“Эрдэнэт“-ийн 51 хувийг барьцаалсан талаар ХЭН ЮУ ХЭЛЭВ

2018 оны 2 сарын 23

Arslan.mn

“Эрдэнэт үйлдвэр’’-ийг тойрсон дотоод, гадаад маргаан Азид төдийгүй дэлхийд томоохонд тооцогдох “Эрдэнэтийн зэс, молебдиний орд хэний өмч вэ, мөн өнөөдөр хэний мэдэлд байгаа вэ” гэх асуултыг нийгэмд үүсгээд удаж байна. Монгол Улсын Засгийн газар ОХУ-ын мэдалд байсан 49 хувийн өмчлөлийг худалдаж авах давуу эрхээ “Монголын зэс” корпорацид найр тавьж өгсөн талаар маргаан эцэслэгдээгүй байхад 51 хувийг нь Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан асуудлыг Лондоны арбитрын шүүх эцэслэв.

Олон улсын шүүхийн явцад тухайн үед “Жаст групп”-ийн ерөнхийлөгч Ш.Батхүүг зээл авахад баталгаа гаргаж өгсөн гэгддэг Эрдэнэт үйлдвэр”-ийн дарга Ч.Ганзориг, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар, УБТЗ-ын дарга Д.Очирхүү нарын тамга тэмдэг бүхий гарын үсэг хуурамч биш гэдгийг олон улсын шинжээчид тогтоосон талаар эх сурвалжууд мэдээлэх боллоо.

“Стандарт” банкинд 51 сая ам.доллараас гадна хүү, бусад зардлын хамт 102 сая ам.долларыг төлөх бөгөөд давж заапдах эрхгүй болсон гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан мэдээлсэн.

Уг нь 2013 онд манай хууль хяналтынхан Ш.Батхүүд баталгаа гаргаж өгсөн гэх эрхмүүдийн гарын үсгийг хураамчаар үйлдсэн гэж тогтоон ял шийтгэсэн байдаг. Ш.Батхүү ч би бизнесмэн бус жирийн иргэн бопсон. Банкаа Төрийн банкинд тушаасан, “Жаст ойл” компаниа “Магнай трейд”-д банкны зээлийг нь төлүүлэх нөхцөлтэйгөөр өгчихсөн. “Жаст Агро” компаниа татан буулгаад 11 үйлдвэрийг нь “Хадгаламж” банкны гүйцэтгэл хангуулах ажлын хэсэгт харьяалуулсан. “Олон-Овоот” компаниа хамтрагч болох Г.Алтанд шилжүүлчихсэн. Эцэст нь “Эрдэнэт үйлдвэр” болоод Монгол Улсын Засгийн газарт нэг төгрөгийн хохирол учруулахгүй гэх мэдэгдлийг хийсэн удаатай.

Харин Лондоны олон улсын арбитрын шинжээчид “Эрдэнэт үйлдвэр”-ийн эсрэг дүгнэлт гаргаснаар асуудал нэг тапдаа гарсан. Одоогийн байдлаар 51 хувийн барьцаанд өгөх нөхөн төлбөрийн дүнг хөнгөлөх хэлэлцээг “Стандарт” банкны талтай хийхээр оролдож байгаа гэх тайлбарыг манай албаныхны зүгээс өгөх болсон. Улмаар “Жаст”-ийн Ш.Батхүү нарын тавьсан өрийг, тэд өөрсдөө төлөх үү, эсвэл татвар төлөгчид нуруунд үүрүүлэх үү гэдэгт асуулт урган гарч ирж байна. Энэ асуудалтай нэр холбогдсон эрхмүүд болон Засгийн газрын холбогдох албан тушаалтнуудын зүгээс ямар тайлбар хийснийг түүвэрлэн хүргье.

ЭНЭ МӨНГИЙГ ТӨЛӨХ ЁСТОЙ ХҮН НЬ Ш.БАТХҮҮ

Ц.Нямдорж (Хууль зүй, дотоод хэргийн сайд)

Arslan.mn

-ХЗДХ-ийн яам олон Засгийн газар арбитрын маргаанд огт оролцоогүй. Энэ маргаанд “Эрдэнэт үйлдвэр” нөгөө талаас “Стандарт” банк оролцсон. Яамны ажлын хэсэг Эрдэнэт үйлдвэр”-т юу болсныг судалж байгаа. Түүнээс маргаанд оролцохгүй. Юу болсныг нь Засгийн газарт танилцуулах л үүрэгтэй ажлын хэсэг байгуулсан. Энэ маргаан 2013 онд гарсан. Тэр үед Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч, АН Засгийн газар барьж, “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирлаар Ц.Даваацэрэн томилогдсон.

Тухайн үедээ шалгаж, шоронд хийх хүмүүсээ хийгээд Ш.Батхүү гэдэг хүн суусан шүү. Баахан бензин колонктой байснаа түүнийгээ хураалгасан. Банктай байснаа хураалгасан. Сүүлд нь тэр хөрөнгийг нь хаашаа гувчуулсныг бүгдээрээ мэдэж л байгаа. Тэр үед сайд байсан Х.Тэмүүжин, Д.Дорлигжав гээд хоёр тийшээ саваад байж болно. Одоо бол асуудлын цаана яаж хохирол багатай гарах вэ гэдэг байна. Эцсийн дүндээ энэ мөнгийг төлөх ёстой, авсан хүн нь Ш.Батхүү гэдэг хүн шүү.

Тэр хүний хөрөнгийг нарийвчлах, хууль хяналтынхан хэргийн учрыг олох асуудал байгаа. Гэхдээ нэг л юм мэдрэгдээд байгаа ом. Үүнийг улстөржүүлж 49 хувийн хулгайг булах зохион байгуулалт явагдаад байгаа. Баахан гарын үсэгний асуудал яригддаг. Жинхэнэ биш, хуурамч л гэдэг. Үүнд хариулах ёстой газар нь Авилгатай тэмцэх газар, хянаж байгаа нь Ерөнхий прокурор. Би болон манай яамны албан тушаалтнууд энэ хэрэг рүү орох ямар ч эрхгүй. Хуулийн хувьд хаалттай. Тэр Лондоны Арбитрын маргаанаас ямар дүгнэлт гарсан нь Монголын Засгийн газарт байхгүй. “Эрдэнэт үйлдвэр”-т л байгаа болов уу.
ЕРӨНХИЙ САЙД БАЙХДАА АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАСАН ЯВДАЛ ҮГҮЙ

С.Баяр (Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд)

Arslan.mn

Түүнийг УИХ-ын нэгдсэн чуулганаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсад суух элчин сайдаар томилох үеэр Б.Пүрэвдорж гишүүний зүгээс Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа уг асуудал өрнөсөн талаар хөндөхөд, тэрбээр “Би Ерөнхий сайд байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан. Найз нөхөддөө мөнгө гаргаж өгсөн бол үүнийг хууль хяналтын байгууллага шалгаад надад хатуу хариуцлага хүлээлгэх учиртай. Тийм юм болсонгүй.

Би Ерөнхий сайд байхдаа, дараа нь ч тэр энэ асуудлын талаар ямар нэгэн учир холбогдол надад үгүй гэдгийг УИХ-ын танхимд хариуцлагатайгаар танд бөгөөд энэ үгийг сонгож буй ард иргэддээ хэлэхийг хүсэж байна” гэж байв.
ТУХАЙН ҮЕИЙН “ЭРДЭНЭТ”-ИЙН ХОЁР ТАЛЫН ДАРГА ЦОХОЛТ ХИЙЖ ӨГСӨН

Ш.Батхүү (“Жаст” группийн ерөнхийлөгч)

Arslan.mn

-Манай компани 2008 онд “Стандарт” банкнаас 20 сая долларын зээл авахын тулд “Эрдэнэт” үйлдвэрээс баталгаа гаргуулсан нь үнэн. Тухайн үеийн “Эрдэнэт” үйлдвэрийн хоёр талын дарга нар зээлийн батлан даагч болох хүсэлт гаргасныг хуулийн дагуу хянаж шалгаад, боломжтой бол хуулийн баталгааг нь гаргаад өгчих гэх цохолт хийж өгсөн. Гэхдээ авсан зээлээ хугацаанд нь төлөөд барагдуулчихсан тул “Эрдэнэт” үйлдвэр Ш.Батхүүгийн өмнөөс зээлийг нь төлөөд, алдагдалд орчихсон зүйлгүй.

Манай компани “Эрдэнэт” үйлдвэрт 1997 оноос шатахуун нийлүүлж, цахилгааныг нь хангаж өгдөг учраас надад баталгаа гаргаж өгсөн. Сүүлд авсан зээлүүдийн 97 сая ам.доллар нь “Хадгаламж” банкинд орсон. “Стандарт” банкнаас хэд хэдэн удаа зээл авсан. Одоо хүртэл “Стандарт” банкинд төлөх ёстой зээл бий.

Зээлээ зориулалтын дагуу ашиглаагүй буюу “Хадгаламж” банк болон “Олон-Овоот”-ын төсөл зэрэгт хөрөнгө оруулсан. Хэрэв “Олон-Овоот”-ын төсөл амжилттай болж, банкаа шинэ хөрөнгө оруулагчдад зарчихсан бол энэ бүх зээл төлөгдчих байсан.

“Монгол газар” компанийн харьяа компаниуд манайхаас авсан шатахууныхаа төлбөрийг барагдуулахгүй, 10 гаруй тэрбумын өртэй болчихоор нь “Олон-Овоот”-ын төсөлд авлагынхаа хэмжээнд оролцсон. Миний хийсэн хамгийн том алдаа бол “Монгол газар” компани болоод Ц.Мянганбаяртай орооцолдсон явдал. Одоо "Стандарт” банкинд 120 гаруй сая ам.долларын зээл үлдэж байгаа. Монголчуудын хэлдгээр амьд хүн аргатай гэдэг шиг арга нь олдох байлгүй.
МИНИЙ НЭР УС БАЙГААГ ТА НАР ОЛВОЛ, БИ ХОЁР ЦАГИЙН ДАРАА БҮРЭН ЭРХЭЭСЭЭ ТАТГАЛЗАНА

Arslan.mnД.Сугар (Үндсэн хуулийн цэцийн гишүүн, тухайн үед Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байв)

-Арбитрын шүүхийн шийдвэрээр “Эрдэнэт үйлдвэр” олон сая ам.долларын төлбөр төлөх болсонд үнэхээр харамсч, санаа зовж байна. Төлөхгүй байх, ядахдаа хэмжээг багасгах боломж байгаа юм бол бүгдээрээ чадах чинээгээрээ оролцож ашиглах ёстой. Ийм байдалд хүргэхэд миний оролцоо, буруутай үйлдал байхгүй.

Лондоны Олон Улсын арбитрын шүүхийн шийдвэр 357 хуудас материал байгаа. Тэнд миний нэр ус байгааг та нар олвол, би хоёр цагийн дараа бүрэн эрхээсээ татгалзаад 461 дүгээр ангийн үүдэнд очно. 2009 онд зээлсэн 36 сая ам.доллар, 2010 оны 27 сая ам.долларын талаар шийдвэр гарсан байна лээ.

75 сая ам.доллар, 34 сая ам.долларын зээлд өгсөн баталгаа хуурамч гэдгийг Арбитрын шийдвэр чинь өөрөө зөвшөөрчихсөн байгаа. Тэр байтугай 27 сая ам.долларын баталгааг ч хуурамч гэж зөвшөөрөөд, харин үйлдлээрээ хэрэгжүүлж эхэлсэн байна гэж үзсэн бололтой. Тэр нь чухам юу юм би мэдэхгүй.

2018.02.21 “Өдрийн сонин”
ГАРЫН ҮСЭГ ХУУРАМЧ БИШ ЮМ БАЙНА

Х.Баттулга (Монгол Улсын Ерөнхийлөгч)

Arslan.mn

Орхон аймагт ажиллах үеэр иргэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийн талаар асуухад, “Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа энэ үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгээс уг асуудлын талаар тодруулж байсан. Хэрвээ хуурамч гарын үсэг зурж зээл авсан бол хуурамч гарын үсэг зурсантай холбоотойгоор асуудал шийдэгдэнэ гэж бодож байсан.

Харамсалтай нь, “Стандарт” банкны талд Арбитрын шүүхийн шийдвэр гарлаа. Тэгэхээр гарын үсэг хуурамч биш юм байна, хуйвалдсан асуудал байна гэдэг нь шүүхээр тогтоогдож байна гэсэн үг. Анх “Стандарт" банктай “Жаст” групп 2009 оны долоодугаар сарын 8-нд, 2010 оны наймдугаар сарын 5-нд гэрээ байгуулж зээл авсан байна.

Би холбогдох байгууллагуудаас нь бичгээр тайлбар авч байгаа. Удахгүй энэ талаар Засгийн газар болон бусад байгууллагад хандана. Иргэдийн бодоод байгаа шиг юу, юугүй 51 хувийг нь хураагаад авахгүй байх. Хэлэлцээрээр шийдэгдэх байх” гэсэн юм.
МӨНГӨ ТӨЛӨХГҮЙ БАЙХ БҮРЭН БОЛОМЖ БАЙНА

Б.Мөнхжаргал (“Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн дарга асан)

-Английн Дээд шүүхээс 2017 оны дөрөвдүгээр сард Арбитрын шийдвэрийг давж заалдаж болно гэдэг зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр”-т өгсөн. Ингэхдээ 51 сая ам.доллар байршуул гэсэн. Ийм зөвшөөрөл егөх тохиолдол практикт тун ховор л доо.

Би Арбитрын хэрэг дээр өмнө нь ажиллаж байсан хуульчийн хувьд хэлье. Арбитрын шийдвэр үндэслэлгүй гарсан байж болох тохиолдолд ийм зөвшөөрлийг өгдөг. Тэгээд байхад “Эрдэнэт үйлдвэр” давж заалдаагүй. Одоо хүү нь нэмэгдээд байна гэж ард түмнийг айлгаж байгаад хурдхан шиг төлөх гээд байгаа сонирхол илтэд ажиглагдаж байна.

Монголын ард түмэн энэ гэрээ нь жинхэнэ үү, үгүй юу гэдгийг эхэлж зайлшгүй мэдэх хэрэгтэй. Монголын шүүх энэ гэрээг жинхэнэ эсэхийг үзэх боломж байхад үүнийг ашиглахгүй хурдхан шиг Арбитрын шийдвэрийг биелүүлчих гээд байгаа нь тодорхой ашиг сонирхолтой байгааг илтгэнэ.

Хэрвээ тэр гэрээ ирчих юм бол манайх мөнгө төлөхгүй байх бүрэн боломж байна. Хэрвээ яаран төлчих юм бол тэр хуурамч гэрээ хэзээ ч Монгол Улсад ирэхгүй. “Жаст”-ын гэрээний баталгааны үнэн бодит байдал хэзээ ч тогтоогдохгүй.

2018.02.13 Өдрийн сонин
ХОХИРЛЫГ БАРАГДУУЛАХ ЁСТОЙ

Г.Занданшатар (Засгийн хэрэг эрхлэх газрын дарга)

-Энэ асуудал “Эрдэнэт үйлдвэр" дэх төрийн өмчийн 51 хувьтай шууд холбогдохгүй. Үүнд буруутай эзэн байвал тэр хүмүүсээр хохирлыг барагдуулах, нөхөн төлүүлэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээг авахаар хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа. Энэ хэмжээний мөнгийг төллөө гэхэд үйлдвэрийн 51 хувьд шууд нөлөөлөхгүй.

“Эрдэнэт үйлдвэр”-ийн жилийн ашиг 410 тэрбум төгрөг буюу 150 сая ам.доллар орчим байдаг. Муугаар бодож эрсдэл хүлээлээ гэхэд ашиг нь буурна. Сайнаар бодоход хохиролгүй болгох чиглэлээр холбогдох байгууллагууд ажиллах болно. Энэ асуудлаар 2013 онд Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Эрүүгийн мөрдөн байцаах үйл ажиллагаа явуулж байгаа учир тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. 2017 оны наймдугаар сарын 22-нд Лондоны Арбитрын захиргааны хэргийн шүүхээс гаргасан хүсэлтэд “Эрдэнэт үйлдвэр” хариу өгөөгүй юм байна лээ.

 

Эх сурвалж: Үндэсний шуудан
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
54223
1 эможи
keyboard_arrow_up