Асашёорюү Д.Дагвадорж улстөрийн алиа салбадай болсон уу

2018 оны 1 сарын 31

Arslan.mn

Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдтэй уулзаж, тулгамдсан асуудлыг бодит байдлаас мэдэх зорилгоор аймаг, дүүргээр уулзалт хийж яваа. Харин саяхны нэгэн өдөр Ерөнхийлөгч Х.Баттулга Сонгино хайрхан дүүргийн иргэдтэй уулзах үеэр Асашёорюү Д.Дагвадорж давхиж очсон харагдав. Түүнийг “Аса явуулын станц”-ынхаа үүргийг гүйцэтгэх гээд иржээ хэмээн бодож байтал харин ч нэг халуу дүүгтэл харь элэгийн хүн шиг ахыгаа муулаад авсан нь цугласан олныг бага зэрэг гайхшруулаад авсан гэхэд болно.

Тодруулбал тэрбээр “Би 2008 оноос хойш Сонгино хайрхан дүүргийн иргэдэд Японы тусламжаар эмнэлгийн найман ширхэг машин явуулсан. Харин үүнийг маань  Д.Тэрбишдагва, Д.Сумъяабазар тэргүүтэй хүмүүс өөрсдийнхөө пи ар болгоод алга болгосон. Өнөөдөр тэр машинууд хаана байна. Ц.Сандаг-Очир тэргүүтэй Д.Сумъяабазарын цэргүүдтэй хариуцлага ярих ёстой. Сонгино хайрхан бол хамгийн бохир, их гэмт хэрэг үйлдэгддэг дүүрэг. Иргэдийн хурлын 9 хүн сард 4 сая, улирал болгон 12 сая төгрөг авч байна. Яагаад нийлээд нэг цэцэрлэг барьж болдоггүй юм бэ? Д.Сумъяабазар ганц л сургууль барьсан байсан. Бусад нь яав аа? Миний ах УИХ-ын гишүүн байх нь хамаагүй, бид нэг л агаараар амьсгалж байгаа” хэмээн ярьсан юм.

Их аварга маань ахыгаа чухам ямар учраас ийнхүү “доош нь” хийснийг мэдэхгүй. Д.Дагвадоржийн энэхүү үйлдэл нэг талаараа шударга мэт харагдсан ч нөгөө талаас нь харвал улс төрийн шоу хийж байгаа мэт санагдсаныг нуух юун.

Түүний хэлснээр бол тэрбээр 2008 оноос хойш Сонгино хайрхан дүүрэгт ямар ч УИХ-ын гишүүнээс дутахааргүй ажил хийж санаа тавьжээ. Гэвч бодит байдал дээр тийм биш гэдгийг тус дүүргийн иргэдийн сошиал сүлжээнд илэрхийлсэн үг хийгээд үзэл бодлоос бэлээхэн харж болохоор байна. Мөн тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар Д.Дагвадоржийн хэлсэн үгс бүгд худал гэдгийг ч батлан ярьжээ. УИХ-ын гишүүн Х.Нямбаатар ярихдаа, “Сонгино хайрхан дүүрэгт Д.Дагвадоржийн зүгээс нэг ч төгрөгийн тусламж дэмжлэг үзүүлсэн зүйл огт байхгүй. Мөн түүнчлэн Япон улсаас Сонгино хайрхан дүүрэгт татаж авчирсан төсөл хөтөлбөр ч огт байхгүй. Өөрөөр хэлбэл, үндэслэлгүй мэдээллийг иргэд олон нийттэй уулзахдаа Д.Дагвадорж хийсэн байна лээ. Аливаа зүйл баримт нотолгоотой байх ёстой.

2008 оноос хойш 2018 оны хооронд би Сонгино хайрхан дүүрэгтэй ажил амьдарлаа холбож яваа хүний хувьд хэлэхэд, Д.Дагвадорж нь нэг ч төгрөг, нэг ч төсөл хөтөлбөр тус дүүрэг дээр татаж авч ирж хөрөнгө оруулсан зүйл байхгүй. Харин 2013 онд Д.Сумъяабазар гишүүний тойрог дээр хуучин эмнэлгийн машин өгсөн байдаг юм билээ. Ер нь дандаа сонгуулийн сурталчилгаа шиг тархи угаасан, худал мэдээлэл цацаж явахаа болих хэрэгтэй” хэмээн яриад “Би буруу санаагүй бол та сонгуульд нэр дэвшээд иргэдтэй уулзаад явж байхад Асашёрюү Д.Дагвадорж “Х.Нямбаатарыг дэмжээч ээ” гээд таныг сурталчлаад байсан санагдах юм. Харахад ах дүү хоёр маргалдаад байгаа юм шиг санагдаад байх юм” гэсэн сэтгүүлчийн асуултад,  “Д.Дагвадорж намайг  сайндаа ч дэмжээгүй байх аа. Циркийн хувьчлалын асуудлыг хөндөж тавьсан учраас О.Магнайд өшөрхсөндөө л намайг ирж дэмжсэн байх” гэх хариултыг өгсөн нь үнэний ортой.

Х.Нямбаатарын хэлсэн, ярьснаас харахад Д.Дагвадорж аварга нэг ширхэг машин өгснийгөө зургаан ширхэг машин өгсөн болгон шоудсан гэдэг нь хэнд ч тодорхой байна. Тэгвэл юуны учир Д.Дагвадорж аварга ийнхүү барин тавин худлаа ярьж, сонгино хайрханы иргэдэд огт үзүүлээгүй тусламжаа “Хаана байна” хэмээн нэхэв гэдэг сонирхолтой.

Иргэдийн хэлэх нь Сонгино хайрхан дүүргийнхэнд бодит тусламж үзүүлж явсан сүмоч бол Д.Дагвадорж бус Кёкүшюзан Д.Батбаяр гэнэ. Учир нь Кёкүшюзан Д.Батбаяр 2008-2012 онд  УИХ-ын гишүүнээр ажиллаж байх хугацаандаа  “Кёкүшюзан сан”-гаараа дамжуулан эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх мэт 50 гаруй бүтээн байгуулалтад хөрөнгө оруулсан байна. Кёкүшюзан Д.Батбаяр энэ тухайгаа нэг ч удаа сайрхан яриагүй байхад 2008 оноос хойш Сонгино хайрханчуудад тусламжийн гараа сунгасаар ирсэн гэж улаан цайм худал ярих нь Д.Дагвадоржийн хувьд арай л ёс зүйгүй мэт.

Нөгөөтэйгүүр Д.Дагвадорж нь зодог тайлж, улстөр сонирхох болсон цагаасаа зан характерийн хувьд илтэд эвдэрсэн талаар ойр тойрныхон нь ярилцдаг аж. Энэ нь ч цахим сүлжээнд ил тодорхой харагддаг. Олны танил хүн гүдэсхэн гүндүүгүй, хэлэх гэснээ хэнээс ч эмээлгүй хэлдэг байж болно. Гэхдээ бүдүүлэг, ёс зүйгүй, бусдыг хараан зүхэж үгийн муугаар үзэл бодлоо илэрхийлнэ гэдэг байж боломгүй зүйл юм. Ойрмогхоны нэгэн жишээ дурдахад, нэрт нийтлэлч Баабарыг тэрбээр, “Атийсан новш” хэмээн доромжилсон бол “Уянга гэж ац царайлсан алмас минь битгий хор гүйлгээд байгаарай” хэмээн хэн нэгэн Уянгад хаяглан бичсэн үгийг нь иргэд олон нийт Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянгад ханджээ гэж ойлгосон. Улмаар Аса аваргын энэхүү жиргээнээс “Ерөнхийлөгчийн баг дотроо тав хуваагддаг гэсэн. Ямар ч байсан баталгаатай Аса, Уянга нар өөр хоорондоо алалцдаг нь үнэн юм байна” гэх дүгнэлт хийхэд хүргэж байхав дээ. Ямартай ч Аса аварга сүүлийн үед ялих, шалихгүй хов жив ярин цахим орчинд шоуддаг болсны тодорхой жишээ бол энэ юм.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлсэн шиг Д.Дагвадорж үнэхээр сонгуулийн сурталчилгаа шиг тархи угаасан, худал мэдээлэл цацаж улстөр хийж явдаг нэгэн мөн үү, гэвэл яах аргагүй мөн. Энд нэг зүйлийг баталгаатай хэлэхэд мань эр хаана л сенсаци гарна тэнд дэгдэж явдаг нэгэн болохыг өнгөрсөн хугацаанд монголчууд бид цөөнгүй удаа харцгаасан билээ. Тухайлбал, 2012 оны 4 сарын 12-ны өдөр Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг баривчлах үеэр амьсгаа өндөртэй давхиж явсан тэрбээр 2016 оны хавар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгыг баривчлах сургаар мөн л Баянгол зочид буудал дээр баахан бөхчүүд дагуулж очин сэтгүүлчдэд ярилцлага өгөн гол дүрд тоглож явсныг олон түмэн мартаагүй байх.

Х.Нямбаатар “Д.Дагвадорж намайг  сайндаа ч дэмжээгүй. Циркийн хувьчлалын асуудлыг хөндөж тавьсан учраас О.Магнайд өшөөрхсөндөө л намайг ирж дэмжсэн” хэмээн ярьжээ. Тэгвэл Д.Дагвадоржийн дургүйг хүргэж, О.Магнайгийн илчилсэн циркийн хувьчлал гэж юу вэ? Энэ талаар цухас мэдээлэл хүргэе. 

Д.Дагвадоржийн “Аса консталинг” ХХК нь циркийг хувьчилж авсныхаа дараа өөрийн байгууллагын нэрийг “Рояал Плаза” ХХК болгон өөрчилсөн аж. Гэтэл “Рояал Плаза” ХХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай үндэсний циркийн урын санг баяжуулах үйл ажиллагааны чиглэл бүхий Монгол Үндэсний цирк компанийг үүсгэн байгуулсан ч, хэрэг дээрээ тэс эсрэг байр суурьтай байна хэмээн О.Магнай ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхдаа мэдэгдэж байв. Тус Цирк 6 хэсгээс бүрддэг ч ганцхан хэсэгт нь л циркийн үйл ажиллагаа явагдаж, бусад хэсэгт худалдаа үйлчилгээ явагдаж байгаа учир зориулалтын бусаар ашиглаж байна. Ингэхээ боль гэсэн шаардлагыг О.Магнай Аса аваргад тавьсан юм.  Гэсэн хэдий ч Д.Дагвадорж “Аса” циркийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байхад гүтгэж байгаа учир хатуу тэмцэхээ илэрхийлж, үгэндээ ч эзэн байж өнөөг хүртэл өш зангидсаар яваа аж. Товчхондоо бол Асашёрюүгийн зүгээс О.Магнайг үзэн ядах болсон шалтгаан нь ердөө л энэ юм байна.

Д.Дагвадорж нэгэнтээ,  “Би Их Хуралд ороод дөрвөн жил тэнд юу хийх юм бэ. Би харин хөрсөн дээрээ буумаар байна. Энэ улс төрчид ард түмэн, ард түмэн гээд л тархийг нь угаагаад байх юм. Би ч гэсэн ард түмний нэг хэлтэрхий биз дээ. Би ингэж тархиа угаалгамааргүй байна” хэмээн ярьж байжээ.

Тэгвэл өдгөө түүний энэ мэт байр суурь 360 градус өөрчлөгдсөн бололтой. Учир нь тэрбээр өнөөх үзэн яддаг улстөр гэгчдээ орж, ямар ч өртгөөр хамаагүй УИХ-ын гишүүн болохын тулд өөрийн нэр хүндээ ашиглан худал үнэн мэдээлэл тарааж, өөрийнх нь хэлсэнчлэн ард түмнийхээ тархийг угааж явааг хараад монголчуудынхаа хүндэтгэлийг нэгэн цагт хүлээж асан Аса аварга маань улстөрийн алиа салбадай болоо юу даа гэх харамсалт бодол төрснийг нуух юун.
 
Х.Онон
Эх сурвалж: Зууны мэдээ сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
53168
2 эможи
keyboard_arrow_up