17 албан тушаалтан холбогдох хуулийн заалтын дагуу АТГ-т офшор дансаа мэдүүлж, мэдэгдээд байна

2018 оны 2 сарын 26

Arslan.mn

АТГ-аас 2018 оны хоёрдугаар сард хийсэн онцлох ажлуудаа танилцуулж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Arslan.mn

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг "Авлига, ашиг сонирхлын зөрчлийн хуульд заасны дагуу улсын хэмжээнд нийт 40,073 төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т бүртгүүлэх ёстой. Үүнээс 40,067 мэдүүлэг гаргагч хуулийн хугацаанд мэдүүлгээ гаргаж бүртгүүлсэн байгаа. 

Төрийн өндөр болон тэдгээртэй адилтгах 271 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд шинэчлэн гаргаж бүртгүүлсэн. 1 мэдүүлэг гаргагч огт мэдүүлээгүй, 3 албан тушаалтан ХОМ-ээ мэдүүлээгүй, мөн 3 албан тушаалтан хугацаа хоцорч мэдүүлсэн. Тиймээс эдгээр хүмүүс хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой байгаа.

2018 он гарснаар АТГ 305 хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна. Үүнээс 34 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. 
31 хэргийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 3 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн. Одоогийн байдлаар 267 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна" гэв.

Arslan.mn

АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү "Транспарэнси интэрнэшнл олон улсын байгууллагаас авлигын төсөөллийн индексийг хоёрдугаар сарын 21-нд дэлхий дахинаа зарласан байгаа.

2017 оны авлигын төсөөллийн индекс дээр 180 орон орсон. Эдгээр улс орнуудын 2/3 нь 50-иас доош оноо авсан. Өөрөөр хэлбэл, үзүүлэлт харьцангуй тааруу байна гэсэн үг. Монгол Улс 36 оноогоор 103 байрт эрэмбэлэгдсэн.

Дэлхийн улс орнуудын авсан авлигын дундаж оноо нь 43 байна. Энэ нь өмнөх онтой харьцуулахад өөрчлөгдөөгүй үзүүлэлт юм. Манай улсын хувьд өмнөх онтой харьцуулахад авлигын индекс хоёроор буурсан.

Монгол Улсыг нийт 9 шалгуур үзүүлэлтээр дүгнэж авч үзсэн. 9 шалгуур үзүүлэлтээс 5 үзүүлэлтийн оноо буурч, 2 үзүүлэлтийнх хэвээрээ, 2 нь өссөн байгаа.
Индексийн үр дүнгээс харахад ТББ болон Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг хамгаалж чадахгүй байгаа улс орнууд авлига өндөртэй гэсэн дүгнэлт гарсан. Тухайлбал, энэ оны индекст 37 оноо авсан Бразиль улсад сүүлийн 6 жил 20 сэтгүүл амиа алджээ.

Үүнээс гадна АТГ нь Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. 

Офшор бүсэд бүртгэлтэй данс эзэмшдэг бол энэ тухайгаа сайн дураар мэдүүлж, хуульд заасан арга хэмжээгээ авах үүрэгтэй. Хуульд заасны дагуу офшор бүсийг тогтоох асуудал нь Засгийн газрын эрх мэдлийн асуудал. 

Засгийн газраас 2017 оны аравдугаар сарын 3-ны өдөр, арванхоёрдугаар сарын 6-нд хоёр удаа тогтоол гаргасан. Энэ хугацаанаас 3 сарын дотор заасан арга хэмжээг авч, 30 хоногийн дотор АТГ-д мэдээлсэн байх ёстой.

Өнөөдрийн байдлаар нийт 17 албан тушаалтан холбогдох хуулийн заалтын дагуу АТГ-т офшор дансаа мэдүүлж, мэдэгдээд байна.

Одоогийн байдлаар мэдүүлсэн 3 албан тушаалтан байгаа. 2 нь УИХ-ын гишүүн, нэг нь Монголбанкны албан тушаалтан. Өөрсдийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан офшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад зарж борлуулсан тухай мэдүүлсэн.

Эцсийн хугацаа дөрөвдүгээр сарын 6-нд дуусна. Тэр үед нэгдсэн дүнг мэдээлнэ"гэлээ.

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN 
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
54283
1 эможи
keyboard_arrow_up