах нь гэмт хэрэг байсан. Одоо байхгүй болчихоод байна. Гэр бүлийн хамаарал хүний бүхийг хүчиндсэн бол хоёр жилийн ял өгөхөд буруутгах хэрэггүй. Учир нь хуулиндаа энэ талаар 2-8 жил гэж заасан байгаа.
Эх сурвалж: Shuud.mn
|