“Эрдэнэт”-ийн маргаанаар улстөрийн ШОУ хийгээд эхэллээ

2018 оны 2 сарын 12

ЭРДЭНЭТ зурган илэрцүүд

'Эрдэнэт' үйлдвэрийн 51 хувьтай холбоотой асуудлаар УИХ дахь Авлигын эсрэг парламентын бүлэг мэдээлэл хийж, Засгийн газраас энэ тухай нарийн мэдээлэл авахыг хүсч буйгаа илэрхийллээ. Энэ бүлэгт УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Энхбаяр, Л.Оюун-Эрдэнэ нар багтдаг аж.

Уг мэдээллийн үеэр гишүүд чухам юу өгүүлснийг сийрүүлье.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Жаст” группийн захирал Ш.Батхүүг “Эрдэнэт”-ийн тамга тэмдгийг хуурамчаар үйлдэж, баталгаа гаргуулсан гэж ярьдаг. Гэвч энэ хэрэг дээр ажилласан нэр бүхий хүмүүс хэвлэлээр ярихдаа “Стандарт” банкнаас зээлсэн мөнгө “Эрдэнэт”-ийн гадаад дахь харилцах дансаар орж, гарсан гэдэг. Тэгэхээр яав ч хэн нэгний өмнөөс хуурамчаар баталгаа гаргасан байх боломжгүй гэж харагдаж байгаа юм” гэжээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын нэр бүхий гишүүд жирийн иргэдээс хавь илүү мэдээлэлтэй байгаа нь харагдаж байна. Нөгөөтэйгүүр хэрэгт холбогдол бүхий этгээдүүд бүх бурууг Ш.Батхүүд тулгаж байгаа ч байдал арай өөрөөр магадлалтай ажээ.

Тэгвэл УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ талаар “Эрдэнэт”-ийн 51 хувьтай холбоотой анхаарал хандуулах ёстой олон асуудал байна. Энэ асуудал 2013 оноос хэвлэлээр гарч эхэлсэн. Яг үнэндээ УИХ-ын гишүүд ч хүртэл мэдээлэл, ойлголтгүй явж байгаа. Энэ зээлийг олгоход хэн баталгаа гаргасан, Монгол Улсын хууль тогтоомжид нийцсэн юм уу, үйлдвэрийн ногдол ашгаас хэдэн төгрөг хүү торгуульд өгч байгаа гэх мэт мэдээллийг зайлшгүй тодруулах шаардлагатай байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “Нууц биш мэдээллийг нууц гэж тайлбарладаг, бодит мэдээлэл өгдөггүй байдал даамжирч байна. “Эрдэнэт” үйлдвэр, авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой асуудлаар манай Авлигын эсрэг парламентын бүлэгт хандаж болно. Бид УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд Ерөнхий сайдад асуулга тавих юм уу, бэлэн материал өгч болно. Ингэснээр хардлага дагуулсан асуудалд цэг тавина. 2018 оны Засгийн газар хариуцлагын жил болгон зарлаж байгааг дэмжиж байна. Гэхдээ энэ бол үг биш үйлдэл байх ёстой. Авлигатай холбоотой олон асуудал гардаг ч, хэн ч хариуцлага хүлээдэггүй” гэсэн байв.

Эндээс харахад, Эрдэнэттэй холбоотой дуулиант асуудалд одоо төрийн томчууд л хариулт өгөх үлдэж байна. Мөн уг хэргийн тухайд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Энэ бол нам бүлгийн асуудал биш, улс орны эрх ашгийн асуудал. Хэрэв буруутай бол хуулийн өмнө хэн ч байсан хариуцлага хүлээх ёстой. Муу муухайгаа намын нэрээр нуудаг, намын нэр барьдаг зүйтэй бид санал нийлэхгүй. Ардын нам шударга бус зүйлтэй тэмцэж чаддаг байж ард түмнээ манлайлах, ёс суртахууны эрх нээгдэнэ. Хэн ч байсан хуулийн өмнө хариуцлага хүлээх ёстой” хэмээсэн юм.

Хамгийн гол нь, эдгээр нэр бүхий гишүүн УИХ-ын чуулганы хаалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгаас энэ тухай асуултад хариу хүссэн. Гэтэл байдал тун сонирхолтойгоор өрнөсөн. Тодруулбал Ж.Энхбаяр “Эрдэнэт үйлдвэрийг барьцаалсан тухай үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл цацагдаж байна. Бидэнд мэдээлэл бүрхэг байна, зөрүүтэй мэдээллүүд их байна. Та энэ талаар мэдээлэлтэй байгаагийн хувьд бодит мэдээлэл өгөөч” гэсэн юм.

Харин Ерөнхийлөгч Х.Баттулга “51 хувьтай холбоотой Арбитрийн шүүхийн шийдвэртэй холбоотой бичиг баримтыг хариуцсан байгууллагуудаар дамжуулан мэдээлэл авч байна. Өнөөдөр би Эрдэнэтэд 19.30 цагт уулзалт хийхээр товлосон. Цас ихтэй, шуургатай байгаа тулд яаралтай замдаа гарах хэрэгтэй байна гээд асуулт тавихаар нэрээ өгсөн гишүүдийн асуултад хариулах боломжгүй байна” гэсэн.

Харин хэвлэлүүдээр Ерөнхийлөгчийн энэ хариултыг Эрдэнэтийн асуудлаас бултаж буйгийн нэг илрэл гэж бичиж байна.

Гэтэл Ерөнхийлөгч маань Эрдэнэтэд иргэдтэй уулзах үеэрээ мөн л анхаарал татам юм ярьжээ. Тэрбээр “Би Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байхдаа энэ үйлдвэрийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Ц.Даваацэрэнгээс уг асуудлын талаар тодруулж байсан. Хэрвээ хуурамч гарын үсэг зурж зээл авсан бол хуурамч гарын үсэг зурсантай холбоотойгоор асуудал шийдэгдэнэ гэж бодож байсан. Харамсалтай нь, сая “Стандарт” банкны талд Арбитрын шүүхийн шийдвэр гарлаа. Тэгэхээр гарын үсэг хуурамч биш юм байна, хуйвалдсан асуудал байна гэдэг нь шүүхээр тогтоогдож байна гэсэн үг. Анх “Стандарт” банктай “Жаст” групп 2009 оны долдугаар сарын 8-нд, 2010 оны наймдугаар сарын 5-нд гэрээ байгуулж зээл авсан байна. Би холбогдох байгууллагуудаас нь бичгээр тайлбар авч байгаа. Удахгүй энэ талаар Засгийн газар болон бусад байгууллагад хандана. Иргэдийн бодоод байгаа шиг юу, юугүй 51 хувийг нь хураагаад авахгүй байх. Хэлэлцээрээр шийдэгдэх байх гээд  Булган, Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзчихаад Эрдэнэтэд ирж тодорхой асуудлаар хүмүүстэй уулзана” гэжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын байр суурь чухамдаа Эрдэнэтийн асуудал шийдэгдэх үү, үгүй юу гэдгийг хэлээд өгч байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганы хаалтын үеэр Х.Баттулга энэ талаар олигтой ганц үг ганхийгээгүй атлаа орон нутгийн уулзалтын үеэр иргэдийг шуугиулахаар хариулт өгсөн байх юм.

Тэгэхээр “Эрдэнэт”-ийн асуудал улстөржилтийн золиос болоод дуусах нь уу гэх хар өөрийн эрхгүй төрөх аж. Өөрөөр хэлбэл, өнөөгийн улстөрийн нөхцөл байдлаас улбаалж Засгийн газар Эрдэнэтийн маргаанд бодитоор хандах боломжгүй байгаа бололтой.

Иймд Эрдэнэт 2020 оны их улстөржилтийн хамгийн том сэдэв болох нь дамжиггүй. Нөгөөтэйгүүр бидний байр байдал иймэрхүү байгаа нь олон улсад дэгдсэн маргаанд нөлөө үзүүлж чадахгүй гэх ойлголтыг олон нийтэд өгч байна.

Болсон явдлыг товчхон эргэн сануулахад, 2009 онд “Жаст” компанийн Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг Засгийн газраар баталгаа гаргуулан Өмнөд Африкийн Стандарт банкинд 109 сая ам долларын барьцаанд тавьсан гэдэг. “Жаст” компани дампуурч, Ш.Батхүү зээлээ төлж чадахгүй нь тодорхой болов.

“Жаст” компанид зэлсэн 109 сая доллар,  зээлийн хүүгээ олж авахын тулд Стандарт банк олон улсын Арбитрын шүүхэд хандсан бөгөөд Арбитрийн шүүхээр Эрдэнэт үйлдвэр буруутай нь тогтоогдож эхний ээлжинд 58 сая доллар төлөх ёстой гэсэн шийдвэр гарсан байна. Энэ мөнгөний 10 гаруй сая доллар нь Эрдэнэт үйлдвэрээс 20 гаруй сая доллар нь Жаст группээс гарсан. Зээлийн эргэн төлөлт, хүү, торгууль,алданги, хуулийн компаниудын болоод шүүхийн зардал зэргээр цаашид 75-100 сая төгрөг төлөхөөс өөр аргагүйд хүрээд байна.

Дараагийн шатны шүүх хурал 03 сарын 20 д зарлагдсан байна. Төрийн өмч бодлого зохицуулалтын газрын дарга Ням.Осорын хэлснээр Эрдэнэтийн 51 хувийн асуудал олон улсын шүүх дээр байгаа. Асуудал өөрөө нууцын зэрэглэлтэй учраас ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй, тодорхой мэдээлэл ч байхгүй гэнэ. Зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд л мэдэж байгаа аж. Эрдэнэт үйлдвэрийн 51 хувь хэзээ гадаадын банкны барьцаанаас гарахыг хэн ч хэлж мэдэхгүй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53717
0 эможи
keyboard_arrow_up