Д.Гантулгыг албадан баривчлуулах саналаа шүүхэд шилжүүлжээ
УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан тухай мэдээллийг өчигдөр Нийслэлийн прокурорын газрын олон нийттэй харилцах ажил хариуцсан хяналтын прокурор Г.Бясман өгсөн. Энэхүү мэдээллийг нь өнөөдөр түүнээс дэлгэрүүлэн тодрууллаа. Тэрээр "УИХ-ын гишүүн Д.Гантулгыг яллагдагчаар татсан. Энэ тухай тогтоолыг нь танилцуулах ажил өөрөөс нь шалтгаалан саатсан. Тогтоолыг нь танилцуулахаар дөрвөн удаа дуудсан боловч ирээгүй. Ирэхгүй байгаа шалтгаанаа тайлбарлахдаа "Орон нутагт албан томилолттой явж байна" гэж хэлдэг. "Байгаа газар чинь очоод танилцуулъя" гэдэг саналыг манайхаас бас тавьсан. Гэвч "Танилцах боломжгүй байна" гэсэн. Хэн ч байсан прокурорын дуудсан хугацаанд ирж тогтоолтой танилцах ёстой. Дуудаад ирэхгүй байгаа учраас бид дараагийн шатны арга хэмжээг авах гэж байна. Дараагийн шатны арга хэмжээ нь албадан баривчлах. Энэ бол шүүхийн зөвшөөрлөөр хийгддэг ажиллагаа. Энэ тухай саналаа бид шүүхэд хүргүүлсэн" гэлээ.